Үнэ чөлөөтэй байдаг зах зээлийн эдийн засгийн харилцааны ач холбогдлыг ойлгодог хүмүүсийн тоог яаралтай нэмэгдүүлэхгүй, нийгэм, эдийн засгийн боловсролын тогтолцоог үндсээр нь сайжруулахгүй бол захиргаадалт, дампуурлын үе рүүгээ буцан орж байна.
Эдийн засагч Б.Эрдэнэбаттай “ҮНЭ БА ТӨРИЙН ОРОЛЦОО” сэдвийн хүрээнд ярилцлаа.
-“Залуу үе маань чөлөөт зах зээл, үнийн механизмыг ойлгохгүй бол бидэнд ирээдүй үгүй” гэж бичсэнийг тань уншаад, таньтай ярилцъя гэж бодсон юм.
Сар гаруйн өмнө Төв талбайд жагссан залуус Үнийн өсөлтийг бууруулахыг голлон шаардсан. Ерөнхий хандлагыг нь харахад, гол нь үнэ л буурах ёстой болохоос төр яаж оролцож, хэрхэн зохицуулалт хийх нь залуусын олонхын хувьд төдийлөн чухал биш юм шиг байсан л даа. Зах зээлийн механизмаар замнасан гэх өнгөрсөн 30 жилд өсөж, өндийсөн, төлөвшсөн залуу үед давамгайлж буй энэ хандлага нь эргээд төрийн диктатур оролцоог нийгмээрээ хүлээн зөвшөөрөх суурь болох вий. Энэ эрсдэлийг бууруулах бодит боломжууд юу байна вэ?
-Нийгмийн ухааны, тэр дотроо эдийн засгийн боловсролын тогтолцоо маань орчин үеийн эдийн засгийн ямар ч мэдлэггүй хүмүүсийг массаар нь бэлтгэн гаргасны горыг бид эдгээр жагсаалаас харж байна. Үнэ чөлөөтэй байдаг зах зээлийн эдийн засгийн харилцааны ач холбогдлыг ойлгодог хүмүүсийн тоог яаралтай нэмэгдүүлэхгүй, нийгэм, эдийн засгийн боловсролын тогтолцоог үндсээр нь сайжруулахгүй бол захиргаадалт, дампуурлын үе рүүгээ буцан орж байна.
1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр ЗХУ болон зүүн Европын улсуудад социализм задран унаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, тогтмол үнийн тогтолцооноос Монгол ч гэсэн татгалзахаас өөр аргагүй байдалд ороход энэ нь ямар учиртай, яагаад ийм зүйл болчихсон юм бэ гэдгийг иргэддээ ойлгуулж чадаагүй. Үүний улмаас Марксизм-Ленинизм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг номлодог байсан яг тэр хүмүүс нь өөрсдийн мэдэхгүй, ойлгохгүй, сөнөх нь тодорхой хэмээн номлодог байсан орчин үеийн эдийн засгийн ухаан, зах зээлийн эдийн засгийн харилцааг заах ёстой болсон байдаг.
Хуучин цагийн полит-эконом гэсэн үзэл сурталжсан, ямар ч шинжлэх ухаан биш зүйл дээр суурилсан холион бантан үргэлжилсэн гэсэн үг. Уг нь бид нийгмийн ухаан, эдийн засгийн шинжлэх ухааны тодорхойлолтууд үндсээрээ өөрчлөгдчихлөө гэдгийг ойлгох ёстой байсан. Орчин үеийн анагаахын шинжлэх ухаан Монголд орж ирэхдээ хуучин лам нарын жанч, дээлийг нь зүгээр тайлаад оронд нь цагаан халаад өмсгөөд, оношлуур бариулаагүй биз дээ?
-Эрх баригчид гол нэрийн барааны Үнэ тогтворжуулах ээлжит хөтөлбөрийг хуульчлан баталсан. Өмнөх ийм хөтөлбөрүүд богино хугацаанд гал унтраах маягийн нөлөө үзүүлж, угтаа бол уршиг л дагуулсныг эдийн засагчид хэлээд байдаг. Тэгвэл энэ удаагийн үнийн өсөлтийн үед төрөөс ингэж тогтворжуулах хөтөлбөр нэрээр оролцохгүйгээр, мөнгө, сангийн бодлогын яг ямар арга хэрэгслүүдийг цаг хугацааны хувьд яаж хэрэгжүүлэх нь оновчтой байсан бэ, цаашид байж болох вэ?
