Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, D.Parliament.mn цахим системийг танилцуулах уулзалт боллоо.
НИТХ-ын төлөөлөгч нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, албан хаагчид оролцсон уг уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үг хэлж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулсан юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон D.Parliament.mn цахим системийг танилцуулав.
Тэрбээр “D.Parliament.mn сайтыг нээснээр УИХ-ын үйл ажиллагааг нээлттэйгээр таны гар дээр тавьж байна гэсэн үг. Анх 1996 онд интернэт нэвтрүүлэхэд ердөө 500 хүн холбогдож байсан бол одоо нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдсон. Нийт хүн амын 84.7 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Тэгэхээр ухаалаг утастай хүн бүр төрийн хэрэгт шууд оролцож, санал бодлоо илэрхийлж болно гэсэн үг. Энэ сайтыг ард иргэд та бүхэн хэрэглэж, бодит саналаа өгдөг байх хэрэгтэй. Ингэж байж төрийн үйл ажиллагаа нээлттэй болж, ардчиллын төгөлдөршил, парламентын ардчиллын төлөвшил явагдана” гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол огт хийж болдоггүй зүйл биш гэдгийг дэлхий нийтийн жишгийг эш татан тайлбарласан.
Уулзалтад оролцогчдын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод D.Parliament.mn цахим системийн талаар асуулт асууж, санал хэлсэн. Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагад ажиллаж буй хүмүүсийн хувьд албан тушаалаараа бус, нийслэлийн иргэн гэдэг утгаараа санал хэлэх боломж олгосон юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд иргэдийг ялгаатай байдлаар хуульчилсан гэдгийг жишээ татан тайлбарласан. Тухайлбал, ТЗ-7 ангилалд ажиллаж буй төрийн албан хаагчдын ангилал зэрэглэл адил боловч авч буй цалин, хөлс ялгаатай тогтоож байгаа, мөн сум, дүүрэгт ажиллаж буй иргэдээс гаргасан саналыг зөвхөн сум, дүүргийн ИТХ-аар хэлэлцэх, аймаг нийслэлд тухайн иргэний санал хүрэхгүйгээр хуульчилсан нь шударга бус байна гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа.
Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгжийг эргэн харж, оновчтой тогтоохгүй бол аймгийн төвөөсөө алсгүй оршдог зарим сум захиргааны ажилтнуудаас нь өөр хүнгүй шахам болсныг ч хэлэх хүн байлаа. Мөн нийслэл-аймаг, сум-дүүрэг, баг-хороо гэсэн статус оновчгүй байгааг олон хүн хэлж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )