Испанийн эрх баригчид Мадрид хотын ижил хүйстнүүдийн саун болон Канарын арлуудад болсон “Pride” арга хэмжээний үеэр сармагчны цэцэг өвчний халдвар тархсан гэж үзэж байна.
Испанид халдварт өвчний тохиолдол 30-д хүрээд байна. Мадридын бүс нутгийн эрүүл мэндийн газрын дарга Энрик Руиз Эскудерогийн мэдээлснээр, өдгөө хаагдсан саунд гарсан голомтын хавьтлуудыг илрүүлэхээр ажиллаж байна.
Үүнээс гадна Канарын арлуудад 80 мянга орчим ижил хүйстнийг цуглуулсан “Pride” арга хэмжээг мөн халдварын голомт гэж үзэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ахлах зөвлөх Дэвид Хэйманны хэлснээр, Испани, Бельгид болсон ижил хүйстнүүдийн хоёр том олон улсын арга хэмжээний үеэр халдварт өвчин бэлгийн замаар тархжээ.
Сармагчны цэцэг өвчин нь халдвар авсан хүний шарх, салстаар дамждаг ба бэлгийн харьцааны үеэр дамжсан байх талтай гэж Хэйманн үзэж байна. Сармагчны цэцгийн вирус илүү халдвартай болж, мутацад ороогүйг тэрбээр онцолжээ.
ДЭМБ одоогоор 90 гаруй халдварын тохиолдлыг Их Британи, Испани, Израил, Франц, Швейцар, Австрали, АНУ зэрэг улсад бүртгээд байна.
Их Британи болон Европт бүртгэгдсэн ихэнх тохиолдол бэлгийн уламжлалт бус чиг хандлагатай залуу эрчүүдийн дунд бүртгэгдсэн бол Испани, Португалийн эрх баригчдын мэдээллээр эл халдварт өвчин мөн л ижил хүйстнүүдийн дунд голдуу тархжээ.
Сармагчны цэцэг өвчин шинж тэмдэггүй хэлбэрээр тархах боломжтой эсэхийг яаралтай судлах шаардлагатай гэж Хэйманн анхааруулж байна. Коронавирусийг бодвол шинжлэх ухаан сармагчны цэцгийн вирусийг 60 жилийн өмнөөс таньж, судалж эхэлсэн. Энэ өвчний эсрэг вакцин, эм, эмчилгээ бий гэж мэргэжилтнүүд онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
t