Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Монголын үндэсний олон нийтийн телевизийн тулгын чулууг тавилцан хэвлэл мэдээллийн салбарт 50 гаруй жил хөдөлмөрлөж, олон мянган нэвтрүүлэг, реклам сурталчилгаа, зуу зуун баримтат киноны тайлбарыг ард түмэндээ хүргэж, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд хөтлөн явуулж, салбарын олон арван алдартныг бэлтгэн төрүүлсэн, телевиз, радиогийн нэвтрүүлгийн чанарыг сайжруулахад оруулсан бүтээлч санаачилга хийгээд хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гончигжавын Чулуунбат,
Монголын үндэсний олон нийтийн радиод тасралтгүй 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж, улс төр, нийгэм, эдийн засгийн олон мянган мэдээллийг ард түмэндээ уншиж сонордуулсан, шинэ залуу боловсон хүчнийг сурган дадлагажуулахад гаргасан хичээл зүтгэл болон радио нэвтрүүлгийн 100 гаруй бүтээл туурвин Монголын радиогийн алтан фондыг чанартай бүтээлээр баяжуулах бүтээлч санаачилга, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монголын үндэсний олон нийтийн радиогийн ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Гаваагийн Отгон нарыг Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагналаа.
Сэтгэгдэл ( 0 )