-Үнэ гэдэг бол эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэл дээр тогтож байдаг зүйл юм. Эрэлт, нийлүүлэлт хоёр байнга янз бүрийн шокуудад орж хөдөлж байдаг, түүний хариуд зах зээл хэрхэн хариу үйлдэл үзүүлж, тэнцвэржүүлж буйг үнээс хардаг. Үнийг хүчээр тогтворжуулна гэдэг бол зах зээлийн энэхүү үндсэн механизм ажиллах боломжийг нь хязгаарлана гэсэн үг. Энэ механизмыг эвдэлчих юм бол хомсдол үүсдэг. Үнэ тогтвортой байхын тулд нэгдүгээрт бидэнд том зах зээл хэрэгтэй байдаг.
Монгол Улсын эдийн засаг харьцангуй жижиг учир АНУ, БНХАУ-ынхтай харьцуулахад манайх илүү тогтворгүй байх нь зүй ёсны үзэгдэл. Үүнээс улбаатай тогтворгүй байдлыг бууруулъя гэвэл хувийн секторт ажиллагсдын тоог аль болох нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагаагаа явуулах орчныг сайжруулах, мэдээллээр урьдчилж сайн хангаж шокуудын цохилт орж ирэхээс өмнө бэлтгэлтэй байх, дасан зохицоход нь туслах, олон эх үүсвэрээс олон бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүн аливаа хээл хахууль, дарамт шахалтгүйгээр импортлон оруулж ирдэг боломжийг сайжруулах ёстой. Гэтэл бидний авилга хээл хахууль нэмэгдэж, бизнес эрхлэх орчин байнга л муудаж байна.
-Энэ удаагийн үнийн өсөлтийн циклийн тухайд цар тахал, хөл хорионоос шалтгаалсан нийлүүлэлтийн сааталтай холбоотойгоор өнгөрсөн оны 2 дугаар хагасаас хойш эрчим нь хадгалагдаж буй. Гаднын улс орнуудын хувьд сангийн болон мөнгөний бодлогоо аль алийг хумих байдлаар үнийн өсөлтийн эсрэг бодлого хэрэгжүүлж буй бол манайд төсвийн бодлого улам л тэлээд байна л даа. Ковидын үед жил гаруйн хугацаанд тэлсэн бодлогыг нэмж тэлээд буйг та эдийн засагчийн хувьд юу гэж үзэж байна вэ?
-Цар тахалтай холбоотой нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багассан үед хавтгайруулсан халамжийн бодлого хэрэгжүүлсэн нь цөөхөн барааны хойноос их мөнгө хөөж үнийг нь нэмэгдүүлсэн. Эдийн засгийн хямралтай холбоотойгоор эдийн засгаа дэмжих бодлогыг дэлхийн маш олон улс хэрэгжүүлсэн ч, дэмжлэгийг аль болох зорилтот бүлгүүдэд хүргэсэн, төсвийн дэмжлэгийг юунд зарцуулснаараа биднээс ялгарсан.
Мөн дэлхийн эдийн засгийн гэнэтийн шок болох Украины дайнаас үүдэлтэйгээр бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг харьцангуй хямд байлгаж байсан глобалчлал гэсэн технологи сааталд ороод байна. Дэлхийн зах зээл хэрхэн хариу үзүүлж буйг бид асар хүчтэй савлаж буй үнүүдээс нь харж байна. Энэ үед бид үнийг аль болох чөлөөтэй байлгах ёстой. Гэтэл эсрэгээрээ үнийг тогтвортой байлгана гээд төсвийн алдагдлаа нэмэгдүүлээд, гадаад валютын нөөцөө шавхаж байгаа нь буруу юм.
Үнийг тогтвортой байлгана гээд төсвийн алдагдлаа нэмэгдүүлээд, валютын нөөцөө шавхаж байгаа нь буруу.
-Үнээр оролдохоос аль болох зайлсхийх ёстой талаар та хэлж байна. Гэтэл манайд чөлөөт зах зээлийн замналаар замнуулаад өгөөч гэх шаардлага тавьдаг хэсэг аль ч шатанд маш цөөн л байна. Тухайлбал, үнийн өсөлтөд голлон нөлөөлж буй шатахуун импортлогчдын мэргэжлийн холбооны зүгээс “Шатахууны үнийн нэмэгдэл инфляц, иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлнө. Тиймээс дунд хугацаандаа Засгийн газрын оролцоо шаардлагатай” гэхчлэн байр сууриа илэрхийлж байна?
