П.Наранбаяр: ОХУ-ын бодлогыг Монголд үргэлжлүүлдэг байж болохгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Монгол Улсын гадаад бодлого, өнөөгийн нөхцөл байдлын талаар олон улс судлаач, доктор П.Наранбаяртай ярилцлаа.


-Манай улсын гадаад харилцааны түүх, геополитикийн үндэс хэзээнээс эхлэлтэй талаар ярилцлагаа эхлүүлье?

-Монгол Улсын геополитикийн орчин нөхцөл аль 1911 онд шийдэгдчихсэн гэж хэлж болно. Тухайн үед Богдхаант Монгол Улс байгуулагдаад Их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх хүндхэн хэлэлцээний асуудал тулгарсан. Тэр үед Монголд Оросын Эзэн хааны бие төлөөлөгчөөр  И.Я. Коростовец дараах зорилготой орж ирсэн. Нэгдүгээрт, Монголыг Бээжингээс салгаж, Оросын нөлөөний хүрээнд оруулах. Хоёрдугаарт, Өвөр Монголтой нэгдмэл Монгол Улс байхыг эсэргүүцэж байсан. Үүний цаана Орос, Японы дайны нөхцөл байдал ч нөлөөлсөн. Тус дайнд Орос ялагдсан. Энэ дайн өнөөгийн ОХУ, Украины дайнтай их төстэй. Тухайн үедээ дөнгөж хүчирхэгжиж гарч ирсэн Япон, Евро Азийн их гүрэн нэгэнт болчихсон байсан Оросын эсрэг боссон. Улмаар алс Дорнодод япончууд Оросыг бут цохисон. Оросын Хар тэнгисийн флотыг нь Шар тэнгист аваачиж хаясан.

Түүхэнд япончууд Оросыг бут ниргэсэн ч гэж ярьдаг. Ийнхүү Японы ялалт тодорхой болж ирсэн. Хожим хоёр улсын хооронд АНУ зуучилж, Орос, Япон бие, биенийгээ хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Улмаар дээрх хоёр улс өөрийнхөө нөлөөний хэсгийг хуваахдаа Япончууд Өвөрмонголын хэсгийг, Оросууд нь  Ар Монголыг нөлөөнийхөө хүрээнд авахыг хүлээн зөвшөөрчихөж байгаа юм. Тухайн үед уг асуудалд “суларчихсан” Манж Чин гүрэн /Хятад/ оролцохгүй нь ойлгомжтой байсан. Ийм нөхцөл байдал дунд өнөөгийн Монгол Улсын геополитикийн үндсэн суурь үүссэн. Өөрөөр хэлбэл, Монголыг Өвөрмонголоос нь салгаад Ар Монголыг тусад авч үзнэ.

Гэхдээ бүрэн тусгаар тогтнуулахгүй гэсэн байр суурь дээр И.Я.Коростовец хатуу зогсож байсан гэсэн үг. Монголын тусгаар тогтнолыг Орос 1945 онд л бүрэн хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Түүнээс наана манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Жишээ нь, 1921 онд хийсэн хэлэлцээнүүдийг хар. Гарын үсэг зурсан хүмүүс нь гэхэд Оросын талаас энгийн нэг газар, хэлтсийн  орлогч этгээд байгаа бол манай талаас төрийн удирдах төвшний томоохон төлөөлөгчид нь байх жишээтэй. Ингэж явсаар 1945 онд Хиагтын гэрээний дараа л статус квогоо хүлээн зөвшөөрүүлсэн. Статус кво гэдэг нь байгаа байдлаар нь хүлээн зөвшөөрөхийн л нэр. Гэхдээ тухайн үед манай улс харьцангуй бие даасан, тусгаар тогтносон байдалтай байсныг их гүрнүүд  хүлээн зөвшөөрч эхэлсэн. Монголын геополитик, гадаад харилцааны түүхээс сөхвөл ийм байна.

-Монгол Улс, БНХАУ-ын хоорондын геополитикийн түүхээс яривал?

-БНХАУ 1949 онд байгуулагдахад хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн улсуудын нэг нь Монгол. Мөн тухайн үеийн Мао Зэдуний Хятад улс ч Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Улмаар манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон байдаг. Түүний өмнө Чан Кайшигийн засаг байсан. Тухайн үед  Монголын тусгаар тогтнол, статус квог хүлээн зөвшөөрөхгүй маш шаргуу дипломат тэмцэл хийж байсан нь түүхээс шууд харагддаг. Дээр дурдсан түүхэн нөхцлөөс харвал хоёр хүчирхэг гүрний дунд тусгаар тогтнолоо хадгалж үлдэж чадсан Монгол Улс геополитикийн асар их нөөц байгааг харуулж буй юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр их гүрний аль, аль нь Монголыг залгиж чадахгүй. Харин ч манай улсыг хүчний тэнцвэрийнхээ бамбай байдлаар харах үндэстэй. Тиймээс Монгол Улс нэгэнт ийм геополитиктой юм чинь гадаад бодлогоо өвөрмөц байдлаар авч явах ёстой гэж боддог.

-Гадаад бодлогоо өвөрмөцөөр авч явна гэдгээ тайлбарлахгүй юу. Манай улс ямар бодлогыг гадаад харилцаандаа чиг баримжаа болгож явах ёстой вэ?

-Хоёр зүйлийг энд онцлох хэрэгтэй. Нэгдүгээрт, олон тулгуурт гадаад бодлого. Хоёрдугаарт, гуравдагч хөршийн харилцаа. Олон тулгуурт гадаад бодлогыг манай улс 1994 онд баталж, 2011 онд нэг удаа шинэчилсэн байдаг. Энэ бүхний талаар ярихын тулд бид зарим зүйлийг мэдэж байх учиртай. Тухайлбал, их гүрэн гэж юу вэ. Их гүрнүүдийг дөрвөн үзүүлэлтээр хэмжиж үздэг. Цэрэг, эдийн засаг, газар нутаг, хүн ам гэсэн үндсэн хүчин зүйлсээр тухайн улсын хүчийг тодорхойлдог. Үүгээр хэмжээд үзвэл, манай улс яалт ч үгүй хүчгүй орон юм. Гэхдээ Монгол Улсын өвөрмөц онцлог байгаа нь манай ардчилал. Өөрөөр хэлбэл, Путиний засаглал, Ши Жинпиний засаглал авторитар дэглэмтэй. Энэ бол маш эмзэг дэглэм.

Сүүлийн үеийн мэдээллээс харахад, өнөөдөр Путин яачихсан ч байж магадгүй байна. Ши Жинпинийг Ли Көцян /Ерөнхий сайд/ нь унагаачихсан ч байж магадгүй байна. Мэдээж мэдээлэл хаалттай нийгэмтэй учраас үнэн худлыг нь одоогоор батлах боломжгүй. Гэхдээ ийм байх тусмаа  засаг төр нь хүчтэй юм шиг харагддаг ч цаанаа “Цаасан бар” ч гэж тодорхойлдог. Үүнийг бид сайн ухамсарлах ёстой. Ардчилсан нийгэм, парламентын засаглал бол манай улсын тусгаар тогтнолын маш онцгой баталгаа. Тиймээс гадаад бодлого энэ чиглэл рүү төвлөрөх ёстой.

-Ардчилал  манай улсын тусгаар тогтнолын үнэт зүйл. Үүн дээрээ чиглэсэн гадаад бодлого явуулна гэсэн үг үү?

-Энд нэг зүйлийг сайн ойлгоорой. Үнэт зүйл дээр тулгуурласан гадаад бодлогыг ганцхан их гүрэн л явуулах боломжтой. Бага, буурай оронд боломжгүй.

-Жишээ нь, манай улс ОХУ, Украины асуудал дээр ямар үзэл баримтлалаар хандах хэрэгтэй гэж бодож байна?

-Энэ асуудлыг тайлбарлахын тулд нийгмийн ухааны үндсийг ухаж ойлгох хэрэгтэй. Төр, нийгэм хоёрыг салгаж, энэ хооронд гүн ангал байна гэж үздэг. Харин энэ хоёрын хооронд итгэлцэл гэх “гүүр” бий. Харин төр, нийгэм хоёрыг нэг зүйл мэтээр ойлгодог хүмүүс бий. Гэтэл энэ чинь тусдаа асуудал. Төрийн бодлого нийгмийн өнгө аясын тусгал байж болох. Нөгөө талдаа нийгэм өөрөө эрх чөлөөтэй дуугарч болно. Харин төрд өөрийн гэсэн бодлого байгаа учраас тэрхүү бодлогоо л дагана. Тиймээс эрх барьж байгаа төрийн түшээд бодлогоо баримтлах нь зүйн хэрэг. Харин нийгмийн үзэл бодлыг бүрдүүлж байгаа сөрөг хүчний нам, тэдгээрийн төлөөлөл өөрсдийн эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй.

Энэ утгаараа Оросыг буруушааж жагсаж байгаа хөдөлгөөнүүдийг зөв л гэж бодож байна. Би хувь хүний тухайд байр сууриа илэрхийлэхэд, Оросыг дэмжиж чадахгүй. НҮБ-аас 1945 онд байгуулсан олон улсын дэглэмийг  ОХУ ноцтой зөрчсөн. Нэг тусгаар тогносон улс руу нөгөө тусгаар тогтносон улс нь зэвсгийн  хүч хэрэглэнэ гэдэг НҮБ-ын дүрмийг ноцтой зөрчсөн хэрэг. НҮБ-ын дүрмээр зөвхөн аюулгүйн буюу нэгэн улсын энх тайванд заналхийлэл учирсан тохиолдолд л зэвсгийн хүч хэрэглэнэ гэдэг. Түүнээс өөрөөр цэрэг зэвсгийн хүчийг аль нэг улс дур мэдэж нэг, нэгнийхээ өөдөөс ашиглаж болохгүй.

-Ийм байхад манай улс ОХУ-ыг шууд буруушаасан мэдэгдэл хийж болдоггүй хэрэг үү?

-Нөгөө л геополитикийн нөхцлөө бодох хэрэгтэй. Хэдийгээр засаглал нь хэврэг ч гэсэн манай хоёр хөрш их гүрнүүд. Тиймээс манайх бага буурай улсын хувьд ямар нэгэн үнэт зүйл дээр тулгуурласан гадаад бодлого баримтална гэдэг хэцүү. Жишээлбэл, хүний эрх, ардчилал дээр тулгуурласан АНУ шиг гадаад бодлогыг бид явуулж чадахгүй. Яагаад гэвэл бидэнд цэрэг, хүн ам, эдийн засаг, газар нутгийн хүч байхгүй.

Тиймээс манай улсын төр, засгаас ОХУ, Украины аль нэгэн талыг илт буруутгаж болохгүй. Энх тайвныг эрхэмлэсэн мэдэгдлүүдээ л гаргаад явах хэрэгтэй. Тийм мэдэгдлийг одоогоор нэг л гаргасан. НҮБ-ын индэр дээр манай улсын байр суурийг бусад улс орнууд ойлгож, хүлээн авч байгаа гэдэгт найдаж байна. Монгол Улс төвийг сахихаас өөр аргагүй. Энэ бол улс оронд байдаг л зарчим. Олон улсын эрх зүйн хүрээнд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. Манай улсын хувьд хамгийн гол зүйл тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг. Түүхээс хараад үзсэн ч манай дипломатчдын үе, үеийн зорьж ирсэн зорилго нь энэ.

-Манай улсын дипломат түүхэнд хамгийн үлгэр жишээ гадаад бодлого хэзээ өрнөсөн байдаг вэ?

-И.Я.Коростовец Монголд ирээд Да лам Цэрэнчимэдтэй ярилцсан тэмдэглэл нь үлдсэн байдаг. Тэр тэмдэглэлээс харахад Ар, Өвөр Монголыг нэгтгэж авч үлдэх гэсэн, дээр нь Богд хааныг хаан чигээр нь хүлээн зөвшөөрүүлэх, түүнээс гадна олон улсын эрх зүйн зарчмыг өндөр хэмжээнд Да лам Цэрэнчимэд ярьж байсан нь түүнийг ямар аугаа, цогтой эх оронч хүн байсныг илтгэдэг. Түүнчлэн дэлхийн түүхэнд Хиагтын хэлэлцээр хамгийн удаан үргэлжилсэн байдаг. Үүнийг дэлхийн дипломатуудын түүхэнд онцгой ярьдаг. Тухайн үед бага буурай жижиг орон том гүрнүүдтэй яаж ойлголцож, тусгаар тогтнолоо авч үлдсэн юм бэ гэж Монголыг биширдэг. Хиагтын хэлэлцээр зорилгодоо 100 хувь хүрээгүй  ч Монголын дипломат үйл ажиллагааны оргил үе байсан гэж би боддог.

-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хоёр хөршөөсөө шууд хамааралтай. Гэтэл  өнөөдөр ОХУ, БНХАУ хоёулаа амаргүй нөхцөлд байна. Тэр дундаа БНХАУ-ын “Тэг ковид” бодлого цаашид яаж үргэлжлэх бол?

-БНХАУ-ын “Тэг ковид” бодлого нь өдгөө тус улсын олон хотод бослого гаргахад хүргэж байна. Мөн БНХАУ-д интернационал дуу тавихад цагдаа нар нь баривчилгаа явуулж байгаа тухай мэдээ гарах боллоо. Уг нь энэ дуу 1949 онд БНХАУ байгуулагдахад өөрийнх нь сүлд дуу байсан.

“Босоцгоо дарлагдсан ардууд аа Боолчлогдсон ертөнц сэрцгээ” гэсэн үгтэй дуу л даа. Үг нь их хүчтэй. Коммунист Хятад орон коммунист дуугаа тавихад баривчилж эхэлж байна. Гэхдээ энэ бол зүгээр жиг, жуг яриа шүү. Тэр жиг, жуг яриа нь хэвлэлүүд дээр нэгэнт гарч эхэлсэн. Бүр цаашлаад БНХАУ-ын Ерөнхий сайд нь Ши Жиньпинийг суудлаас нь бараг л буулгачихсан, ирэх намар болох Хятадын коммунист намын их хурал хүртэл бэлгэдлийн чанартай байлгаж буй тухай ч мэдээлэл цацагдаж байна. Ши Жиньпинийг ийм байдалд хүргэсэн гол шалтгаан нь корона дээр барьсан хатуу дэглэм, хатуу хөл хорио нь. Үүнээс  болж эдийн засаг нь маш ихээр хүндэрч байна. Зөвхөн манай улсад яаж нөлөөлж байгаа билээ. Гэтэл БНХАУ дотооддоо бол бүр л хүндхэн нөхцөлтэй байгаа. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг ковидыг барих нэрээр коммунист бодлогыг хэтэрхий явцуу явуулснаас болж, “Жоомоо шатаах гээд байшингаа шатаадаг” үлгэртэй адил зүйл болсон гэсэн үг.

-Нөгөө талд Путиний засаглал бас л бүрхэг байгаа талаар олон улсын томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж байгаа. ОХУ-ыг Путин хэр удаан удирдах бол?

-Энэ дайнаас улбаатайгаар ОХУ-д дэглэм өөрчлөгдөж магадгүй. Путиний дэглэмийг унагааж болзошгүй. Ер нь ОХУ эмзэг болчихлоо. Гэхдээ манай улсын хувьд тус улстай сайн хөршийн холбоогоо үргэлжлүүлэх нь гарцаагүй. Учир нь манай улс ОХУ-аас эрчим хүч, шатахууны бараг 100 хувь хараат. Тиймээс бид ОХУ-тай аятайхан харьцах ёстой. Гэхдээ ОХУ-ын бодлогыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шууд үргэлжлүүлдэг Засгийн газар байж болохгүй. Ганцхан жишээ хэлэхэд, төмөр замын бодлого байна. Төмөр зам дээр ОХУ-ын эрх ашгийн төлөө л Монголын улстөрчид хүчин зүтгэсэн. Тийм улс төрчидтэй бид тооцоо хийж чадахгүй байлаа ч түүх тооцоо хийнэ. Түүх өршөөхгүй шүү.

-Өнөөдөр манайд “Оросын колони” сэтгэлгээнээсээ салаагүй нөхөд цөөнгүй байна. Зарим тохиолдолд ОХУ ч Монголыг хуучин “цонхоороо” хараад байх шиг зүйл ажиглагддаг?

-Санал нэг байна. ОХУ манай улсыг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалын үе шиг санадаг байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид Оросын эсрэг үзлийг дэвэргэж болохгүй. Нэгэнт бид хавчуулагдсан бага буурай орон гэдгээ мартах учиргүй.

-Монгол Улсын гадаад бодлогын өнөөгийн нөхцөл байдал хэр байна вэ. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс хойш тааруухан болсон гэх шүүмжлэл байдаг шүү дээ?

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед манай гадаад бодлого бараг л үнэт зүйл дээр тулгуурлаж явагдаж байсан гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, хэт хэтрүүлсэн гадаад бодлогыг баримталсан гэж би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг. Яагаад вэ гэвэл, гадаад харилцааг гол зангидах яаман дээр нэмэгдээд Ерөнхийлөгч гэдэг хүн давхар гадаад бодлого явуулдаг болсон. Хурд нь таардаггүй. Шийдвэр гаргах түвшин нэг л байх ёстой. Гэтэл хоёр болж хуваагдсан. Энэ бол аюултай. Амжилтгүй нэг жишээ нь, Хойд Солонгост айлчилсан явдал. Тус улсын Ерөнхийлөгч Ким Жон Унтай уулзана гээд л явсан. Тэр нь бүр Өрнөдийн мэдээгээр гарсан.

Гэтэл очиход манай Ерөнхийлөгчтэй уулзаагүй. Энэ юуг илэрхийлж байна гэхээр Ерөнхийлөгч өөрийнхөө шугамаар уулзана гээд хөөцөлдөөд очсон, ард нь хоёр улсын ГХЯ-ны албан ажил нь явагдаагүй, хоцорсон байсан. Энэ бол асар хортой зүйл. Гэхдээ Ц.Элбэгдоржийн хувьд  гуравдагч хөрш рүү ойртох бодлого сайн хийснийг үнэлэх хэрэгтэй.

-Ер нь гадаад бодлогын гол хүч нь улс оронд томилж буй Элчин сайдуудаас их шалтгаална гэж боддог. Та байр сууриа илэрхийлээч?

-Манай улсын гадаад бодлого маш тогтвортой байх шаардлагатай. Тэр бодлогыг хэрэгжүүлдэг хүн буюу Чингисийн үеэс Төрийн алтан аргамжаа гэж ярьж ирсэн тэр бодлогыг хэрэгжүүлдэг хүн нь Элчин сайдууд. Энх тайван, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцдэг дайчид ч гэж хэлж болно. Ийм албандаа онцгой чадвартай хүнийг тавих ёстой. Харамсалтай нь өнөөдөр манай Элчин сайдуудын чадамж муу байна. “Юу ч хийхгүй, алдаа гаргахгүй явж байвал болоо” гэдэг зарчмаар ажиллаж байгаа нь чамлалттай. Тиймээс гадаад улсад томилж явуулж байгаа элчин сайдуудаа болж өгвөл чадварлаг нөлөө бүхий улс төрчийг сонговол сайн. Жишээ нь, ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ гэх мэтийн манай гадаад харилцаанд голлох жин дардаг улс руугаа зүгээр нэг цэргийн хүмүүс томилоод байж болохгүй. Ер нь олон талт дипломат бодлого дээр маш нямбай ажилладаг, энэ чиглэлд “чанагдсан” хүмүүсээ л томилох хэрэгтэй.

-Манай улсад тийм чадварлаг дипломатчдын нөөц хэр вэ?

-Монголын дипломат албыг басаж болохгүй, сүрхий. Чадварлаг хүмүүс зөндөө бий. Харин томилгоог илүү шударга явуулах хэрэгтэй. Ер нь улс орондоо томоохон нөлөөтэй улс төрчдийг Элчин сайдаар томилох нь зөв сонголт байдаг. Тухайлбал, Ерөнхий сайд байсан С.Баяр ОХУ-д Элчин сайд хийж байсан. Шийдсэн асуудал нь нэлээд дорвитой зүйлүүд байх жишээтэй.

-Монгол Улс одоогоор анхаарах хамгийн чухал асуудал юу байна вэ?

-И.Кант/Германы нэрт филисофич/-ын хэлсэн нэг айхтар үг байдаг. “Ардчилсан тогтолцоотой улс орон хэзээ ч бие, бие рүүгээ дайрдаггүй” гэж. Үнэхээр цэвэр ардчилсан тогтолцоотой улс орон хэзээ ч нэгэн рүүгээ дайрч байгаагүй. Харин авторитар, тоталитар дэглэмтэй улс орнууд л хоорондоо байлддаг. Дэлхийн хоёрдугаар дайныг хар. Өнөөдөр ОХУ, Украиныг хар. Тиймээс тусгаар тогтнолын үнэ цэн болсон ардчиллаа Монгол Улс улам төгөлдөржүүлж, бэхжүүлэх хэрэгтэй. Авлигаас нь салгаж хөгжүүлэх нь чухал. Төгсгөлд дүгнэж хэлэхэд, хамгийн гол нь парламентын ардчилал. Тиймээс үүнтэй  холбогдох асуудал нь сонгуулийнхаа тогтолцоог өөрчилж, Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлт дээрээ анхаарах явдал юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(122.201.21.240) 2022 оны 05 сарын 24

Энэ хүнд олон улсын харилцааны суурь мэдлэг, ойлголт түй ч алга. Сургаар ам мэдэн бурлаа даа. Эба төрийн гадаад бодлогыг самарсантай бол санал нийлж байна.

