НАМАЙГ ДУУРАЙГТУН

Админ | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Дөрвөн жил тутам болдог волейболын дэлхийн аваргатай, энэ 2022 он. Эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн ДАШТ Польш, Словений гурван хотод өчигдөр (8.26) эхэлсэн. Энэ тэмцээн уг нь ОХУ-д зохиогдох товтой байсан ч та бидний сайн мэдэх шалтгаанаар Олон улсын волейболын холбооноос (FIVB) ОХУ-ын волейболын холбоонд "бан " хүртээсэн тул тэмцээн зохиох, оролцох эрхээ хасуулсан билээ.

Польш, Словенид волейболын эрэгтэйчүүдийн дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж буй бөгөөд есдүгээр сарын 11-нд шинэ дэлхийн аварга багийн нэр тодрох юм.

1949 оноос хойш зохиогдсон эрэгтэйчүүдийн ДАШТ-д ердөө долоон улсын баг л түрүүлж, дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг хүртэж байсан бөгөөд ЗХУ  зургаан удаа, Бразил, Итали, Польш тус бүр гурван удаа, Чехословак хоёр удаа, АНУ болон Зүүн Герман тус бүр нэг удаа алтан медаль хүртэж байв.

Эрэгтэйчүүдийн ДАШТ дуусмагц хэдхэн хоногийн дараа буюу есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 15-ныг хүртэл эмэгтэй волейболчдын ДАШТ Холланд, Польшид болно. Мөн шилдэг 24 баг өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн ДАШТ анх 1952 онд зохиогдсон бөгөөд энэ жилийн ДАШТ 19 дэх удаагийнх болно. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд мөн л долоон улсын баг дэлхийн аварга болж байв.

Тухайлбал ЗХУ/ОХУ ( ЗХУ -5, ОХУ-2), Япон, Куба тус бүр гурав , БНХАУ хоёр, АНУ, Итали, Серби тус бүр нэг түрүү хүртжээ.

Эцэст нь нэг дурсамж өгүүлэхэд волейбол хэмээх гайхамшигт нэгэн спорттой анх Японы домогт дасгалжуулагч Хирофүми Даймацүгийн "Намайг дуурайгтун" хэмээх номыг уншиж "танилцаж" байсан маань одоо ч волейболын олимп, дэлхийн хэмжээний уралдаан, тэмцээн үзэж, сурвалжилж явахад минь байнга бодогддог билээ.

Нэрт дуун хөрвүүлэгч Г.Амар мөн ч гоё орчуулсан , мөн ч сонирхолтой ном доо.

Салбартал нь хэд ч уншсан юм бүү мэд.

Аль ч спортын төрөлд гайхамшигтай амжилт үзүүлж, түүхэнд тодоор бичигдсэн баг, тамирчид байх. Тэдний амжилтын ард дасгалжуулагч бий. Тэдний нэг нь Хирофүми Даймацү.

Волейболын төдийгүй спортын ертөнцөд төрсөн хамгийн агуу дасгалжуулагчдын нэг Даймацү 1921 онд төрсөн бөгөөд дунд сургууль, их сургуулийнхаа волейболын багт тоглодог байжээ. Кансай их сургуулиа дүүргээд "Ничибо" үйлдвэрт ажилд орж, 1941 онд цэргийн албанд татагдан Дэлхийн II дайнд оролцож, тулалдаж явсан гэдэг.

1948 оноос Осакагийн Кайзүка хотын "Ничибо" нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрийн волейболын эмэгтэй багийг дасгалжуулж эхэлжээ. Даймацүгийн зорилго үйлдвэрийн багийг Японы шилдэг баг болгох. Харин энэ зорилгодоо хүрэхийн тулд өөр хаана ч, хэн ч хийлгэж байгаагүй асар өндөр ачаалалтай, дээд зэргийн хатуу сахилга баттай (цэрэгт явж, дайны утаа үнэрлэсэн хүн болохоор аргагүй л байх), хамгийн их тэсвэр тэвчээр, хатуужил шаардсан бэлтгэл хийлгэдэг байв. Бэлтгэл нь бараг л " там" байсан гэлцдэг. Тиймээс ч Даймацүг "Чөтгөр", "Эмэгтэйчүүдийн дайсан" гэх зэргээр хочилдог байжээ.

Бэлтгэлийг таслах бүү хэл хоцрох "зүрхтэн" багийн тамирчид дунд байгаагүй гэдэг. Хурууны ясаа хугалаад, мухар олгойгоо авхуулаад л бэлтгэл тэмцээндээ эргэн орж байсан тухай номд нь гардаг. Ядрах туйлдах, ухаан алдах бол юу ч биш. Үндсэн ажлаа тараад оройн таван цагаас эхэлсэн бэлтгэл шөнө дунд голдуу дуусдаг, охид өдөрт 5 цаг л унтдаг байсан гэлцдэг.

Гэсэн хэдий ч "Ничибо" багийн бүсгүйчүүд дасгалжуулагчдаа итгэдэг байлаа.

Удалгүй "Ничибо" багийн нэр Япон даяар цуурайтах болов. 1953 онд "Ничибо" Японы 9х9 -ийн АШТ-д (Азийн систем буюу талбайд баг тус бүр 9 хүнтэй тоглодог байсан) түрүүлж, 1958 онд олон улсын жишгээр зохиогдсон 6х6 системээр Японы аварга болжээ.

Нийтдээ "Ничибо" Японы аварга цолыг 9х9 -өөр гурав, 6х6 -аар зургаан удаа хүртсэн байдаг.

1960 онд Даймацү Японы шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдов. Угаасаа Японы шигшээг "Ничибо"-ийн охид бүрдүүлж байсан юм.

Даймацү дахин зорилгоо шинэчлэв. Жирийн нэг үйлдвэрийн ажилчин охидыг Японы аварга болгож болсон юм чинь Японы шигшээ багийг дэлхийн аварга болгож яагаад болохгүй гэж???

1960 онд Бразилд болсон тэмцээнд "Ничибо"-ийн охидоос бүрдсэн Японы эмэгтэйчүүдийн шигшээ баг дуулиан шуугиан тарин мөнгөн медаль хүртлээ.

Энэ нь Даймацүд хангалтгүй байлаа. Тэрээр охидоо нуруурхаг Европын багуудтай олон тоглуулж, тэднийг ялж байж Дэлхийн аварга болох юм байна гэдгийг сайтар ойлгожээ.

Тиймээс ч 1961 онд Даймацү охидоо аваад Европын орнуудаар аялан тоглолт хийв. Нийтдээ Европын улс улсын шигшээ багуудтай 24 тоглолт хийж, 24 дараалсан ялалт байгуулав. Түүний багийг "Алс Дорнодын хар салхи", "Номхон далайн илбэчид" , зарим нь бүүр "Дорно дахины шулмууд" хэмээн нэрлэх болов.

Одоо "Ничибо" -г, Японы волейболын эмэгтэй шигшээ багийг, Даймацүг дэлхий даяар мэджээ.

1962 онд ЗХУ-д болсон ДАШТ-д Японы баг 9 тоглолт хийж, 9 хожин анх удаагаа Дэлхийн аварга болов. Энэ 9 тоглолтод ердөө ганцхан парт (27:1) алдсан нь талбайн эзэн, тухайн үед 3 удаагийн ДАШТ-д гурвууланд нь түрүүлээд байсан хүчирхэг ЗХУ-ын багтай тоглоход алджээ.

1964 онд Япон улс, Токио хот Зуны Олимпын наадмыг зохион байгууллаа.

Энэ олимпод волейболын спорт (эр, эм) анх удаагаа олимпын хөтөлбөрт анх удаа багтсан бөгөөд Даймацүгийн шавь нар 5 тоглон 5 хожин Олимпын анхны аварга болохдоо мөн л ганцхан партад (хүрэл медаль хүртсэн Польшийн багт) хожигдсон ажээ.

Ийнхүү Даймацүд үүнээс цааш хүрэх амжилт, тавих зорилго үлдээгүй учир дасгалжуулагчийн ажлаасаа " зодог тайлжээ".  Түүний ихэнх шавь нар мөн их спортоо орхисон аж.

Даймацү БНХАУ-д уригдан ажиллаж, хожим улс төр, нийгмийн ажилд хүчээ сорьж, волейболын спортыг нийтэд сурталчлах, түгээх үйлсэд зүтгэж, гурвын зэрэг волейболын сэдэвтэй ном бичжээ. Мэдээж хамгийн алдартай нь " Намайг дуурайгтун".

Волейболын ертөнцөд Масаэ Касай, Эмико Миямото, Кинуко Танида, Юрико Ханда, Кацүми Мацүмура, Сата Исобэ нарыг "төрүүлж" өгсөн домогт Даймацү дөнгөж 57 насандаа 1978 онд "диваажинд волейбол заахаар" одсон юм. Түүнийг тэртээх 1895 онд волейболын спорт үүссэн АНУ-ын Массачусетс мужийн Холиоке хотноо байрлах "Волейболын Алдрын танхим"-д 2000 онд залсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top