-Төрийн эдийн засаг дахь оролцооноос ашиг олдог лобби бүлэглэлүүд байсаар ирсэн, харамсалтай нь цаашдаа байсаар байх болов уу. Бид тодорхой хэсэг бизнесүүдийг дэмжих бус зах зээлээ дэмжих, түүний ажиллах боломжийг улам бүр нээж өгөх ёстой. Янз бүрийн лиценз, зөвшөөрөл, бодлого хөтөлбөрийн нэр барьж чөлөөт өрсөлдөөнөөс өөрсдийгөө хамгаалах сонирхол маш их байдаг. Төр гэдэг бол төгс, супер субьект биш, өөрийн гэсэн давуу, болон сул талуудтай. Ард түмний эрх ашигтай нийцэхгүй ашиг сонирхолтой, төрөөс төрсөн тэрбумтангууд, чөлөөт өрсөлдөөнийг боомилох гэсэн бизнесмэнүүд, удам залгамжилсан хаан, ханхүү, гүнж нар шургалсныг авлига хээл хахууль, үрэлгэн төсөв, эдийн засгийн хөтөлбөрүүдээс нь харж болно.
Үүнтэй тэмцэхэд үнэнийг худлаас ялгах эдийн засгийн онолын мэдлэг, тооцоо судалгаа, түүнийг нийгэмд хэрхэн түгээж буй байдал маш чухал. Би хувьдаа уг үйл хэрэгт нэмэр болох болов уу гээд телевиз, сонин, сайтуудын ярилцлагад ийнхүү орохоос гадна, Эдийн засагчдын булан (http://tsors79.blogspot.com), фейсбүүк хуудас (https://www.facebook.com/erdenebat.bataa.5) ажиллуулдаг. Нийгмийнхээ эдийн засгийн мэдлэгийг нэмэгдүүлэхийг боломжтой нэг нь мөн нэмэгдүүлэхийг байнга уриалдаг. Олон болоосой.
-Та “Үнийг тогтворжуулна гэдэг нь үнэ зүй ёсоор буурах ёстой үед нь мөн бууруулахгүй гэсэн үг” гэж байсан. Энгийнээр жишиж хэлэхэд, үнийн өсөлтийн эрчим хоёр улирлын туршид хадгалагдах байсан бол төр оролцсоноороо эдийн засгийн жам ёсны гольдирол хүчээр өөрчлөгдөж, олон боломжууд хаагддаг байх нь гэж ойлгогдоод байгаа. Та үүнийг манай нөхцөл байдалтай уяж тайлбарлаж өгч болох уу?
-Жишээ нь, түрүүн дурдсан фейсбүүк хуудсанд үүнийг хэдэн сарын өмнө тайлбарлахдаа ашигласан А92 бензиний үнийн динамикийг дараах зургаар харуулъя.
Цэнхэр босоо зураасууд нь УИХ-ын сонгуулиуд, улаанууд нь Ерөнхийлөгчийн сонгуулиудыг тэмдэглэж байгаа. Харин тасалдсан хоёр босоо зураасын дундах үе нь өмнөх үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үе юм. Эндээс дэлхийн зах зээлийн үнийн бууралттай холбоотой ОХУ-ын экспортлогч компанийн үнэ ОХУ-ын Засгийн газрын экспортын татвар буурахад манайд үнэ буураагүйг харж болно. Энэ бол үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүн.
Импортлогчид Засгийн газартай нийлээд хоорондоо тохиролцдог бус үнээр өрсөлддөг байсан бол үнэ буурах ёстой байсан.
Нөгөө талаас дэлхийн зах зээлийн үнэ өсөхөд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлаар бид үнийг нь татаастай болгох гэж байна. Уг нь үр ашиггүй хэрэглээнүүд энэ үед багасаж, хүмүүс автомашинаар зорчдогоо багасгаж нийтийн тээврээ сайжруулах гэж оролдох, алхах, дугуй унах, цахилгаан, эсвэл бензин бага хэрэглэдэг автомашины эрэлт өсөх гэх мэт орлуулах бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт нэмэгдэж, эдийн засаг дасан зохицож байх ёстой.
Өчүүхэн жижиг эдийн засагтай бид дэлхийн зах зээлийн үнийн механизмтай төсвийн алдагдлаараа тэмцэнэ гэвэл маш хурдан дампуурна.
Иймд үнэ хөдөлж байвал бид зах зээлийн механизм ажиллаж байна даа гэж баярлах ёстой. Энэ нь зүйрлэвэл автомашины удирдах самбар дээр байдаг хурд хэмжигчийн зүүтэй адилхан зүйл. Хэрэв энэ нь хөдлөхгүй эсвэл та хүчээр бариад хөдөлгөхгүй байвал үр дүн нь танд л муу, осол болох нь тодорхой юм.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 1 )
buh duurgiig holboson alhaltiin zam,duguin zamtai bolyo. Irgediin hudulguunii dutagdlaas awrah arga bas tugjrel binzen eruul mend gd olon taliin ach tustai! Ghdee ali boloh dut tsewerhen. Mashin zamaas tusdaa nogoon baiguulamjaa daguulj hiiwel sain bn. Uursduu gadagshaa ih yawdag humuus medej bg bh. Sudalj bgd mash zuw shiidliig 1 musun sain hiisen deer shdee!