Гурван улсын үлгэр | 84 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  84 ДҮГЭЭР БҮЛЭГ

ЛҮСЮНЬ ДОЛООН ЗУУН ГАЗАР ОРД ХҮРЭЭГ ГАЛДСАН КУНМИН БАЖЭНЬТУ86 ЖАГСААЛЫГ УРНААР БАЙГУУЛСАН

86 Найман хүрээт жагсаал

Өгүүлэх нь: Ханьдан, Жоутай нар Сяньжу эзэн хүрээгээ нүүлгэн сэрүүцсэнийг олж мэдээд даруй Лүсюньд мэдүүлбээс Лүсюнь ихэд баярлан даруй биеэр цэрэг авч хөдлөх аашлахыг үзэхээр ирвээс тэгш газарт нэгэн хүрээ үзэгдмүй. Түмэн хүн хүрэхгүй бөгөөд их хагас цөм хөгшин, үхээнц ард, тугийн дээр “Гавшгай Ү Бань” хэмээн бичжээ. Жоутай өгүүлрүүн: “Би эдгээр цэргийг үзэхэд хүүхдийн наадам болой. Би Хань жанжны хамт хоёр замын цэрэг хуваан байлдахыг хүсмүү! Хэрэв дийлэхгүй болбоос дуртайяа цэргийн цааз хүлээмүй!”. Лүсюнь удтал үзээд ташуураар зааж өгүүлрүүн: “Өмнө завын дотор бүрэг бараг алах уур үүсмүй. Түүний доор эрхгүй цэрэг бүгүүлээд тийнхүү тэгш газарт ийм буурай цэргийг тавьж дайсныг удирдах нь болой. Олон гүн очиж болохгүй!” хэмээв. Олон жанжин сонсоод цөм үхээнц хэмээн санажээ.

Жич өдөр Ү Бань цэрэг авч боомтын доор ирээд байлдсугай хэмээн хүчийг гаргаж сүрийг алдаршуулан ихэд хараагаад их хагас хуяг хувцсыг тайлж бие нүцгэлэн зарим нь унтаж зарим нь суужээ. Сюйшөн, Динфөн хоёр цацарт ороод Лүсюньгийн зүг өгүүлрүүн: “Шу улсын цэрэг манийг даанч дарламуй. Бид гарч байлдахыг хүсмүй”. Лүсюнь инээж өгүүлрүүн: “Та гагц цусан омогт эрдэж баатарлан байлдахыг мэдэх боловч Сүнь, үгийн цэргийн аргыг мэдэхгүй. Энэ нь түүний дайсныг өдөөх арга болой. Гурван өдрийн дотор эрхгүй түүний хуурмагийг үзмүй”. Сюйшөн өгүүлрүүн: “Гурван өдрийн дотор хүрээ нүүж дууссаны хойно хэрхэн байлдаж чадмуй”. Лүсюнь өгүүлрүүн: “Би хараахан түүний хүрээ нүүж дуусахыг хүсэх болой” хэмээхүйеэ олон жанжин нар элэглэн инээж эгэв. Гурван өдөр өнгөрсний хойно олон жанжинг хуруулж боомтын дээр гарч анхаарваас Ү Баньгийн цэрэг нэгэнт эгжээ. Лүсюнь зааж өгүүлрүүн: “Алах уур үүсэв. Любэй лав уулын заваас гарах буй за!” хэмээн хэлэлцэж дуусаагүй байтал үзвээс үнэхээр Шу улсын бүх цэрэг хуяг дуулгаа өмсөөд Сяньжу эзнийг халхалж өнгөрөв. Ү улсын цэрэг үзээд цөс хэмхэрчээ. Лүсюнь өгүүлрүүн: “Би олон гүнгийн Ү Бань лугаа байлдъя хэмээхийг сонссонгүй нь чухам энэ учир болой. Эдүгээ бүгсэн цэрэг нэгэнтээ гарч ирсэн тул арван өдрийн дотор Шу улсын цэргийг эвдлэх нь лав болой”. Олон жанжин нар цөм өгүүлрүүн: “Шу улсыг эвдлэх нь анханд болбоос зохимуй. Эдүгээ тав зургаан зуун газар урт хүрээ залгалдаж харилцан сахиад долоо найман сар болов. Тэр олон бэрх хавцлыг цөм бэхлэн сахисан тул хэрхэн эвдэж болох буй?”. Лүсюнь өгүүлрүүн: “Олон гүн цэргийн аргыг мэдэхгүй. Любэй хэмээгч энэ үеийн баатар мэргэн дээр бодлого ухаан үлэмж. Түүний цэрэг тугтам ирсэнд цааз сүр тодорхой бөлгөө. Эдүгээ сахиж удаад бидний завшааныг олохгүй тул цэрэг цөхөөд санаа халхлагджээ. Эвдлэх нь чухам энэ өдөрт буй” хэмээсний хойно олон жанжин нар сая шүүрс алдаж бишрэв.

Хожмын хүний магтсан шүлгийн үг:

“Барсын цацарт цэргийг хэлэлцэхэд “Зургаан дугтуй”-г баримтлаад

Балт өеөг зохион тавиад халим аваргыг гөхдөв

Гурван улсад хэтийдсэн эрдэмтэн хэдий олон боловч

Гуйман баатар Лүсюньгийн эрдэм бас ч илэрхий аж”

Тэндээс Лүсюнь нэгэнтээ Шу улсыг эвдлэх аргыг тогтоогоод даруй бичиг хийж элч заран Ү ванд айлтгасан нь “Өдөр зааж Шу улсыг эвдэлмүй” хэмээв. Ү ван87 илтгэлийг үзэж дуусаад ихэд баярлаж өгүүлрүүн: “Зяндунд бас ийм гайхамшигт хүн буй тул би юунд зовмуй! Олон жанжин нар цөм бичиг өргөж түүнийг “Үхээнц” хэмээвч гагц би итгэсэнгүй бөлгөө. Эдүгээ энэ үгийг үзвээс үнэхээр үхээнц бус болой” хэмээгээд даруй ихээр Ү улсын цэргийг хөдөлгөж туслав.

87 Сүнцуаньгийн хэргэм зэрэг. Үүнээс хойш гол төлөв ийнхүү дуудагдах болно.

Тэндээс Сяньжу эзэн Сяотинд усан цэргийг хуруулж урсгалын аясаар буугаад мөрнийг ирмэглэн усан хүрээ байгуулж Ү улсын хязгаарт гүн орсонд Хуанцуань хориглож өгүүлрүүн: “Усан цэрэг мөрнийг уруудан орвоос дэвшихэд хялбар боловч эгэхэд бэрх болой. Сайд би урьдаар одож хаан хойно болбоос түмэнд нэгэнтээ алдахгүй болой”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Ү улсын хулгай цөс унасан тул би гүн ороход юунд харшил буй?” хэмээсэнд олон түшмэд гашуудан хоригловч Сяньжу эзэн үгийг дагахгүй. Даруй хоёр замаар цэрэг хуваан Хуанцуаньгаар мөрний хойдох цэргийг захируулан Вэй улсыг сэргийлүүлж Сяньжу эзэн биеэр Зяннаньгийн олон цэргийг дагуулан мөрний хоёр хөвөөнд хүрээ бууж дэвшихийг хичээв. Тэр мэдээг тагнуулч туршиж олоод шөнө дөл Сюйдүд ирж хэлсэн нь: “Шу улс Ү улсыг дайлахад модоор хашаа барьж дараа дараагаар хөндлөн гулд долоон зуу илүү газарт хүртэл дөч илүү хүрээ нь цөм уул шугуйн дотор буудаллажээ. Эдүгээ Хуанцуань цэрэг авч мөрний хойд хөвөөнд өдөр бүр гарч зуун газрын үзүүрт мэдээ авмуй. Ямар санааг мэдэх олохгүй” хэмээжээ.

Түүнээс Вэй улсын эзэн сонсоод инээн өгүүлрүүн: “Любэй дарагдах ойртов!” хэмээв. Олон түшмэл тэр учрыг асууваас Вэй улсын эзэн өгүүлрүүн: “Любэй цэргийн аргыг мэдэхгүй, хэрхэн долоон зуун газар хүртэл залгалдаагаар хүрээ буудаллаад дайсныг халхлах буй. Балчиг цухал газарт цэрэг буух нь цэргийн аргад ихэд жигших нь болой. Сюаньдө эрхгүй Ү улсын Лүсюньгийн гарт дарагдмуй. арван өдрийн дотор эрхгүй мэдээ ирэх болой” хэмээжээ. Олон түшмэл итгэхгүй цөм цэрэг илгээж бэхэлсүгэй хэмээхэд Вэй улсын эзэн өгүүлрүүн: “Лүсюнь дийлбээс эрхгүй Ү улсын цэргийг дуустал авч Сичуанийг авахаар одмуй. Ү улсын цэрэг хол одсонд улсын дотор хоосон болох тул би туслахаар нэр болгон цэрэг авч гурван замын цэргийг цугаар дэвшүүлсэнд Зүүн Ү улсыг гар уулзуулан авбаас болох болой” хэмээсэнд олон цөм бишрэв. Вэй улсын эзэн зарлиг буулгаруун: “Цаорэнь нэгэн салааны цэрэг авч Русюйгээр гарч Цаосю нэгэн салааны цэрэг авч Дункоугоор гарагтун! Цаожэнь нэгэн салааны цэрэг авч Наньзюньгээр гараад гурван замын цэрэг өдөр болзон мордож сэмээр Ү улсыг байлдагтун! Би хойноос дагалтаар туслахаар очсугай!” хэмээн улируулан тогтоов.

Тэндээс Малян, Дүнчуаньд хүрээд Кунминд золгон зураг бичгийг өргөж өгүүлрүүн: “Эдүгээ хүрээг шилжүүлэн мөрнийг хавчиж хөндлөнгөөр долоон зуун газарт хүртэл дорогш дөч илүү хүрээ буудаллаад цөм голын ойр усны ирмэгийг дагаж уул шугуйн ягч газар бөлгөө. Хаан Малян намайг зарж зураг зуруулан Чансанд үзүүлэхээр илгээв”. Кунмин үзэж дуусаад ширээг цохин гасалж өгүүлрүүн: “Ямар хүн өгүүлж хааныг энэ мэт хүрээ буудаллуулав? Тэр хүнийг албаас зохимуй!” хэмээсэнд матян өгүүлрүүн: “Цөм дээд эзэн өөрөө болгоосноос бусдын бодлого бус!”. Кунмин шүүрс алдаж өгүүлрүүн: “Хань улсын улирал барсан болой!”. Малян учрыг асууваас Кунмин өгүүлрүүн: “Нойтон цухал газарт хүрээ буух нь цэргийн аргад ихэд жигших нь болой. Тэр хэрвээ галаар байлдваас юугаар халхалмуй. Долоон зуун газраар урт хүрээ буугаад дайсныг тулах ёс байдаг уу? Зовлон холгүй болов. Лүсюньгийн бэхлэн сахиад үл гарч ирэх нь төвхийтэл энэ учир болой. Чи түргэнээ одож эзэнд золгоод олон хүрээг халж буулгагтун! Энэ мэт болбоос эс болмуй”. Малян өгүүлрүүн: “Хэрэв эдүгээ Ү улсын цэрэг нэгэнтээ дийлсэн болбоос яамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Лүсюнь болгоомжилж нэхэхээргүй тул Чөндүд гамшиг болохгүйг баталмуй”. Малян өгүүлрүүн: “Лүсюнь ямар учирт нэхэхгүй аж?”. Кунмин өгүүлрүүн: “Вэй улсын цэрэг сундлахаас аймуй. Дээд эзэн хэрвээ алдагдваас Байди Чэн хотод очиж зайлуул. Би Сычуаньд орох цагт нэгэнтээ арван түмэн цэргийг Юй Фупу газарт бүгүүлсэн бөлгөө”. Малян гайхаж өгүүлрүүн: “Би Юй Фупугаар урагш хойш хэдэн зэрэг явсан атал нэгэн цэргийг ч үзсэнгүй. Чансан юунд ийм хуурмаг үгийг гаргамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Хожим олж мэдмүй. Үлэмж битгий асуугтун!”. Малян илтгэлийг авч гал мэт түргэн хааны цэргийн хүрээний зүг ирэв. Кунмин Чөндүд эгээд цэрэг морийг улируулан туслахаар илгээв. Тэндээс Лүсюнь, Шу улсын цэрэг осолдож сэргийлэхгүйг мэдээд цацарт сууж их бага жанжин нарыг цуглуулан өгүүлрүүн: “Би зарлигийг хүлээн авснаас нааш нэг ч гарч байлдсангүй. Эдүгээ Шу улсын цэргийн хөдөлбөрийг ханатал үзэв. Тийнхүү би мөрний өмнө нэгэн хүрээг авсугай хэмээмүй. Хэн айхгүй одмуй?” хэмээн үг дуусахын урьд Ханьдан,

Жоутай, Линтун нар дагалдаагаар гарч өгүүлрүүн: “Бид одохыг хүсмү!”. Лүсюнь цөмийг эгүүлж хэрэглэсэнгүй. Гагц доорх нэгэн адгийн жанжин Чөнь Юйданийг дуудаж гаргаад: “Би чамд таван мянган цэрэг өгсүгэй! Чи очиж мөрний өмнө дөтгүүр хүрээг авагтун! Шу улсын жанжин Футүн сахьжээ. Энэ шөнө эрхгүй гавьяа бүтээ! Миний бие цэрэг авч тусалсугай!” хэмээсэн хойно Чөнь Юйдань цэрэг авч одов. Бас Сюйшон, Динфөн хоёрыг дуудаж өгүүлрүүн: “Та тус бүр гурваад мянган цэргийг авч хүрээний гадна таван газрын эцэст буугтун! Хэрвээ Чөнь Юйдань буруулан эгээд цэрэг нэхэж ирвээс хүрээнээс туслагтун! Гагц нэхэж болохгүй!” хэмээсэнд хоёр жанжин цэрэг авч одов. Тэндээс Чөнь Юйдань гэгээ тасармагц цэрэг авч одоод Шу улсын хүрээнд хүртэл нэгэнт гурван жин болжээ. Чөнь Юйдань олон цэргийг хэнгэрэг дэлдүүлэн орвоос Шу улсын хүрээний дотроос Футүн цэрэг авч алан гараад жад өргөн шууд Чөнь Юйданийг байлдан ирсэнд Чөнь Юйдань тэсэхгүй морь буцааж буруулахад гэнэт хашхирах дуу түрхэрч нэгэн бүлэг цэрэг одох замыг хөндөлджээ. Тэргүүлсэн их жанжин нь Жаорун болой. Чөнь Юйдань зам эрж яваад цэргийн хагасыг хохируулж төв хэмээн буруулан бүхийд уулын хойдоос нэгэн бүлэг мань аймгийн цэрэг зам тосов. Тэргүүлсэн их жанжин Ша мокө болой. Чөнь Юйдань үхэн байлдаж арайхийн мултран гарав. арын хойноос гурван замын цэрэг нэхэж ирээд хүрээнээс таван газрын үзүүрт хүрэхүйеэ сюйшюн, Динфөн хоёр этгээдээс тулж авсан тул Шу улсын цэрэг сая эгсэнд Чөнь Юйданийг тэнхрүүлэн хүрээнд эгэв. Чөнь Юйдань зэв гадаасаар ороод Лүсюньд ял хүлээхэд Лүсюнь өгүүлрүүн: “Чиний эндүүрэл бус. Би дайсны хүний үнэн ташааг тэнссэн нь болой. Шу улсыг эвдлэх аргыг би нэгэнтээ тогтов” хэмээжээ. Сюйшөн, Динфөн өгүүлрүүн: “Шу улсын сүр их тул эвдлэхэд бэрх. Хоосноор цэрэг алагдаж жанжин хохируулмуй!”. Лүсюнь инээн өгүүлрүүн: “Миний энэ арга гагц Жугө Ляныг мэхэлж чадахгүй бөлгөө. Тэнгэрийн хишгээр энэ хүн энд үгүй тул намайг их гавьяа бүтээлгэх нь болой” хэмээв. Даруй их бага жанжин нарьн хуруулж өгүүлрүүн: “Журань цэрэг авч усан замаар ор! Маргааш өдөр морин цаг өнгөрмөгц зүүн өмнөөс их салхи дэгдмүй. Онгоцоор өвс түлш тээж аргыг дагаж яв, Ханьдан нэгэн салааны цэрэг авч мөрний хойд хөвөөг байлд! Жоутай нэгэн салааны цэрэг авч мөрний өмнөд хөвөөг байлд! Хүн бүр нэжгээд багц өвс барьж дотор нь хүхэрт дарийг агуулаад тус бүр галдах юм охор зэвсгийг бариад хамт дэвшигтүн! Гагц Шу улсын хүрээнд орвоос салхины аяар гал тавигтун! Шу улсын дөчин хүрээний гагц хорин хүрээг ноцоо. Нэгэн хүрээг алсалж нэгэн хүрээг гал тавь. Хүн бүр хуурай идэш авч яваад өчүүхэн ч битгий эгэгтүн! Өдөр шөнөгүй нэхэж гагц Любэйг барьж авсны хойно сая зогсогтун!”. Олон жанжин цаазыг сонсоод тус тус аргыг хүлээн одов. Тэндээс Сяньжу эзэн хүрээний дотор Ү улсыг эвдлэх аргыг хараахан хянаж санахад гэнэт цацрын өмнө туг салхигүй атал өөрөө унав. Сяньжу эзэн Чөнзигөөс асууруун: “Энэ ямар ёр болой?” хэмээсэнд Чөнзи өгүүлрүүн: “Энэ шөнө Ү улсын цэрэг хүрээг дарахаар ирэх буй”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Өчигдөр шөнө дуусган алсан тул ямар аймшиггүй дахин ирмүй?”. Чөнзи өгүүлрүүн: “Хэрэв Лүсюнь тэнсэж байлдсан нь болбоос хэрхсү?” хэмээн хэлэлцэн бүхийд хүн ирж хэлрүүн: “Уулан дээрээс холын анхаарваас Ү улсын цэрэг уулыг ирмэглэн зүүнш одов” хэмээсэнд Сяньжу эзэн өгүүлрүүн: “Энэ сэжиглүүлэх цэрэг болой. Битгий хөдлөгтүн!” хэмээгээд Гуаньсин, Жанбаод тус бүр таван зуун цэрэг өгч байцаан үзүүлэхээр илгээв. Гэгээ тасрах үест Гуаньсин хойш ирж хэлрүүн: “Мөрний хойдох хүрээний дотроос гал мандав” хэмээсэнд Сяньжу эзэн яаран Гуаньсинг мөрний хойд Жанбаог мөрний өмнө илгээж үнэн ташааг үзэхээр очигтун! Хэрвээ Ү улсын цэрэг хүрч ирсэн цагт түргэнээ ирж мэдүүл” хэмээв.

Түүнээс хоёр жанжин зарлигийг хүлээн одов. Анх жинд зүүн өмнөөс салхи дэгдээд хааны хүрээний зүүнд гал манджээ. Салхи түргэн гал ихэд, мод өвс цөм ноцоод хашхирах дуу ихэд үүсэж хоёр хүрээний цэрэг хамтаар гараад хааны хүрээнд ирэхэд хааны хүрээний цэрэг харилцан гишгэлцэж үхсэн нь тооловч барахгүй. Ү улсын цэрэг бас хойноос хүрч ирсэн тул олон цөөнийг мэдэхгүй. Сяньжу эзэн яаран морь унаж Фөнсигийн хүрээнд буруулахуйяа Фөнсигийн хүрээнээс бас гал мандаж гэрэл тэнгэр тулаад мөрний өмнө хойно өдөр мэт гэгээн болжээ. Фөнси яаран морилж хэдэн арван морьтонг авч яван бүхийд Ү улсын жанжин Сюйшөнгийн цэрэг учраад харилцан байлдалцав. Сяньжу эзэн үзээд жолоог засаж баруунш буруулахад Сюйшөн Фөнсиг гээгээд цэрэг аван нэхэж ирэв. Сяньжу эзэн цухалдаж байхад өмнөөс бас нэг салааны цэрэг замыг хөндөлдөв. Тэр Ү улсын жанжин Динфөн ажгуу. Хоёр этгээдээс хавчин байлдсанд Сяньжу эзэн ихэд айж дөрвөн этгээдэд гарах замгүй байтал хашхирах дуу гарч нэгэн анги цэрэг хаасан газарт цавчин оров. Тэр Жанбао болой. Сяньжу эзнийг гаргаад шадар цэргээ авч хараахан явах хооронд өмнөөс бас нэгэн салааны цэрэг ирэв. Үзвээс Шу улсын жанжин Футүн цэргийг нэгэн газарт нийлүүлж яван бүхийд хойноос нь Ү улсын цэрэг нэхэж ирмүй. Сяньжу эзэн урьд нэгэн ууланд хүрэв. Нэрийг Ма Ань Шань уул хэмээмүй. Жанбао, Футүн, Сяньжу эзнийг авируултал уулын доор хашхирах дуу бас гарав. Харин Лүсюньгийн цэрэг хүрч ирээд Ма Ань Шань уулыг хаасанд Жанбао, Футүн хоёул уулын амыг үхэхээр сахьжээ. Сяньжу эзэн хол анхааран үзвээс галын гэрэл тасрахгүй. Хүний яс давхар давхар мөрөнд дүүрч дорогш урсав. Жич өдөр Ү улсын цэрэг уулыг тойрч гал тавьсанд Сяньжу эзэн ихэд цухалдаж атал гэнэт нэгэн жанжин хэдэн морьтонг авч уулын дээр гарч ирэв. Үзвээс Гуаньсин болой. Гуаньсин сөгдөж өгүүлрүүн: “Дөрвөн этгээдийн гал ойр болсон тул удаан байж болохгүй. Гагц хурдан Байди Чэн хотод одож цэрэг морийг хурааваас зохимуй”. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Хэн хойдыг хайгуувчилмуй?”. Футүн өгүүлрүүн: “Сайд би үхэн халхлахыг хүсмүй” хэмээгээд тэр өдрийн гэгээ тасрах үест Гуаньсин өмнө, Жанбао дунд, Футүн сүүлд хайгуувчилж Сяньжу эзнийг халхлан уулнаас алан бууж ирэхэд Ү улсын цэрэг Сяньжу эзний явахыг үзээд цөм гавьяа тэмцэн өөр өөрийн цэргийг авч баруунш нэхэж ирмүй. Сяньжу эзэн цэргүүдийн хуяг дуулгыг цөм тайлуулж замд овоолон шатаагаад хойд цэргээр халхлуулав. Хараахан яван бүхийд бас хашхирах дуу гарч Журань нэгэн салааны цэрэг авч мөрөнг хөвөөлөн ирж одох замыг хөндөлдөв. Сяньжу эзэн дуудан өгүүлрүүн: “Би энд үхэх ажгуу” хэмээсний хойно Гуаньсин, Жанбао морийг ташуурдан “Дайран гарсугай!” хэмээснийг сацлан харваж эгүүлэв. Цөм хүндээр шарх олоод гарч чадсангүй. Арын хойноос бас хашхирах дуу үүсэж Лүсюньгийн цэрэг уулын завын дотроос алахаар ирэв. Сяньжү эзэн ихэд гашуудмуй. Тэр үес тэнгэр сая гэгээрэв. Гэнэт өмнөөс хашхирах дуу гарч Жураньгийн цэргийг нүхэнд унагаж хаднаас өнхрүүлэн нэгэн салааны цэрэг алж ороод хааныг гаргахаар ирэв. Сяньжу эзэн ихэд баярлан үзвээс Чаншаньгийн Жао Зылун болой. Тэр цагт Жао Юнь Зинжоу мужид асанд Ү улс Шу улс лугаа байлдаж буй” хэмээн сонсоод яаран цэрэг авч ирвээс зүүн өмнө зовхист галын гэрэл тэнгэрт тулжээ. Жао Юнь гэлмэж холоос анхаарваас санамсаргүй Сяньжу эзэн хаагдсан тул Жао Юнь шаламгайлан алж ирсэн ажгуу. Лүсюнь, Жао Юнь хэмээн сонсоод даруй цэргийг “Эгэгтүн!” хэмээн зарлав. Жао Юнь байлдах дунд Журань учирсанд харилцан байлдаж гагц нэгэн удаад жадалж мориноос унагаад Ү улсын цэргийг алж сарниулаад Сяньжу эзэнг гаргаж Байди Чэн хотын зүг явав. Сяньжу эзэн өгүүлрүүн: “Би хэдий олж гарсан боловч доорх олон жанжин нарыг хэрхсү” хэмээсэнд Жао Юнь өгүүлрүүн: “Дайсны цэрэг хойно буй тул алгуурлаваас болохгүй. Хаан түр Байди Чэн хотноо орж амсхийх болов уу! Сайд би дахин цэрэг авч ирээд олон жанжныг гаргасугай!” хэмээв. Тэр үест Сяньжу эзэн арайхан зуу илүү цэргийг аваад Байди Чэн хотод оров. Хожмын хүний Лүсюнийг магтсан шүлгийн үг:

