УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр чуулганы /2022.06.30/ нэгдсэн хуралдааны үеэр хоёр асуудлыг гишүүдэд онцгойлон анхаарууллаа.
“ПАРЛАМЕНТАД СӨРӨГ ХҮЧИНГҮЙ БОЛОХООР АРД ТҮМЭН СӨРӨГ ХҮЧИН БОЛООД БАЙНА”
Спикер Ардчилсан намд хаягласан үгэндээ “УИХ-ын үйл ажиллагааг Үндсэн хуулийн хоёрдугаар зүйл, зарчимд нийцсэн бие даасан, нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэж, олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийднэ гэж суулгасан байдаг. Бид Үндсэн хууль дээр гараа тавьж, төрийн сүлдэндээ тангараг өргөж, монгол төрийн далбаанд мөргөсөн монгол төрийн төлөөлөгчид.
Тиймээс Ардчилсан намынхнаас хичээнгүйлэн хүсэх зүйл байна. Энд улс орны язгуур эрх ашиг яригдаж байна. Ийм учраас улс орны язгуур эрх ашгийн үүднээс парламент нь аливаа асуудлыг олон ургальч үзлээр үзэл бодлоо чөлөөтэй хэлэлцэхийн тулд сөрөг хүчин зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Цэрэггүй жанжин байж болохгүй. Бид нэгдэж байж парламентаа төлөвшүүлэх учиртай. Тэгэхгүй бол ард түмэн чинь сөрөг хүчин болно. Парламентын зарчим цөөнхөө хүндэтгэх байдаг. Олон үзэл бодол, олон ургальч байдлаар чөлөөтэй хэлэлцэнэ, олонхын саналаар шийднэ. Энэ бол ардчиллын зарчим. Тийм болохоор Ардчилсан намынхан жижиг эрх ашиг, амбицаа хойш нь тавьж, нам, намын бүлгээ нэгтгэж, ард түмэн, Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө асуудлаа шийдэхийг хүсэж байна. Парламентад сөрөг хүчингүй болохоор ард түмэн сөрөг хүчин болоод байна” гэж дурдав.
“ҮНИЙН ӨСӨЛТ ГАЗАР АВЧ, 211 МЯНГАН ХҮН ЯДУУСЫН ЭГНЭЭНД ШИЛЖИХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА”
УИХ-ын дарга чуулганы хуралдааны үеэр гишүүдийн тойрогтоо ажилласан нөхцөл байдлыг дүгнэхдээ “Үнийн өсөлт инфляцтай холбоотой асуудалд УИХ онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлагатай. Иргэдийн саналыг сонсож, дүгнэж үзэхэд өнөөдөр тулгарч байгаа гол асуудал нь үнийн өсөлт байна. Нэн ялангуяа, эдийн засаг агшиж бараа бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн нь иргэдийн худалдан авах чадварыг доройтуулж амьжиргаанд нь сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр энэ нь гадаад хүчин зүйлээс шалтгаалсан ч анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй. Инфляцын түвшин 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6.2 хувь байсан нь одоо 16 хувьд хүрсэн.
Энэ нь Төв банкны УИХ-аас баталсан зорилтоос давсан. Инфляцийн өсөлтөд шатахуун болон хүсний бүтээгдэхүүний үнэ ихээхэн нөлөөлж байна. ҮСХ болон Дэлхийн банкны тооцооллоор амьжиргааны өртөг 10 хувь өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэжээ. Иймээс ард иргэд баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд “Үнэ өсөөд байхад баяр цэнгүүн ярилаа” гэж биднийг шүүмжилж байна. Ажлын хэсэг байгуулж, үнийн өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байгааг судлах хэрэгтэй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )