АБГББХ: Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Лүндэгийг сонголоо

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдрийн (2026.05.20) хуралдаан гишүүдийн 55.2 хувийн ирцтэйгээр 12 цаг 46 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн гишүүдийн ирцийг нэр дурдан танилцуулсан юм. Хуралдаанд оролцох ёстой Улсын Их Хурлын 29 гишүүнээс Н.Батсүмбэрэл, Э.Болормаа, Д.Бум-Очир, Л.Гантөмөр, Х.Жангабыл, Б.Жаргалан, С.Лүндэг, П.Наранбаяр, Г.Очирбат, Г.Хосбаяр, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин нар хүрэлцэн иржээ.

Хуралдаанаар эхлээд Тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, тус дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийн нэрийг дэвшүүлж буйг хуралдаанд танилцууллаа. Тэрбээр 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байна. 1999 онд нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургууль, 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгссөн байна. 2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистр, 2014 онд Япон Улсын Саппорогийн Олон улсын их сургууль, төрийн удирдлагын магистр, 2024 онд Монгол Улсын Их Сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль, улс төр судлалын магистрын зэргийг тус тус хамгаалсан байна. 2006-2009 онд Улсын Их Хурлын гишүүний туслахаар, 2010-2011 онд МАН-ын Ажлын албанд, 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын туслахаар, 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслахаар, 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2021-2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ. Тэрбээр 2024 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг Ж.Батжаргал гишүүн танилцуулав. Түүний Улсын Их Хурал, Засгийн газарт ажилласан туршлага, мэдлэг, чадварыг харгалзан Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байгаа гэлээ.

Дээрх танилцуулгатай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тусгай хяналтын дэд хороо нь хууль хяналтын байгууллагуудын тусгай ажиллагаанд хяналт тавьдаг онцгой хариуцлагатай нэгж болохыг Л.Гантөмөр гишүүн тэмдэглээд, дэд хорооны дарга аливаа нөлөөллөөс ангид байж, хууль дүрмийн хэрэгжилтийг чанд сахиулах ёстойг анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, төрийн онц чухал, маш нууц төсөл хөтөлбөрүүд тус дэд хороогоор дамждаг тул нэр дэвшигчийг ёс зүй, хариуцлагын өндөр түвшинд ажиллахыг хүслээ.

Ингээд Улсын Их Хурлын гишүүн С.Лүндэгийг Тусгай хяналтын дэд хорооны даргаар сонгохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь дэмжив.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top