211 мянган иргэнийг ядуусын эгнээнд шилжүүлэх ҮНИЙН ӨСӨЛТ-ийг зүгээр хараад суухгүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Үнийн өсөлтийн эрчим буурахгүй байгаатай холбоотойгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөн 10 хувьд хүргэх шийдвэрийг өнгөрсөн сарын 22-нд   гаргасан билээ.

Инфляцыг өдөөж буй гадаад шалтгаанууд богино хугацаанд  шийдвэрлэгдэх боломж хомс харагдаж буй өнөөгийн нөхцөл байдалд мөнгөний бодлогыг нэмж хатууруулах, Бодлогын хүүг  энэ удаад 1 нэгж хувиар нэмэх байх гэсэн сөрөг  хүлээлт ийнхүү  албан ёсоор биежсэн. 

Гэхдээ мөнгөний бодлогын шийдвэр иргэдийн худалдан авах чадварт хүрч хэрэгжих хүртлээ хэдий хугацааг туулах вэ гэдэг дээр талцсан байр сууриудыг эдийн засагчид илэрхийлж буй. 

Төв банкны зүгээс гадаад, дотоод  шокуудын нөлөөгөөр инфляц эргэн буурч, Төв банкны зорилтот интервалд орж тогтворжих хугацаа 2 улирлаар хойшилж байна. Цаашид хил, боомт дээрх удаашрал үргэлжлэх, гадаад суурь хүү илүү хурдан өсөх, инфляцын хүлээлт өсөж болзошгүй байгаа нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинээс өсгөх гол эрсдэл болж байна хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл өчигдөр /2022.06.30/ УИХ-ын дарга Г.Занданшатар инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна хэмээн мэдэгдлээ. 

Тэрбээр "Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөгөөр бий болсон тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал болон геополитикийн хурцадмал байдал нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт 1990-ээд оны шилжилтийн үеэс хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байгаа нь тодорхой байна.

Инфляцын түвшин жилийн өмнө буюу 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1, Улаанбаатар хотод 16.2 хувьд хүрлээ. Энэ нь Төв банкны инфляцын зорилтоос давсан төдийгүй, сүүлийн 10 жилд болж байгаагүй хамгийн өндөр өсөлт болж байна. Инфляц 2.5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж байна.

Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн нь бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд:

Төмс кг нь 970 төгрөгөөс 2500 төгрөг болж, 158 хувь буюу 2.5 дахин; лууван кг нь 2000 төгрөгөөс 4700 төгрөг болж, 135 хувь буюу 2.3 дахин; ургамлын тос литр нь 4300 төгрөгөөс 9500 төгрөг болж 121 хувь буюу 2.2 дахин; байцаа кг нь 3000 төгрөгөөс 5200 төгрөг болж 73 хувь буюу 1.7 дахин; элсэн чихэр кг нь 2700 төгрөгөөс 3750 төгрөг болж 39 хувь;   “Атар” талх ширхэг нь 1280 төгрөгөөс 1700 төгрөг болж, 34 хувь; “Сүү” ХК-ийн 1 литр сүү 2830 төгрөгөөс 3600 төгрөг болж 27хувь;   Цагаан будаа кг нь 3650 төгрөгөөс 4600 төгрөг болж 26 хувиар үнэ нь нэмэгджээ.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ч энэ жишгээр нэмэгдсэн байна. Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ орон нутагт очихдоо тээвэр, шатахууны зардал нэмэгдэж, илүү өндөр үнээр хүрдэг.

2021 оны зургадугаар сартай харьцуулахад АИ-92, АИ-95, дизель түлшний жижиглэнгийн үнэ литр тутамдаа 164 хувь буюу 1.6 дахин нэмэгдсэн нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэг суурь шалтгаан болж байна.

Түүнчлэн гадаад хүчин зүйл буюу цар тахал, хорио цээрээс үүдэлтэй тээвэр логистикийн хүндрэл болон олон улсын ээдрээт нөхцөл байдал нөлөөлж байгаа нь тодорхой юм. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ 1.7 дахин, хүнсний түүхий эдийн үнэ 76 хувиар өссөн байна. Үүнтэй холбоотойгоор инфляц дэлхийн нийтийн зовлон боллоо. Тухайлбал, АНУ болон Европын холбооны улсуудад сүүлийн 40 жилийн хугацаанд гарч байгаагүй өндөр үнийн өсөлт ажиглагдаж байна.

Хэдийгээр гадаад, дотоод шалтгаан нөхцөл байгаа, үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш, дэлхий нийтийн эмзэг асуудал болоод байгаа ч бодлого боловсруулах, хууль тогтоох үүрэгтэй Улсын Их Хурал үүнийг зүгээр хараад сууж болохгүй ээ.

Өнгөрсөн 4 дүгээр сард УИХ-аас үнийн өсөлтийг хязгаарлах хууль баталсан нь дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах зарим үр дүнд хүрсэн боловч инфляц 2022, 2023 онуудад  хоёр оронтой тоонд хадгалагдах эрсдэлтэй байгааг Монголбанк болон ОУВС-гийн хийсэн төсөөллөөс бид харж болно.

