Амьд донорыг сувилж, амьгүй донорт тэтгэмж өгөх төслийг дэмжив

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Чуулганаар Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг дэмжив. 

МЭДЭЭЛЭЛ

2021 оны есдүгээр сараар 2022 оны гуравдугаар сар хүртэл буюу зургаан сарын хугацаанд гадагшаа явсан нийт 26 гэр бүлийн өргөдлийн дагуу асуудлыг шийдэхэд 7.5 тэрбум төгрөг гадаадад зарцуулсан байна. Энэ дунд чөмөг шилжүүлэх суулгах – 3 хүн, элэг шилжүүлэх суулгах – 11 хүн явснаас тэдгээр хүмүүсийн гаргасан зардлын таван хувьд буюу 371 сая төгрөгийг олгох шийдвэр энэ долоо хоногт гаргаж байгаа аж. Гэтэл улсын төсвөөс энэ чиглэлд зарцуулах зардал 500 сая төгрөг байдаг. Энэ хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр гадагшаа явах урсгалд нэмэр болно гэж үзээд хуулийн төслийг санаачилжээ.

Монголд 21-25 насныхан харьцангуй эрүүл бүлгийнхэн байдаг тул донорын насыг 21 болгосноор 235 мянган иргэн гэр бүлийнхэндээ донор болох боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар 25 нас хүрсэн, цусан төрлийн хүн донор болж болох хуулийн заалттай. Энэ зохицуулалтын гол зорилго нь эд, эрхтний наймаанаас сэргийлж байгаа аж. Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д  2021  онд хоёр удаа өөрчлөлт  оруулсан хэдий ч одоогийн мөрдөгдөж буй хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул зарим харилцааг зохицуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болсон гэж хууль санаачлагч танилцуулж байв.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд донорын насны доод хязгаарыг багасгах, амьгүй буюу тархины үхэлтэй донорын гэр бүлд үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгох, донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороог байгуулах, донорын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах эрх зүйн орчныг бий болгох тухай зэрэг зохицуулалтыг тусгаж байгаа бөгөөд хуулийн төсөлтэй хамт холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх юм байна.

Донорын тухай (шинэчилсэн найруулга) хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой болно гэжээ. Үүнд: 

1.Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтнээ бусдад шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдэнэ. (Одоо мөрдөгдөж байгаа хуульд 25 нас гэж заасан)

2.Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болно. (Донорын нэгдсэн бүртгэл ил тод, нээлттэй болно)

3.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллана.

4.Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг  үзүүлэх эрх зүйн орчин бий болно.

5.Амьд донорууд жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулах эрхтэй болно.

Түүнчлэн, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд амьд донорыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд жилд нэг удаа үнэ төлбөргүй сувилуулах, амьгүй донорын оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгох боломжтой болно. Хуулийн төсөл батлагдсанаар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний хүрээ нэмэгдэж, гадаад руу гарах мөнгөн урсгал буурч, иргэдийн амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрх хангагдана гэж хууль санаачлагчид үзсэн байна. 

Сануулахад, Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан бөгөөд 2012 онд нэмэлт, өөрчлөлт хийгдэж, Донорын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2018 оны 01 дүгээр сарын 19-нд УИХ-аас баталсан билээ. Тус хуулиар хүний эрүүл мэндийг хамгаалах, бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахын тулд хүмүүнлэг сэтгэлээр сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, амьд болон амьгүй донорын эд, эрхтэнг шилжүүлэн суулгах зорилгоор авах, цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, донорын үйлсийг сурталчлах, түүнд иргэдийг татан оролцуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байна.

Үүгээр УИХ-ын чуулган өндөрлөв. 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top