Ц.Энхтүвшин Таван цагариг сонин
-Арабын ертөнц, алаг бөмбөгийн наадам руу-
# 2 "САНТЬЯГОГИЙН ТУЛААН"
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд тодотгол нэрээр нэрлэгдэн хэзээ ч дурсагдаж, яригдаж байдаг тоглолтууд бий. Тэдний нэг нь "Сантьягогийн тулаан" хэмээн нэрлэгддэг 1962 оны ДАШТ-ий Чили-Италийн шигшээ багуудын тоглолт билээ.
Тоглолтын өмнө:
1962 оны хөлбөмбөгийн ДАШТ Өмнөд Америкийн Чилид зохиогдсоныг та бүгд мэднэ. ДАШТ-ий бэлтгэл ажил ид өрнөж байхад буюу 1960 онд Чилид хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт (эх сурвалжууд 9,2-9,6 балл гэж тэмдэглэсэн байдаг) болсон нь зохион байгуулагчдад ихээхэн төвөг учруулсан юм. ДАШТ-д зориулан найман цэнгэлдэх хүрээлэн бэлдэж байсан ч ердөө дөрвөн цэнгэлдэхэд тэмцээнийг явуулахаас өөр аргагүй болсон. Улс орон даяар учирсан гамшиг, амь насаа алдсан хүний тоо, эдийн засгийн хор хөнөөлийг яг тодорхой өгүүлсэн баримт байдаггүй. Ямар ч байсан 6000 орчим эрдэнэт хүмүүн амь насаа алдаж, олон арван мянган хүн орон гэргүй болж, улс оронд учирсан эдийн засгийн хохирлыг мөнгөн дүнгээр авч үзвэл одоогийн ханшаар бол бараг 7 тэрбум орчим ам. долларын хөнөөл учирсан гэж үздэг юм билээ.
Газар хөдлөлтөөс үүдэлтэй цунами Номхон далайг тэр чигт нь доргиож, цунамигийн давалгаа Чилийн эрэг дагуу төдийгүй Япон, Австрали, Шинэ Зеланд, Хавай, Филиппинд хүрч байсан гэхээр л аймшигтай.
Гэсэн хэдий ч ФИФА тэмцээнийг зохион байгуулах орныг өөрчлөөгүй юм. Мэдээж гамшигт учирсан ард түмнээс " нүүрээ бууруулахыг" хүсээгүй байх, мөн хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан улсын эдийн засаг тодорхой ашиг ордог, зам тээвэр, аялал жуулчлал гээд олон салбарт шинэчлэл , хөгжил ирдгийг ч бодолцсон болов уу.
Сэргээн босголтын ид үедээ яваа, ийм л нэг оронд хөлбөмбөгийн ДАШТ эхлээд байлаа.
Газар газрын хэвлэл мэдээллийн олон байгууллага, сэтгүүлч, сурвалжлагчид Чилид цугласан. Нөхцөл байдлыг ихэнх нь ойлгож, элдэв гомдол, шүүмжлэл гаргаад байсангүй. Харин Италийн хоёр сэтгүүлч, тодруулбал Антонио Жирелли, Коррадо Пиккинелли нар Чилийн тухай, Сантьяго хотын тухай, чили хүмүүсийн тухай хамгийн эрээ цээргүй үгээр хэлж, La Nazione, Corriera Della Sera сониндоо нийтлүүлж байсан нь "дайн" эхлэх шалтгаан болсон юм.
Тэд " Энд утас нь ажиллахгүй, такси нь үнэнч нөхөр шиг ховор, хөрш айлдаа захиа явуулбал таван долоо хонож байж очиж магадгүй, ард түмэн нь өлсгөлөн, бичиг үсэггүй, боловсролгүй, архидан согтуурал хавтгай, ядууралд автсан, эмэгтэйчүүд, бүсгүйчүүд нь "хямд, хөнгөмсөг" гэх мэтээр бичсэн нь чиличүүдэд хамгийн муухай доромжлол санагдаж, голдоо ортол гомдох эхлэлийг тавьсан байна.
Чилийн хэвлэл, мэдээллийнхэн ч зүгээр суусангүй хариу "гал нээж" Италичуудыг " Фашистууд, мафийнхан, сексийн гаж донтонгууд, мансуурагчид, допингийн хэрэгтнүүд" хэмээн бичиж байлаа.
Хэрэг байдал хурцдаж, Сантьяго хотын нэгэн бааранд Аргентины гэмгүй нэгэн сэтгүүлчийг итали сэтгүүлчтэй андууран "балбаж", харин "хэргийн эзэд, хэнгэргийн дохиур" болсон хоёр итали сэтгүүлч Чилийг нууцаар орхин одохоос өөр аргагүй болсон байдаг.
Тоглолт:
1962 оны зургаадугаар сарын хоёронд Сантьяго хотын "Estadio Nacional" цэнгэлдэхэд ДАШТ-ий "В" хэсгийн хоёр дахь тойргийн тоглолт талбайн эзэн Чили , 1934,1938 оны дэлхийн аварга Италийн шигшээ багуудын хооронд болсон бөгөөд цэнгэлдэхэд цөс нь хөөрч, хилэн нь бадарсан 66 000 үзэгч хуран цугларч, түүхэнд үлдсэн тоглолтын амьд гэрч болжээ. Тоглолт эхлэхийн өмнө Италийн тоглогчид баглаа цэцэгтэй гарч ирэн үзэгчид, бүсгүйчүүдэд өгч , таагүй байдлыг намжаахыг хүссэн ч ихэнх баглаа цэцэг эргээд шидэгдэж байлаа.
Тоглолтыг дэнслэх үүргийг ФИФА хашир туршлагатай англи шүүгч Кеннет Астонд оноожээ. Астон бол Дэлхийн II дайнд тулалдаж явсан, хал үзэж хашир суусан, дэд хурандаа цолтой, хөлбөмбөгийн шүүгчээр 20 гаран жил ажилласан, багшийн мэргэжилтэй, хэрийн юманд цочирдохгүй эр байлаа.
Тэгсэн хэдий ч Астон эхнээсээ тоглолтыг хяналтаасаа алдаж, олон ч алдаа гаргасан юм.
"22 тоглогчийн эсрэг би ганцаараа байсан юм. Бүх зүйл нүд ирмэх зуур өнгөрч хөлбөмбөгийн тоглолт гэхээсээ тулалдааны талбарт байгаа юм шиг санагдаж байв" хэмээн Астон хожим дурссан байдаг.
Тоглолт эхний хормоосоо л эхлэн хатуу, ширүүн толхилцоон, үг хэлээр нэгнээ доромжлолоор эхэлсэн. Бөмбөгтэй тоглогчийг ёстой л хайр гамгүй "хадуурдаж", түлхэлцэж, нулималцах бол энүүхэнд.
Ердөө найм дахь минутад Италийн Жоржио Ферриниг шүүгч талбайгаас хөөв. Тэр үед шар, улаан хуудас гэж байгаагүй, шүүгч шийдвэрээ амаараа хэлдэг байсан тул Феррини талбайгаас гарахгүй зогссоор. Энэ хооронд хоёр багийнхан зүгээр байхгүй ээ. Цохилцож, өшиглөлцөж, түлхэлцэж байв. Бараг 10-аад минут тоглолт саатан, Чилийн цагдаа нар Ферриниг гаргасны дараа л үргэлжлэв.
Алдаа, бохир тоглолт бараг л минут тутам үргэлжилж, хэр баргийн "жийлт", дэгээг бол тоох ч үгүй. Гэхдээ Чилийн тоглогчид бүдүүлэг тоглож, италичууд хариуг нь барих болгондоо хохирч байлаа.
Чилийн довтлогч Леонал Санчес Италийн булангийн тугийн өмнө тоглох үедээ унасан хойно нь Италийн Марио Давид хоёр ч удаа өшиглөөд авлаа. Санчес босож ирэнгүүтээ зүүн гарын шулуун цохилтоор Давидыг нокаутад оруулах нь тэр. Давидын аав нь мэргэжлийн боксчин байсан гэдэг.
Хачирхалтай нь Санчесийн энэ үйлдэлд шүүгч Астон ямар ч шийтгэл хүлээлгэсэнгүй.
Харин Давид "гэмтэн"-ийг өөрөө шийтгэхээр шийджээ. Боксчны хүүгийн зүүн шулуунд өртсөнөөсөө хойш хэдхэн минутын дараа Давид Санчесийн толгойд хөлөөрөө "каратэ" цохилт хийн хариугаа авах нь тэр. Шүүгч Давидыг талбайгаас хөөлөө. Италичууд 9-үүлээ талбайд үлдэж, 57 минут үргэлжилсэн эхний үе 0:0-ээр өндөрлөв.
Хоёрдугаар үед ч байдал дээрдсэнгүй. Өнөөх Санчес боксын "uppercut" буюу доороос өлгөсөн цохилтоор Италийн Умберто Маскиогийн хамрыг хугаллаа. Шүүгч Астон аанай л алмайран Санчесийг талбайгаас хөөсөнгүй ээ.
