Гадаадаас ажиллах хүч авах үйл явцыг хялбаршуулах шаардлагатай гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

МҮХАҮТ, Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ) хамтран зохион байгуулсан "Гадаадын ажиллах хүч, цахим виз, хөрөнгө оруулалт, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцох уулзалт"-д Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл болон 150 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүний тоо, бүтээмж харилцан адилгүй, маш их зөрүүтэй байгаа. Иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн тулд энэ зөрүүг ойртуулах, хөнгөн үйлдвэр болон боловсруулах үйлдвэрийн хөгжилд анхаарах, хөрөнгө оруулалт татах, бүтээмжээ өсгөх шаардлага тулгарч байна. Үйлдвэрлэл, усан хангамж, аялал жуулчлал нь богино хугацаанд эдийн засагт үр өгөөжөө өгөх салбарууд учраас хөрөнгө оруулалт татахыг төр, хувийн хэвшил аль аль нь зорих ёстой" гэв.

ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр “Цар тахлаас өмнөх жилүүдэд Монгол Улсад жилд дунджаар 230 мянга гаруй гадаад улсын иргэн аялал жуулчлалаар ирдэг, 200 мянга орчим иргэн түр оршин суухаар ирдэг гэсэн тооцоо бий. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцүү хэмжээний буюу өнөөдрийн байдлаар тооцож үзвэл гадаадын 100 мянга орчим хүн Монгол Улсад оршин суух бололцоотой боловч 16 мянга орчим гадаад улсын иргэн оршин сууж байна. Үүнээс 1600 гаруй нь хөрөнгө оруулах зорилгоор оршин сууж байгаа юм. Гадаадын иргэн Монгол Улсын виз мэдүүлэхээс эхлээд оршин суух зөвшөөрөл авах хүртлээ ГИХГ-т өөрийн биеэр 5-6 удаа очдог байсан бол одоо хуулийн өөрчлөлт, цахимжуулалтын дүнд хүндрэл чирэгдэл багассан” гэдгийг онцоллоо.

Уулзалтын эхэнд холбогдох төрийн байгууллагуудаас хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх, гадаадаас ажиллах хүч, хөрөнгө оруулагчдын оршин суух зөвшөөрлийг хэрхэн авах, цахим визийн evisa.mn систем болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийсний дараа хувийн хэвшлийнхний зүгээс асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Цахим виз, хил орчмын аяллын виз, хил орчмын аялал жуулчлалын маршрут, автомашинаараа хилээр нэвтэрч аялах боломж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цахим виз олгож буй орны тоог нэмэгдүүлэх, цахим виз авахтай холбоотой мэдээллийг тодорхой болгохтой холбоотой асуултуудыг асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав.

Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ур чадвар шаардсан нарийн мэргэжлийн ажиллах хүчнийг гадаадаас авч ажиллуулах, ажиллах хүч авах үйл явцыг хялбаршуулах, жуулчдыг татахад төрийн оновчтой бодлого, шийдвэрийг тогтвортой хэрэгжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жишиг маршрутыг тогтоох шаардлагатай гэсэн саналуудыг хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top