Дахин давтагдаагүй УЛСЫН ИХ ХУРАЛ

2022 оны 07 сарын 07

-Монгол Улсын (1992 оны) үндсэн хуулийг “амьд” болгох зорилтыг хэрэгжүүлсэн парламент-

Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль нь гадаад ба дотоодын хүчин зүйлсийн нөлөөн дор боловсрогдон батлагдсан билээ. Гадаад хүчин зүйл нь ЗХУ-д явагдсан өөрчлөн байгуулалт (перестройка), социалист хамтын нөхөрлөлийн Зүүн Европын улс орнуудад болсон эсэргүүцлийн жагсаал цуглаан, ажил хаялт, чөлөөт сонгууль, тэдгээрийн үр дүн зэрэг юм. Эдгээрийн шууд нөлөө болон даган дуурайх замаар Монгол Улсад дотоод хүчин зүйл үүсэж бүрэлдсэн бөгөөд тус улсад шинээр үүссэн улс төрийн намуудын тулган шаардалтаар засгийн эрхийн тухай асуудлыг тайван замаар буюу шинэ сонгууль болон хууль тогтоох замаар шийдвэрлэж, төрийн дээд шинэ байгууллагын тогтолцоо бүрэлдүүлэх улс төрийн зөвшилцөлд хүрсэн билээ.

1990 оны долоодугаар сард явагдсан чөлөөт сонгуулийн үр дүнд байнгын ажиллагаатай Улсын Бага хурал байгуулагдаж, шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал боловсруулах, төсөл бэлтгэх, хэлэлцэх, ард нийтээр хэлэлцүүлэх, батлах ажил үйлсийг өрнүүлсэн юм.

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол хийгээд нийгэм, төрийн байгууллын шинэ үндэс тулгуурыг бататгаж, нийгэмд хүний эзлэх эрх зүйн байдал, төрийн байгууламж, засаг төрийн эрх мэдлийн хуваарилалт, түүний байгууллагын болон нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, Үндсэн хуулийг хамгаалах хяналтыг тогтоон бэхжүүлснийг бусад хууль тогтоомжтой нийцүүлж, 1996 он гэхэд хууль тогтоомжийг Үндсэн хуульд бүрэн нийцүүлж дуусгах түүхэн хариуцлагыг анхны УИХ нэр төртэй биелүүлж чадсан байна.

Энэ УИХ-д шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэж батлахад биечлэн оролцсон АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн 30 шахам хүмүүн, түүний дотор Монгол Улсын Үндсэн хуулийн эх баригч сонгогдсон нь Үндсэн хуулийн үзэл баримтлал ба агуулгад хууль тогтоомжийг нийцүүлэх үйл явцыг ул суурьтай хэрэгжүүлэхэд шууд нөлөөлжээ. Анхны УИХ асар их ачаалалтай, нэн хариуцлагатай ажилласан бөгөөд энэ үед ажлын зургаан өдөртэй байсны зэрэгцээ УИХ-ын нэгдсэн чуулган 75-аас доошгүй хоног хуралддаг байсныг дурдах ёстой. Анхны УИХ 137 шинэ хууль баталж, 142 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж, сая хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн шинэтгэх ажлыг бүрэн эрхийнхээ хугацаанд хийж дуусгажээ.   

 

ӨНДӨР ЧАДАВХТАЙ УИХ

 

Анхны УИХ-ыг дараагийн УИХ-уудаас хамгийн их оюуны чадавхтай  байсан гэж дүгнэхэд ташаарал болохгүй байх аа. Энэ УИХ-ын  гишүүдийн бүрэлдэхүүн Монголын нийгмийн гурван үеийн буюу ахмад ба дунд, залуу үеийнхнийг хослуулж чаджээ. Дунд үеийнхэн буюу 35-аас дээших настай гишүүд нийт гишүүдийн  талаас илүү хувийг эзэлж байжээ. Шахсан бяслаг шиг загссан үлэмжийн баялаг туршлага бүхий 15 гишүүн 50-иас дээш насандаа сонгогдсон бөгөөд тэдний  хамгийн ахимаг хоёр гишүүн нь сонгогдох үедээ 59 настай байжээ.

25-35 насны цэл залуу 11 гишүүн ахмад үеэсээ их зүйлийг сурч чадсан юм. Өргөн мэдлэгтэй, зангарагтай, арвин туршлагатай, үндэснийхээ өв уламжлалыг сайтар мэддэг эрхмүүд (жишээлбэл, А.Базархүү, Д.Бямбасүрэн, Ж.Гомбожав, Ц.Гомбосүрэн, Д.Данзан, Ч.Дашдэмбэрэл, Б.Дэмбэрэл, Д.Дэмбэрэл, П.Жасрай, М.Зэнээ, Д.Мөнхөө, Ц.Намхайнямбуу, Ж.Норовсамбуу, Ч.Пүрэвдорж, Т.Султан, Н.Тогтох, Ж.Урт­насан, Ч.Хурц, Б.Чимид, С.Чулуунбаатар, Р.Цагаанхүү, Г.Цэдэндагва нарын зэрэг гишүүд) анхны УИХ-ын залуур болж байв.

Анхны УИХ-ын гишүүдийг мэргэжлийн хувьд авч үзвэл 25 хувь нь эдийн засагч, 17.1 хувь нь хуульч, 14.5 хувь нь багш, 10.5 хувь нь зохиолч, сэтгүүлч, 9.2 хувь нь эмч, 5.2 хувь бусад мэргэжлийн хүмүүс байжээ. Монголын нүүдлийн соёл иргэншлийн төлөөлөл болсон Хөдөлмөрийн баатар, малчин (Ц.Намхайнямбуу) УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан нь УИХ эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийн үүднээс асуудлыг  шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байв. Эрдмийн цол, зэрэг бүхий хүмүүс нийт гишүүдийн 40 шахам хувийг эзэлж байсан нь энэхүү УИХ ямар оюунлаг байсныг бэлхэнээ харуулна.

 

УЛС ОРНОО ДАМПУУРАХААС АВАРСАН УИХ

 

Анхны УИХ үйл ажиллагаагаа эхэлсэн 1992 онд Монгол Улсын санхүү, эдийн засаг дампуурахад их ойртсон жил байв. Зээл, буцалтгүй тусламж үзүүлж ирсэн ЗХУ болон социалист хамтын нөхөрлөлийн орнууд задран бутарч, эдийн засгийн гүн гүнзгий хямралд орсны улмаас материал түүхий эд, сэлбэг хэрэгслийн хангалт бүрэн зогссон, валютын нөөц шавхагдсан, улсаас үзүүлдэг татаасгүй болсон зэргээс шалтгаалж, үйлдвэр, аж ахуйн газрууд бараг цөмөөрөө үүдээ барьж, ээлж дараалан дампуурав. Инфляцын өсөлтийн хурдац сард дунджаар 27 хувь болж өссөөр улмаар 325 хувьд хүрч, шатахуун тослох материал, сэлбэг хэрэгсэл, түүхий эд тасалдсанаас үр тариа хураалт 40 хувь, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 23 хувиар буурчээ.

Хүн амын амьжиргааны түвшин эрс доройтож, өлөн зөлмөн амьдрал, өлсгөлөн нүүрлэж, хүнсний гол нэр төрлийн нэн тэргүүний хэрэгцээт бүтээгдэхүүний хүрэлцээ хангамж туйлын хомсодсоны улмаас хүнсний гол нэрийн барааг картаар хуваарилах системд шилжүүлсэн хүнд хэцүү нөхцөл байдалтай анхны УИХ нүүр тулав. Анхны УИХ, түүний байгуулсан Засгийн газар зах зээлийн эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төсөв санхүү, мөнгө, зээлийн харилцан уялдаатай хатуу бодлого боловсруулж явуулах, жолоодлогогүй болсон инфляцын хор уршгийг таслан зогсоох, үнэ, тарифыг чөлөөлж үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөлөх, үндэсний валютын худалдан авах чадварыг тогтворжуулах, өмч хувьчлалыг гүйнзгийрүүлэх зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авсны үр дүнд 1992 онд 325 хувьтай байсан инфляцын түвшин 1996 оны байдлаар 46 хувь болж буурав. 1993 оноос эхлэн хүн амын мөнгөн орлого, төсөвт байгууллагад дундаж цалин, тэтгэврийн өсөлт инфляцын өсөлтийг гүйцэхүйц хэмжээнд хүрч чадав. Ийнхүү анхны УИХ, түүний байгуулсан Засгийн газар улс орноо санхүү, эдийн засгийн дампуурлаас аварч, эдийн засгийн сүйрлийг зогсоож, цаашдын хөгжлийн суурийг сайтар тавьж чадсан гэж бахархалтай дүгнэж болно.

 

ХАМГИЙН ЁС СУРТАХУУНЛАГ УИХ

 

Анхны УИХ-ын гишүүд нь дараа дараагийн УИХ-тай  харьцуулахад хамгийн ёс суртахуунлиг гишүүд байсан гэж нүүр бардам дүгнэж болно. Тэднийг ёс суртахуун, мэдлэг чадвар, туршлагаар нь нэрийг нь дэвшүүлж, сонгогчдоор шилж сонгуулсан учраас сонгогдсон гишүүдийн дотор шуналд автагдсан, хахуульд идэгдсэн, гишүүний бүрэн эрхээ албан ажлын ашиг сонирхолд хортой урвуулан ашигласан, албан тушаал улайран хөөцөлдсөн, өргөсөн тангаргаасаа няцсан нэг ч тохиолдол гараагүй юм. Энэ учраас ч анхны УИХ байгуулсан Засгийн газраа бүрэн эрхийнх нь хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлөөр хангаж чадсан билээ.

УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх (66 гишүүн) нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд тооцож (1999 онд ердийн олонх болгосон), чуулганд оролцсон нийт гишүүний олонхын саналаар хуулийн төслийг зүйлчлэн, шүүн тунгааж баталдаг байсан. УИХ-ын гишүүдийн ирц ийм босготой байхад нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг тасална гэсэн төсөөлөл байсангүй. Хожимдож хуралдаан эхэлсэн тохиолдол ч тун цөөн. Улсын Бага Хурлаас баталсан нэн “бага” цалингаар дөрвөн жилийг анхны УИХ-ын гишүүд тэсэж гарсан. Цалингаа нэмэхийг гишүүний ёс зүйд харш хэмээн үзцэгээж байв. Хуралдаанд ирэх болон харихдаа хол гэртэй гишүүдийг микро автобусаар  зөөвөрлөдөг байсан. Анхны УИХ-ын гишүүд ийм л гайхалтай эгэл даруухан хүмүүс байв. МАХН-аас нэр дэвшиж, анхны УИХ-д сонгогдсон 71 гишүүдийн дотор ашиг сонирхлын элдэв бүлэглэл, хагарал гараагүй юм. Энэ нь МАХН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бусармаг ашиг сонирхлын үүднээс санхүүжүүлсэн элдэв ивээн тэтгэгч байгаагүй учраас  тэдэнд “барьцаалагдах” асуудал тулгарсангүй.

 

СӨРӨГ ХҮЧНИЙ ҮҮРГИЙГ НЬ ГҮЙЦЭТГҮҮЛСЭН УИХ

 

Анхны УИХ-д МоАН-МҮДН-НН-ын “Ардчилсан холбоо” эвслээс дөрөв, МСДН-аас нэг гишүүн сонгогдож, намын бүлгийн зохион байгуулалтаар ажиллах боломжоо алдсан хэдий ч сөрөг хүчний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадсан бөгөөд тэд дотроо эв нэгдлээ сайтар ханган ажилласан юм. Олонхын зүгээс сөрөг хүчний­хэнд үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэх бололцоог бүрэн хангаж байсан. Цөөнхийн хэрэгтэй санааг олонх ч тусган авч хэрэгжүүлж байсан. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “ганц дайчин ганцаардахгүй” гэгчээр үзэл бодлоо чуулганы явцад их чөлөөтэй илэрхийлдэг байв. Цөөнхийн гишүүд олонхын бөөцийлөлд байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэднийг олонхын зүгээс ялгаварлан гадуурхах, хохироох нэг ч үйлдэл хийж байгаагүй болно.

Зарим үед сөрөг хүчнийхэн олон түмний дэмжлэгт дулдуйдан олонхтой хүчтэй харгалдан сөргөлдөх алхамд нэг бус удаа хүрч байсныг дурдах ёстой. Энэ талаар анхны УИХ-ын хаалтын (УИХ-ын 1996 оны чуулганы долдугаар сарын 16-ны өдрийн) чуулганд цөөнхийн төлөөлөгч хэлсэн үгэндээ “Дөрвөн жил бид энэ танхимд хамт сууж, халуухан амьдралаар амьдарч ирснийг бид бүгдээрээ мэднэ. Бид бүгдээрээ өөр өөр намыг төлөөлж, ажиллаж ирсэн тул санал бодол зөрж, маргалдах явдал гарч байсныг бид бүгдээрээ ойлгож байна. Гэхдээ энэ бүх халуун маргааны цаана Монголоо, ард түмнээ гэсэн санаа зориг энэ танхимд хуран цугларсан хүн бүрийн сэтгэл зүрхэнд байсанд эргэлзэхгүй байна” гэж онцлон тэмдэглэснийг дурдах учиртай.

 

АНХНЫ УИХ ӨГӨӨЖӨӨ ХАРАМГҮЙ ХАЙРЛАСАН

 

Анхны УИХ-ын гишүүдийн дундаас таван (Б.Чимид, Б.Лхагвасүрэн, Н.Жан­цанноров, Ч.Хурц, Ч.Дашдэмбэрэл) Хөдөлмөрийн баатар, хоёр (С.Нарангэрэл, Ц.Гомбосүрэн) Төрийн соёрхолт төрөн гарсан байна. Академич гэхэд (Монгол Улсын ШУА-ийн гишүүн) гурав (С.Нарангэрэл, Ж.Болдбаатар, С.Нямзагд), шинжлэх ухааны доктор тав (С.Төмөр, Д.Лүндээжанцан, Н.Багабанди, Ч.Ган-Өлзий, Н.Жанцанноров) төрөн гарчээ. Докторуудыг дурдвал улам олон болох болно. Монгол төрийн хожмын дээд албан тушаалтнууд анхны УИХ-д бэлтгэгджээ. Тухайлбал, Мон­гол Улсын гурван (Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэг­дорж) Ерөнхийлөгч, УИХ-ын долоон (Р.Гончигдорж, Н.Багабанди, Б.Энэбиш, Н.Энхбаяр, Ц.Ням­дорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл) дарга, гурван (М.Энхсайхан, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж) Ерөнхий сайдыг нэр­лэж болно. Ийнхүү анхны УИХ-ын гишүүн нь байсан олон хүмүүнд итгэл, үр өгөө­жөө харамгүй хайрласан он жилүүдийг түүх болгон үлдээжээ.

                                 

ЭРГЭЦҮҮЛЭЛ БОДРОЛ

 

Одоогоос 30 жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлэн явуулсан байнгын ажиллагаатай, нэг танхим бүхий УИХ-д цаашдаа чухам юу дутагдаж, чухам юу чухалчлагдаж байна вэ. Улстөрчдийн эцсийн зорилго нь эх орондоо сайн сайхан амьдрал буй болгох явдал хэмээсэн дэлхийн суут долоон сэтгэгчдийн тэргүүнд эрэмбэлэгддэг аугаа Аристотелийн одоогоос 2500 жилийн өмнө дэвшүүлсэн энэхүү санаа манай УИХ-д дутагдаж байж болзошгүй юм. Сайн засаглал бол шударга ёс, эс шунахуй, үүрэг ба хариуцлага, жудаг, нинжин сэтгэл, нэр төр, итгэл, эелдэг найрсаг ёс, эв эе, атгаг бус сэтгэлийг амин сүнсээ болгосон хууль мөн. Их эзэн Чингис хааны “Хаан миний бие умард зүгийн их хээр талд аж төрөн сууж, чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоон адуучин үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг хүүхэдтэйгээн адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээн мэт хүндэлж, эе эвийг сахиулж, энэрэл хишгээ түгээж явна” хэмээсэн сургаалд өнөөгийн сүйрэл, хямралдаан, тэрсэлдээн, хагарлаас хүн төрөлхтнийг аврах далдын асар их хүч агуулагдаж байгаа юм биш биз гэсэн бодрол өөрийн эрхгүй төрдөг юм.

Академич, анхны УИХ-ын гишүүн асан С.НАРАНГЭРЭЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top