Түүний эзэмшсэн боловсролын тухайд маргах зүйл байхгүй. Монгол Улсын хэмжээнд толгой цохино. Магадгүй дэлхийн хэмжээнд ч тэргүүлж мэдэхээр олон сургуульд өндөр боловсрол эзэмшсэн хүн. Чухамхүү хэргийг нь хэзээ, хаана гаргах юм бол. Америк, Англи, Японд магиср, докторын зэргээ хамгаалсан гэхээр аргагүй л алтаар гулгиж, мөнгөөр бороо оруулдаг аавтай хүний ажил. Харин хийж бүтээсэн зүйл нь сум, багийн хэмжээнд ч тэргүүлж чадахгүй л болов уу.
Түүнийг УИХ-ын гишүүн гэхээс илүүтэй Монголын алтны магнатуудын нэг Ч.Чинбатын охин гэдгээр нь илүү мэдэх байх. Саяхан түүний аав Хөгжлийн банкнаас зээл авсан гэх дуулиан нь “УИХ-ын гишүүн охиноороо дамжуулсан” гэх хачиртайгаар өндөрлөв. Харин Ч.Чинбат “Намайг Хөгжлийн банкнаас зээл авч байхад миний охин УИХ-ын гишүүн болоогүй байсан” хэмээн тайлбар хийж зээлээ төлсөн.
Уг нь түүний эцэг Ч.Чинбат Хөгжлийн банкнаас зээл аваад байхаар жижиг гар ч биш. Уул уурхайд хөлтэйхөн бизнес эрхэлдэг, “Өсөх зоос” компанийн захирал юм. “Өсөх зоос” компани нь Нарийнсухайтын бүлэг ордод “Саусгоби сэндс”, “МАК” компанитай зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллээс харахад “Өсөх зоос” компани нь 2018 онд гурван сая 38 мянган тонн нүүрс борлуулсан бол 2019 онд 3.5-4 сая тоннд хүргэхээр зорьж байгаагаа дуулгаж байсан. Мөн борлуулалтын орлогоо 256 тэрбум төгрөг байсныг 300 орчим тэрбум төгрөг болгон нэмэхээр төлөвлөсөн гэдгээ зарлаж байснаас харахад таргийн таван ямаатай нөхөр лав биш. Энэ бол түүний аавын бизнесийн асуудал учраас хойш тавъя.
Ч.Ундрамын хувьд өнгөрөгч 2020 оны сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Ч.Өнөрболор нарын хамт АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат, С.Баярцогт нартай өрсөлдсөн. Харин тойрогтоо бүү хэл улсад эрэмбэтэй гэж болох улстөрчдийг ид сурталчилгааны дундуур баривчлан хорьсон нь түүнд од шүүрсэн хэрэг болж, УИХ-д ороод ирсэн.
Түүний хувьд “нэр дэвшигчдийг хэлмэгдүүлэн баривчилсан” хэмээн сонгогч олныг харахаараа “уйлж”, буруу харан “инээж” явсаар парламентад ороод ирсэн нь үнэн. Үнэн хэрэгтээ амьдрал, хөрөнгөөрөө дэнчин тавьж өрсөлддөг энэ “наадам”-ын дэвжээнээс хүчтэй өрсөлдөгчид зайлж байхад хэн ч баярлана. Уг нь Ч.Ундрамыг МАН-ынхан хамтрагчтай нь АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбат, С.Баярцогт нарын аманд хаяж өгсөн болов уу. Тухайн үеийн улс төрийн намуудын сонгуулийн стратеги судалгаа, тандалтыг харахад Сэлэнгэ аймгаас УИХ-д МАН-аас Ж.Эрдэнэбат, АН-аас Д.Эрдэнэбат, С.Баярцогт гэсэн гурван гишүүн орж ирнэ гээд аль эрт зурчихсан байсан. Өөрөөр ямар ч зураг гарахгүй.