0  |  0
Z(103.229.123.41) 2022 оны 05 сарын 24

ЭНэ ХУЖАА ДОКТОР БАЙСАН ЮМ УУ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ҮГҮЙСДЭГ ХҮН ДЭЭ

0  |  0
Цог(202.9.41.106) 2022 оны 05 сарын 24

Өөрийгөө доктор гэж нэрлэсэн ийм тэнэгүүд гадны нөлөөгөөр түүхийг гуйвуулж мэдэмхийрч байна. Түүх түүхээрээ үлдэх ёстой.

0  |  0
зочин(124.158.64.16) 2022 оны 05 сарын 23

наранбаяр хэнийч мэдээжийн л юм ярьсан байнашдээ буруутгаад байх зүйлгүй яльгүй мэдэмхийрсэн байж магад.зарчим нь зөв шүүдээ АН-н хулгайчид АНУ-г л их магтдаг ялангуяа Сосорбарам,юу хийсэн учир төрийн шагнал,гавъяат авсныг хэнч мэдэхгүй өөрөөч тодорхой тайлбарлаж чаддаггүй юм ичдэг байх.одооч тэдний очих газрын хаалга нээлттэй үнэгүй хоол нь ч бэлэн,5 цулын шөл амттай хоол.голох буруу

0  |  1
зочин(124.158.64.16) 2022 оны 05 сарын 23

наранбаяр хэнийч мэдээжийн л юм ярьсан байнашдээ буруутгаад байх зүйлгүй яльгүй мэдэмхийрсэн байж магад.зарчим нь зөв шүүдээ АН-н хулгайчид АНУ-г л их магтдаг ялангуяа Сосорбарам,юу хийсэн учир төрийн шагнал,гавъяат авсныг хэнч мэдэхгүй өөрөөч тодорхой тайлбарлаж чаддаггүй юм ичдэг байх.одооч тэдний очих газрын хаалга нээлттэй үнэгүй хоол нь ч бэлэн,5 цулын шөл амттай хоол.голох буруу

0  |  1
Зочин(202.126.88.53) 2022 оны 05 сарын 25

Наранбаяр доктор ветнам югослав афганистан ирак ливи сири болсон дайнууд бол ардчилсан хүнлэг буянтай сайхан ариун үйлс байсан гэж номлоод байна. Д.Сүхбаатар доктор энэ П.Наранбаяр доктор нар бол бурханаас илүү ухаантай дэлхийн хамгийн мундаг судлаачид мөн тул энэ хоёрт Нобелийн шагнал болон монгол улсын баатар цолыг хурдан олгох шаардлагатай байна. Дэлхий даяараа зуун хувь дэмжинэ.

1  |  1
ШАВЬ(202.21.124.2) 2022 оны 05 сарын 25

П.Наранбаяр доктор шиг хүмүүс л төр засгийг удирдмаар байгаа юм. Мэдлэгтэй, боловсролтой хүн МОНГОЛЫГ авч явна

1  |  1
Ааааа(202.21.108.236) 2022 оны 05 сарын 25

Дэлхий өөрчлөгдөж байна хоцрогдсон доктороо. Дэлхийд шинэ хүчний Төвүүд үүсэж байна. АНУ, Европын орнуудад фашист үзэл хүчээ авч байна, ойрын ирээдүйд Европын улсуудын удирдлагад фашист үзэлтэй улстөрийн хүчнүүд, улстөрчид гарч ирэх нь ойлгомжтой болоод бна. Одоо даяачлалд төгсгөл ирлээ. Хуучнаараа сэтгээд шинэчлэгдэж чадахгүй бол мөн л хоцрогдох нь. Ийм хоцрогдсон, ирээдүйг мэдрэх мэдрэмжгүй багш оюутнуудад лекц орвол муу л үр дагавартай байх даа.

1  |  1
Top