Найм, түүнээс дээш настай хүүхэд хурдан морь унана,,

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

УИХ-аар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэж байна.

Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы /2022.06.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр  үргэлжлэн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 40 саналаар санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг  “Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадмыг жил бүр аймаг, сумын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд, улсын баяр наадмыг 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэнэ” гэж өөрчлөх, төслийн 6 дугаар зүйлд “Улсын баяр наадмыг 7 дугаар сарын 11-ний өдөр нээнэ.” гэсэн 6.2 дахь хэсэг нэмж, дугаарлалтыг өөрчлөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. 

Мөн төслийн 9 дүгээр зүйлийн 9.3.5, 9.3.6, 9.3.7, 9.3.8 дахь заалтыг “ес давсан бөхөд улсын арслан;”,  “улсын арслан цолтой бөхөөс бага цолтой бөх арав даван түрүүлбэл улсын аварга;”, “ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх ес даван үзүүрлэвэл улсын аварга;”, “ес даван түрүүлсэн улсын арслан цолтой бөх арав даван түрүүлбэл даян аварга;”, “аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд даян аварга;”, “даян аварга цолтой бөх ес даван үзүүрлэхэд дархан аварга;”, “аварга цолтой бөх арав даван түрүүлбэл дархан аварга.” гэж өөрчлөх, мөн зүйлд “Улсын баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн бөхийн эрэмбийг бөхийн холбооны дүрмээр зохицуулна.” гэсэн 9.8 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Түүнчлэн Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах насыг 16 байхаар, унаач хүүхдийн насыг “долоо, түүнээс дээш” гэснийг “найм, түүнээс дээш” гэж өөрчлөх, Үндэсний хурдан морины бүртгэлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хурдан морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой хамтран хариуцан гүйцэтгэх, Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэл бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулах зэрэг Ажлын хэсгийн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн төслийн 10 дугаар зүйлд "Үндэсний их баяр наадмаар жороо морины  уралдааныг зохион байгуулж болно.” гэсэн 10.19 дэх хэсэг, төслийн 15 дугаар зүйлд “Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай допингийн шинжилгээ хийлгэх арга хэмжээг зохион байгуулах;” гэсэн 15.1.7 дахь заалт нэмж, төслийн 14 дүгээр зүйлийн 14.5.6 дахь заалтыг “Дэлхийн допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтээр хориглосон бодис, арга хэрэглэсэн нь илэрсэн бөх, харваач “В” дээжид шинжилгээ хийлгэх бол уг шинжилгээний төлбөрийг төлөх;” гэж өөрчлөн найруулахаар болов.

Харин төслийн 21 дүгээр зүйлд  “2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглоно.” гэсэн 21.3 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Ингээд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 18

Монгол түмэн хууль мөрдөж наадамдаж байгаагүй. Ёс жудагаа даган баясаж ирсэн түүхтэй. Гэтэл одоо наадмыг хуульчиллаа. Дараа нь тэмдэглэлт ойн баярууд, төрсөн өлөр, хүүхдийн сэвлэг үргээх, унага тамгалах гээд уламжлалт өүх арга хэмжээг хуульчлах юм байна. Энүүнээс том хүний эрхийн зөрчил байхгүй байхаа.

0  |  0
Top