Гэтэл сонгуулийн кампанит ажил дундуур “Женко” ажиллагаа ширүүн өрнөж, нэр дэвшигчдийг баривчлан хорьж, батлан даалтын дэнчинд 10 тэрбум төгрөг байршуул хэмээн шаардав. Дэлхийн хаана ч байхгүй жишиг гаргаж, маш өвөрмөц “махны машин” ажиллаж эхэлсэн нь сэлэнгэчүүдийг Ч.Ундрам гэх төлөөлөлтэй болгочихсон. Парламентад хэдэн ч Ч.Ундрам байлаа гээд Д.Эрдэнэбат, С.Баярцогт нарын зиндаанд хүрэхгүй болохоор харамсалтай л юм. Гэхдээ эрдэм номын мөр хөөсөн залуу эмэгтэйн хувьд өсөж дэвжих магадлал байхыг үгүйсгэхгүй.
Ийнхүү сонгууль өндөрлөхөд торны цаанаас өрсөлдсөн Ж.Эрдэнэбат хамгийн өндөр санал авч, Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар дөрөв, тавд эрэмбэлэгдсэн. Нэр дэвшигчид муу нэр зүүж, луу дансанд бүртгүүлсэн ч түүний дэргэд төрийн тулгуур, түмний түшиг байх нь дамжиггүй байв. Ядахад туршлага нь хаачих билээ. Энэ ч дүүрсэн хэрэг. Мөнгөө үрж барсан баяны охинд зуурхан аз тохиож, өрсөлдөгчдийг нь эзийн сүүдэр дайрсан асуудал юм. Гагцхүү Ч.Ундрам гэх эмэгтэй ямар замаар аяны дөрөө жийсэн болоод улс төрд гэнэт тодров. Бүр МАН дотор тодорч, УИХ-д ороод ирэв гэдэг нь хэний ч сонирхлыг татна. Түүний хувьд улс төрд, тэр тусмаа МАН-д асар хурдтай өссөн хүн. Ах намын төлөө тав байтугай тавин жил зүтгээд тусыг эс олсон хүн байхад гэнэтхэн нэг эмэгтэй ямар учраар богино хугацаанд өндөр авав гэдэг нь хөрөнгө мөнгөөр хэмжигдэх цаг хугацааны асуудал байв.
Тэр бусад эмэгтэйчүүд шиг МАН-ын дэргэдэх оюутан залуучуудын болон эмэгтэйчүүдийн байгууллагаар дамжаагүй шууд л эрдмийн ширээний араас улс төрд ороод ирсэн гэхээр хэн хүнгүй гайхдаг. Үүний цаана хөрөнгөтэй эцгийнх нь нөлөө байснаас зайлахгүй. Түүнээс бус МАН чамгүй эрдэм боловсролтой юм гээд өөд нь татчих бүлэглэл биш. Улс төрд угаасаа тийм зүйл байдаггүй. Уг нь Ч.Ундрам нь боловсролын салбарт чамгүй амжилттай ажиллах хүн гэдгийг сурч боловсорсон байдлаас нь харж болно. Гэтэл эцгийн хөрөнгөнд хатгуулан улс төрд ороод ирсэн. Улс төрд нэг орсон хүн гарч чаддаггүй. Тэгээд ч хөрөнгө мөнгө байхад бүр ч гарах аргагүй. Түүний хувьд 2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилласан гэх улс төр зүгийн богинохон намтартай.
Тэрбээр аав ээжийгээ ОХУ-ын Свердловск хотод оюутан байхад төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг 1998 онд төгссөн манай улс төр дэх наяад оны төлөөлөл юм. Харин 1999 онд АНУ-ын “Terry Sanford” ахлах сургууль, 2003 онд Лондон хотын олон улсын Америкийн их сургуулийн бизнесийн сургуульд бакалаврын боловсрол эзэмшжээ.
Ийнхүү 2004 онд Лондон хотын олон улсын их сургуулийн бизнесийн сургуульд магистр хамгаалж, 2010 онд Японы Нагоя их сургуулийн эдийн засгийн сургуульд “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба сумуляци дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан хүн.
Ч. Ундрам АНУ-ын “Симио” компанийн захиалгаар “Симуляци”, Япон улсын “Панасоник” корпорацийн дэргэдэх “PHP Institute Inc”-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр "Бизнесийн амжилт хүнээс" зэрэг номыг орчуулснаас гадна МУИС-ийнхантай хамтарч “Менежмент", "Бизнес ба нийгэм" мэргэжлийн сурах бичиг хэвлүүлж, мөн "Төрийн албан хаагчийн ёс зүй" номын хамтарсан зохиогчоор ажилласан гээд дурдаад байвал түүний мөр зам нь тэр чигээрээ эрдэм номын аян байсан гэхэд болно.
Арван хэдэн наснаасаа гадны орнуудад сурч боловсорсон тэрбээр 2005-2006 онд “Эм Си Эс Интернэйшнл” компанид Маркетингийн менежер, 2007-2008 онд Япон улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд зочин судлаач, 2010-2020 онд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний макро-экономикийн институтын Монгол Улс дахь кординатор, 2010-2013 онд МУИС- ийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд эрхлэгч, профессор, 2013-2014 онд МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн удирдах зөвлөлийн дарга, 2014-2017 онд МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2017-2018 онд МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, 2018-2019 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцан дэд захирал, 2019-2020 онд МУИС-ийн Бизнесийн сургуульд профессороор тус тус ажиллаж байсан туршлагатай.
Шуудхан хэлэхэд улс төрд огтхон ч хэрэггүй. Харин эрдмийн салбарт бол цойлж байхаар нэгэн аж. Түүний сурсан мэдсэн зүйл ч улс төрд хэрэг болохгүй. Энд хоосон онол гэхээсээ илүүтэй арга залиар ажил явуулдаг газар учраас Ч.Ундрам эрдмийнхээ мөрийг хөөх нь зүйд нийцнэ. Хэчнээн их эрдэм боловсрол байлаа ч аль ч улс төрийн бүлэглэл түүнийг шүтэхгүй, ажил хэрэг болгохгүй учраас ийн хэлсэн хэрэг.
Тэгээд ч сэлэнгэчүүд эргээд түүнийг сонгох эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Хэрэв Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөж холимог тогтолцоонд шилжих юм бол Сэлэнгэ аймагт өрсөлдөн мандат авна гэдэг нэлээд ширүүхэн юм болно. МАН-аас Ж.Эрдэнэбатын хувьд мандатаа хадгалаад үлдэнэ. Тэгэхээр Ч.Өнөрболортой тунана гэсэн үг. Энд л хөрөнгө уралдана. Өөрөөр хэлбэл алтны магнат Ч.Чинбат, “Сөүл”-ийн босс Ч.Өнөрболор хоёрын хөрөнгө уралдана. Аль түрүүлсэн нь мандат авч чадаагүй нь жагсаалтын нэлээд хойгуур бичигдсэнээр улс төрийнхөө намтарт цэг хатгана гэсэн үг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 7 )
боловсрол той гэнүү хаха
Saikhan chaahiimaa ulun etsgiinhee munguur gishuun bolchood
schunaltai aav n ochinoo allaadaa
schunaltai aav n ochinoo allaadaa
Хайран олж авсан боловсрол мэдлэгээ улс төрд худалдсан шуук эмэгтэй бна мэдсэн сурснаа оюутнууддаа сургах бсан хайран эмч нар маань дарга болчдог шиг ард түмэн дарга шиг хэрэггүй хог алгаа
Gishuun I tugssen surguuliud zuvhen zardlaar tulsen l bol tugs gedeg manai udirdlagiin academi MUIS- in huuliin oroin 2 jiliin surgalt bish gedgiig erh bish bodoltsooroi Parlamentad ”tentsver” heregtei IEereesee iluug adlah ni yadarsan ”turshlagatai udidagch”-in regard barildah shuu
алтны хулгайчын удам муутай