Хэдийгээр хоёр хүн дутуу ч италичууд 73 дахь минут хүртэл тэссэн юм. Чилийн Рамирес 73, Рохо 87 дахь минутад гоол оруулснаар Чилийн баг 2:0-ээр хожив.
Гэхдээ энэ тоглолтод хэн нь хожсон, хэн хэн гоол оруулсныг тэр болгон яриад байдаггүй. Харин талбайд хоёр багийн тоглогчид хэрхэн бүдүүлэг, балмад, харгис хэрцгий, ичгүүргүй тоглосныг л дурддаг.
Тоглолтын дараа:
Аливаа юманд сайн муу тал аль аль нь байдгийн адил "Сантьягогийн тулаан" бас хөлбөмбөгийн ирээдүйд тодорхой үр дагавар авчирсныг дурьдах учиртай. Тоглолтыг талбайд шүүсэн Английн Кен Астоныг Итали улсад хөл тавих эрхийг хасаж, Ромын Пап ламд "нүглээ наминчлахыг" хүртэл шаардаж байсан гэдэг. Астонд ч энэ тоглолтоос болж, олон зүйл толгойд нь орж ирсний нэг нь шар, улаан хуудас. Түүний энэ санаачилга удалгүй биеллээ олж, 1970 оны ДАШТ-д анх удаагаа шар, улаан жавтийг тоглогчдод үзүүлдэг болсон билээ. Чухамдаа 1960-аад онд хөлбөмбөгийн тоглолт ихээхэн бүдүүлэг хэрцгий болж байсан бөгөөд Астоны шар, улаан "жавтий" гарч, шүүгчид ч дүрмийн бус тоглолтыг ихээхэн анхаардаг болсноор хөлбөмбөгийн хөгжилд ихээхэн дэвшил авчирсан юм.
Астон мөн захын шүүгчийн тугийг нүдэнд амархан өртөх тод шар, улаан өнгөтэй болгох, өөрөө анх удаа хар хувцастай шүүсэн гээд хөлбөмбөгийн шүүлтэд олон хувь нэмрээ оруулсан шүүгч билээ.
Эцэст нь:
Тухайн үед хөлбөмбөгийн тоглолтыг шууд дамжуулж байсангүй. Бичлэг хийж, дараа нь ТВ-ээр үзүүлдэг байж. "Сантьяогийн тулаан" хоёр хоногийн дараа Европт гарсан гэдэг. Английн BBC -ийн алдарт тайлбарлагч Дэвид Коулмэн "Үдшийн мэнд! Одоо та бүхний үзэх тоглолт бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн тэнэг, хамгийн хэрцгий, хамгийн ичгүүртэй тоглолт юм. Бид хэзээ ч дахин ийм тоглолт үзэхгүй, энэ тоглолт хамгийн сүүлчийнх байгаасай хэмээн найдаж байна. Тоглолтыг үзээд та бүхэнд мөн ийм байдалтай тоглосон хоёр багийг хоёуланг нь ДАШТ-ээс хасах хэрэгтэй гэж бодогдож магадгүй. Тиймээ бид иймэрхүү тоглосон багуудад ямар нэг зүйл бодож олох хэрэгтэй юм" хэмээн өгүүлсэн байдаг.
Мөн нэрт сэтгүүлч Мак Ги "Энэ тоглолтыг үзэхээсээ өмнө хүүхдүүдээ ТВ-ийн дэлгэцээс холдуулах хэрэгтэй!" хэмээн бичиж байжээ.
Энэ нийтлэлийг бичихийн өмнө уг тоглолтыг бүтэн бичлэгийг (Италийн ТВ-ээр гарсан Нандо Мартеллинигийн тайлбартай бичлэг Youtube-d байдаг) дахин нэг үзсэн. Тэр үеийн тоглогчид ямар ч "төмөр шиг" биетэй байсан юм, яасан ч хатуу, ширүүн тоглодог байсан юм, өдгөө цагт бол бүгд л улаан аваад хөөгдөхөөр.
P.S. Сантьягогийн тулаанаас" хойш ДАШТ дээр болсон хамгийн ширүүн тоглолт бол 2006 оны ДАШТ-ий Португал-Холландын (1:0) тоглолт. Дөрвөн улаан хуудас, 16 шар хуудсаар өндөрлөсөн энэ тоглолтыг "Нюрнбергийн тулаан" хэмээн нэрлэх нь бий.
Сэтгэгдэл ( 1 )
үхсэн... гондурас сальвадор 2 -ын тулалдааны хажууд юу ч биш юм ..