Түүнчлэн үнийн өсөлт ирэх намар буюу оны эцэст хамгийн өндөр түвшинд хүрэх магадлал байгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж байна.

Үнийн өсөлт ийнхүү удаан үргэлжлэх нь ядуурлын түвшинг нэмэгдүүлэх нь нэгэнт тодорхой. Тухайлбал, Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн тооцооллоор иргэдийн орлого нэмэгдэхгүй үед амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж үзсэн байна.

Иймд инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ ажлын хэсэг:

Нэгдүгээрт, Улсын Их Хурлаас баталсан “Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эрчимжүүлэх;

Хоёрдугаарт, Мөнгөний бодлого болон төсвийн бодлогын хүрээнд инфляцыг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авах чиглэлээр холбогдох судалгаа дүгнэлт хийж, авах арга хэмжээний саналаа Улсын Их Хуралд танилцуулах;

Гуравдугаарт, Эрэлт талаас инфляц өдөөхгүй байх зорилгоор бодлогын хүүг шаардлагатай бол нэмэгдүүлэх, Төв банкны зарим хөтөлбөрүүдийг хумих боломж байгаа эсэхийг судлах;

Дөрөвдүгээрт, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, төсвийн алдагдлыг бууруулах нэмэлт арга хэмжээ авах санал боловсруулах;

Тавдугаарт, Халамжийн бодлого, арга хэмжээг эргэн харж, зөвхөн эмзэг, амьжиргааны түвшин доогуур зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор шаардлагатай судалгаа, шинжилгээ хийж, холбогдох хууль, тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн барих зэрэг чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгой анхаарлынхаа төвд зайлшгүй байлгах шаардлагатай байна.

Тиймээс энэ чиглэлээр холбогдох судалгаа, дүгнэлт хийж, санал санаачилга гаргаж ажиллахыг Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ хандан уриалъя" гэсэн юм.

Дашрамд сануулахад, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогын сүүлийн  шийдвэр гаргахад харгалзан үзсэн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн төлөвийн талаар дараах  мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Гадаад эдийн засгийн төлөв өмнөх улирлаас муудсан дүр зурагтай байна. Тухайлбал: Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах, улмаар манай экспортын бүтээгдэхүүний гадаад эрэлт муудах эрсдэл нэмэгдсэн,

Украин дахь дайн, үүнээс улбаатай эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ үргэлжилсэн хэвээр,

Глобал түвшинд инфляцын өсөх дарамт үргэлжлэхээр байгаагаас төв банкууд мөнгөний бодлогоо илүү хурдан хатууруулах төлөвт шилжүүлж байгаа зэрэг нь голлон нөлөөлж байна гэсэн юм.

УИХ, Төв банкны удирдлагууд үнийн өсөлтийн талаар ийм байр суурь илэрхийлж буй бол эдийн засагчдын зүгээс ч анхаарал татсан зүйлийг хэлж буй.

Тухайлбал, эдийн засагч Б.Эрдэнэбат  "Импортлогчид Засгийн газартай нийлээд хоорондоо тохиролцдог бус үнээр өрсөлддөг байсан бол үнэ буурах ёстой байсан.

Нөгөө талаас дэлхийн зах зээлийн үнэ өсөхөд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлаар бид үнийг нь татаастай болгох гэж байна. Уг  нь үр ашиггүй хэрэглээнүүд энэ үед багасаж, хүмүүс автомашинаар зорчдогоо багасгаж нийтийн тээврээ сайжруулах гэж оролдох, алхах, дугуй унах,  цахилгаан, эсвэл бензин бага хэрэглэдэг автомашины эрэлт өсөх гэх мэт орлуулах бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт нэмэгдэж, эдийн засаг  дасан зохицож байх ёстой.

Өчүүхэн жижиг эдийн засагтай бид дэлхийн зах зээлийн үнийн механизмтай төсвийн алдагдлаараа тэмцэнэ гэвэл маш хурдан дампуурна.

Иймд үнэ хөдөлж байвал бид зах зээлийн механизм ажиллаж байна даа гэж  баярлах ёстой. Энэ нь зүйрлэвэл автомашины удирдах самбар дээр байдаг хурд хэмжигчийн зүүтэй адилхан зүйл. Хэрэв энэ нь хөдлөхгүй эсвэл та хүчээр бариад хөдөлгөхгүй байвал үр дүн  нь танд л муу, осол болох нь тодорхой" гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(202.9.46.228) 2022 оны 07 сарын 02

Baraanii vne buurax uu.

0  |  0
сонгогч(202.9.46.12) 2022 оны 07 сарын 01

211 мянган иргэнийг ядуусын эгнээнд шилжүүлэх ҮНИЙН ӨСӨЛТ-ийг зүгээр хараад суухыг хүсэхгүй бга бол УИХ н гишүүн бүрд өгөх 3,0 тэрбум буюу нийт 228,000,000,000 төгрөгөө хэмнэж ядуусаа харж үз

0  |  0
Top