Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулж, 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өчигдөр (2022.06.08) хуралдаанаар хэлэлцэв. Хуулийн төслийн талаар товчхон танилцуулж байна.
Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулах, төрийн албан хаагчдын сахин мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтоож, зөрчсөн бол хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтоох зорилгоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг боловсруулсан гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа юм.
Хуулийн төсөл 6 бүлэг, 19 зүйлтэй бөгөөд төрийн албаны харилцаанд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааг зохицуулах анхдагч хууль болохын хувьд төрийн албан хаагчийн ёс зүйн харилцааны нийтлэг асуудлыг тусгасан байна.
Үүнд,
- Ёс зүйн хэм хэмжээ, зөрчил, хариуцлагын талаарх ёс зүйн харилцааны суурь ойлголтын талаарх нэр томьёоны тайлбарыг өгнө.
- Энэ хуульд төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагчид нэгэн адил үйлчлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг тогтооно. Албаны чиг үүргийн онцлогтой уялдуулан дагаж мөрдөх ёс зүйн тусгай шаардлага, хэм хэмжээг энэ хуульд нийцүүлэн төрөлжсөн бусад хууль тогтоомжоор тогтоож болохыг заана.
- Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, ёс зүйн байдалд хяналт тавих бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлон заана.
- Төрийн болон нутгийн удирдлагын томилох эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй ажиллана. Энэ хүрээнд ёс зүйг сахин мөрдүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээ авах, түүнчлэн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үүрэг бүхий Ёс зүйн зөвлөлийг байгуулан ажиллуулах, зөрчил үйлдсэн албан хаагчид хариуцлага тооцох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ. Байгууллагын дарга, удирдлагын ёс зүйн үүрэг, хариуцлагыг түүний манлайлалтай холбон авч үзнэ.
- Улсын хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, нэгдсэн арга зүйн удирдлагаар хангах, хуулиар харьяалуулсан төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх үүргийг Төрийн албаны зөвлөлийн дэргэд ажиллах Ёс зүйн хороо хэрэгжүүлнэ.
- Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол хүлээн авах, хянан шалгах, дүгнэлт гаргаж, шийдвэрээ томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх зэрэг гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хуульчилна.
- Төрийн албан хаагчид ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлагын төрлийг тогтоож, ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг заана. Албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх зорилгоор уучлалт гуйх, албан тушаалаасаа сайн дураар огцорч ёс зүйн хариуцлага хүлээх боломжийг тусгана.
- Төрийн албан хаагчийн гаргасан ёс зүйн зөрчил, хүлээлгэсэн хариуцлагын талаар тайлагнах, олон нийтэд мэдээлэх журмыг тусгана.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын хэмжээнд удирдан зохицуулах нэгдсэн зохицуулалттай болж, төрийн болон орон нутгийн байгууллагын бүх шатанд төрийн албаны ёс зүй, соёлыг төлөвшүүлэхэд ахиц гарах, улмаар иргэд ёс зүйтэй, чанартай, хариуцлагатай төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )