Монгол Улсын төрөөс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын талаар баримталж буй бодлогын уялдаа холбоог хангах, хэрэгжилтийн үр дүнг сайжруулах зорилгоор олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Энэхүү уулзалтанд Элчин Сайдын яамд, Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг Жайка, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хөгжлийн шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй АНУ-ын санхүүжилттэй Бэст хөтөлбөр, Канадын Мэрит хөтөлбөр, Жайкагийн 2 үе шаттай төсөл, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монгол ногоо хөтөлбөр, Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл зэрэг олон улсын байгууллагууд, мэргэжлийн болон салбар холбоодын төлөөлөл оролцож буй юм.
Монгол Улсын хувьд 2020 оны байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 94,492 аж ахуйн нэгжийн 67 хувь буюу 64252 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, 614,346 хүн салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17,8%, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2,4 хувийг үйлдвэрлэж байна.
УИХ-аас Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 онд баталснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар 2020 онд байгуулагдан 40 хүний бүрэлдэхүүнтэй, 5 хэлтсийн зохион байгуулалттай, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны салбарын талаар төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлж байна.
УИХ-ын Байнгын хорооны 2022 оны 05 дугаар тогтоолоор жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн санхүүгийн бүтцийг оновчтой болгох, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрөөс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээнд үзүүлэх дэмжлэгийг хүртээмжтэй, үр дүнтэй үзүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн корпорацийг байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгсөн.
Хоршооны салбарын хувьд 2020 оны статистик мэдээллээр 4468 хоршоо 234633 гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн 2,2 хувийг эзэлж байна. Эдийн засгийн чиглэлээр авч үзвэл худалдаа, хөдөө аж ахуйн салбарт дийлэнх хоршоод үйл ажиллагаа явуулж байна.
УИХ-ын 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, Монгол Улсын Засгийн газрын 81 дүгээр тогтоолоор 2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Жилийн ажлын хүрээнд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Загвар хоршоодыг байгуулах, хоршоодын хөгжлийн үнэлгээ, шинэчилсэн бүртгэлийг хийх, жишиг хоршоодын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хоршиж, хамтран ажиллах санал санаачлагыг дэмжиж ажиллахаар төлөвлөөд байна. Энэ бүхнээс харахад Монгол Улсын төр засгаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны чиглэлээр баримталж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд бодлогын уялдаа холбоотой хамтран ажиллах шаардлага үүсээд байна.
Түүнчлэн доноруудын түншлэлийн уулзалтыг жил бүр зохион байгуулж, харилцан холбоотой ажиллаж ирсэн боловч цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд тасалдаад байсныг энэ удаа сэргээн зохион байгуулж байгаа нь ковидын дараах эдийн засгийн сэргэлтийн үед цагаа олсон арга хэмжээ болж байна гэж дүгнэж байна.
Энэ уулзалтаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, хоршоодыг дэмжсэн олон сайхан хамтын ажиллагааны санал гарч бодит ажил хэрэг болох алхмууд тавигдана гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж буй юм. Түүнчлэн уулзалтаас гарсан саналыг нэгтгэн зөвлөмж гарган, арга хэмжээнд оролцогчдод хүргүүлэх юм байна. Улмаар зөвлөмжийг цаашид авах арга хэмжээний төлөвлөлтдөө уялдуулж тусгаж ажиллах аж.
Сэтгэгдэл ( 0 )