Европын Холбооны найман улсад энэ сарын 15-наас хойш сармагчны цэцэг өвчний халдварын 85 тохиолдол бүртгэгдээд байна.
Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн мэдээлснээр, ихэнх өвчтөнүүдэд хөнгөн шинж тэмдэг илэрч байна. Эл өвчин хүн амд өргөн тархах магадлал маш бага байна гэж тус төвийн захирал Андреа Аммон мэдэгджээ.
Халдвар авсан өвчтөнүүд өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Ялангуяа, дархлаа сул хүмүүс болон гэрийн тэжээвэр амьтдаас хол байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Сармагчны цэцэг нь хүнээс хүнд дамждаг вирусийн гаралтай халдварт өвчин. Ихэнх өвчтөнүүд хэдхэн долоо хоногт эдгэрдэг хэдий ч хүндрэх тохиолдол гардаг байна. Сармагчны цэцэг өвчний анхны шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, булчин шархирч өвдөх, нуруугаар өвдөх, гүйлсэн булчирхай томрох, чичрэх, сульдах зэргээр илэрдэг байна. Түүнчлэн, нүүрний арьсан дээр тууралт өгч, биеэр тархдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )