Сэтгүүлзүйгээс Хөдөлмөрийн баатар төрж, МСНЭ ерөнхийлөгчөө сонголоо

2022 оны 07 сарын 07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад сэтгүүлч, багш, нийтлэлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор өчигдөр (2022.07.07) шагналаа.

Тэрбээр улсад 74 жил хөдөлмөрлөхдөө 66 жилийг нь  хэвлэл мэдээллийн салбарт зориулж, өдөр тутмын хэвлэл болон радио, телевизийн байгууллагын бодлогын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллажээ.

Мөн ард түмнээ соён гэгээрүүлэх олон арван өгүүлэл, нийтлэл туурвин, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэх, радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн ажил хөдөлмөр, бүтээлч санаачилгийг өндрөөр үнэлэн тус шагналыг олгосон байна.

 

 

Сэтгүүл зүйн салбараас Хөдөлмөрийн баатар төрсөн энэ өдөр нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ XVIII их хурлаа хийж, Ерөнхийлөгчөө сонгох үйл явдалтай давхацсанаараа онцлог байв.

МСНЭ-ийн Ерөнхийлөгчид  NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, ТВ-5 телевизийн продюсер Ө.Отгонбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн юм. XVIII их хурлын төлөөлөгчдөд 315 мандат олгосон. Үүнээс 256 төлөөлөгч МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад оролцжээ.

Санал хураалтын нэгдсэн дүн гарахад М.Батхишиг 38, Л.Нинжжамц 85 хүний санал тус тус авсан бол Ө.Отгонбаатар 136 хүн буюу 53.1 хувийн саналаар МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр  сонгогджээ.

 

С.Цэцэг

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.181.130) 2022 оны 07 сарын 07

Хэхэ, сэтгүүлчид ГОМО ерөнхийлөгчтэй болж дээ, эрэгтэй царайлаг сэтгүүлч нар ч баларсаан.

0  |  0
Top