“Охор жадыг барин гал тавьж залгалдсан хүрээг эвдсэнд

Мухардсан Сюаньдө Байди Чэнгийн зүг буруулав

Өглөө үдшийн зуур нэр сүр Шу, Вэйг цочоосон тул

Ү ван яахан бичгийн хүнийг үл хүндлэх аж”

Тэндээс хайгуувчлан Футүнг Ү улсын цэрэг найман талаас тойрон хаагаад Динфөн өндөр дуугаар өгүүлрүүн: “Сычуаньгийн жанжин үхсэн нь тоогүй. Дагасан нь бас ч ихэд буй. Чиний эзэн Любэй бас баригджээ. Эдүгээ чи сүр хүч мохсон атал юунд хурдан дагахгүй буй”. Футүн зандарч өгүүлрүүн: “Би болбоос Хань улсын жанжин, хэрхэн Ү улсын нохойд дагах ёс буй?” хэмээгээд жад өргөн Шу улсын цэргийг дагуулан үхэн байлдаад зуун удаа болтол нааш цааш дайран нэвтлэвч гарч чадсангүй тул шүүрс алдаж өгүүлрүүн: “Би эдүгээ барагдав!” хэмээн хэлж дуусаад цусаар бөөлжиж Ү улсын цэргийн дотор үхэв.

Хожмын хүний Футунг магтсан шүлгийн үг:

“Ү, Шугийн цэрэг И лингийн газар ихэд байлдахуйяа

Ү улсын Лүсюнь арга хэрэглэн галаар түймэрдэв

Үхтэл басхүү Үгийн нохой хэмээн хараасан нь

Үнэнч Футүн Ханьгийн жанжнаа гутаасангүй”

Тэндээс Шу улсын Зизю түшмэл Чөнзи ганц мориор мөрний хөвөөнд хүрч ирээд усан цэргийг дуудан тулсугай хэмээхэд Ү улсын цэрэг хойноос нэхэн ирсэн тул усан цэрэг дөрвөн зүг сарниж зугтаав. Чөнзигийн доорх жанжин нар бархирч өгүүлрүүн: “Ү улсын цэрэг хүрч ирэв! Чөн Зизю хурдан яв!” хэмээсэнд Чөнзи өгүүлрүүн: “Би дээдийн эзнийг дагаж цэрэгт гарснаас дайснаас зайлж буруулсан нь үгүй” хэмээн үг дуусахын урьд Ү улсын цэрэг сүрэглэн хүрч ирсэнд дөрвөн тийш гарах замгүй тул Чөнзи илд сугалан өөрийн хоолойгоо огтолж үхэв. Хожмын хүний магтсан шүлгийн үг:

“Хуур шуур зориг цөстэй Шу улсын Чөн Зизю

Хайрхан биеэ сэлмээр хөнөөж эзэндээ хариулжээ

Төрөлх зоригоо бие үхтэл халсангүй тул

Түмэн үе сайхан алдар сайн нэрийг олов”

Тэр цагт гавшгай ү Бань, Жан Нань удтал Илин хотыг хааж байсанд гэнэт Фөнси ирээд хэлрүүн: “Шу улсын цэрэг дарагдав” хэмээсэнд даруй цэрэг авч Сяньжу эзнийг өмөглөхөөр очсонд Сүньхуань сая олж гарав. Жан Нань, Фөнси хоёр хараахан явах хооронд өмнөөс Ү улсын цэрэг алахаар ирэв. Хойноос Сүньхуань. Илин хотоос гарч ирээд хоёр этгээдээс хавчин байлдсан тул Жан Нань, Фөнси хүчлэн шувтлавч гарч чадахгүй болоод самуун цэргийн дотор үхэв.

Хожмын хүний магтсан шүлгийн үг:

“Фөнсигийн шударга хоёргүй бөгөөд

Жан Наньгийн журам үнэхээр хосгүй

Тийнхүү тал бүрт байлдан үхээд

Түүхийн дэвтэрт нэр цөмөөр алдаршив”

Ү Бань хааснаас гарч иртэл бас Ү улсын цэргийн нэхэж ирэхтэй учрав. Завшаанаар Жао Юнь түүнийг олж уулзаад сая Байди Чэн хотод тэнхрүүлэн аваачив. Тэр цагт мань Ван Ша мокө ганцаар буруулахад чив чиг Жоутайд учирч байлдан хорин илүү удаа болоод Жоутайд алагдав. Шу улсын жанжин Дулү, Люнин цөм Ү улсыг дагажээ. Шу улсын хүрээний амуу өвс зэр зэвсэг нэгэн ямхын төдийхөн ч эс үлдээд Шу улсын жанжин Сычуаньгийн цэргийн дагасныг нь тоолбоос барахгүй. Тэр үест Сүнь хатан Ү улсад байхдаа Сяотинд цэрэг дарагдаж Сяньжу эзнийг үхэв хэмээсэн хуурмаг чимээг сонсмогц даруй тэрэг довтолгон мөрний хөвөөнд хүрээд баруунш хандан уйлсаар мөрөнд харайж үхэв. Хойшийн хүмүүн мөрний хөвөөнд сүм байгуулж тахив. Нэрийг Сяо Зисы сүм хэмээх болжээ.

Шүүмжлэгчдийн шүлэглэсэн шүлгийн үг:

“Хааны цэрэг Байди Чэнд эгснийг

Хатантан үхэв хэмээн сонсоод бие сөнөжээ

Хараахан эдүгээ үлдсэн хөшөө мөрний хажууд асаар

Хатуу зоригт эхнэрийн нэр мянган онд алдаршив”

Тэндээс Лүсюний цэрэг ихэд дийлээд ялгуусан цэргийг дагуулан баруунш нэхэж ирэхэд өмнө Күйгуань боомтоос холгүй Лүсюнь мөрний дээрээс үзвэл өмнө этгээд уулын хажуугийн голд нэгэн зурвас алах уур үүсэж огторгуй тулжээ. Даруй морийг татан хойш харж олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Өмнө эрхгүй бүгсэн цэрэг буй. Цэрэг орвоос болохгүй!” хэмээн даруй хойш арван газар илүү эгэж уудам тал газарт жагсаал жагсааж дайсны цэргийг тосов. Мэдээ авсан хүн хойш ирж өгүүлрүүн: “Тэнд өчүүхэн ч цэрэг үгүй” хэмээсэнд Лүсюнь итгэсэнгүй мориноос буугаад өндөр газарт авирч үзвээс алах уур бас гарчээ. Лүсюнь дахин харуулын хүнийг илгээж магадлан үзвээс зарсан хүн хойш ирж өгүүлрүүн: “Хүний сүүдэр морины мөр ч үгүй” хэмээжээ. Нар шингэх үест Лүсюнь үзвээс алах уур нэн илүү нэмэгдсэн тул дотроо сэжиглэж бас сэтгэл зүрхний мэт хүнийг зарж илгээсэнд хойш ирж хэлрүүн: “Голын хажууд гагц ная ерэн овоо чулуу овоолж байхаас огт хүн морь үгүй” хэмээсэнд Лүсюнь ихэд сэжиглэж газрын хүнийг эрж асуусугай хэмээвээс удсангүй арваад хүн ирэв. Лүсюнь асууруун: “Хэн хүн чулууг овоолсон аж. Чулуун овооноос юун хэмээн алах уур гармуй?” хэмээвээс газрын хүмүүн өгүүлрүүн: “Энэ газрын нэрийг Юй Фупу хэмээж Жугө Лян Сычуаньд орох цагт цэрэг авч энд ирээд чулууг Тангийн элсэн дээр овоолон жагсаал жагсаасан бөлгөө. Түүнээс үүний дотроос үргэлж үүлний адил уур гармуй” хэмээв. Лүсюнь сонсоод хэдэн арван морьтой хүнийг авч уулын хөтөл дээр зогсож чулуун жагсаалыг үзвээс дөрвөн зүг найман зовхист цөм хаалга үүд буй. Лүсюнь инээн өгүүлрүүн: “Энэ нь хүнийг бачлах арга болой. Үүнд ямар тус буй” хэмээн хэдэн морьтныг авч уулын хөтлөөс буугаад шууд чулуун жагсаалд орж үзэхэд доорх жанжин: “Нар орой болов. Дүдү эртхэн эгмү” хэмээхэд Лүсюнь сая эгсүгэй хэмээн чулуун жагсаалаас гарья хэмээтэл гэнэт их салхи босоод агшин зуур хумхи нисэж чулуу өнхрөн, тэнгэрийг халхалж газрыг бүтээжээ. Гагц жигтэй чулуу солбилцох нь сэлэм мэт хурц бөгөөд хумхи шороо давхар давхар овоорон уул адил, мөрний давлагааны дуу хэнгэрэг жадын дуу мэт дуугарах тул Лүсюнь ихэд гэлмэж өгүүлрүүн: “Би Жугө лянгийн аргад унасан болой!” хэмээгээд яаран гарсугай хэмээхүйеэ гарах зам үгүй болоод цухалдаж бүхийд гэнэт нэгэн өвгөн хүн мөрний өмнө зогсоод инээж өгүүлрүүн: “Жанжин энэ жагсаалаас гарсугай хэмээмүй үү?”. Лүсюнь өгүүлрүүн: “Ахсын дагуулан гаргахыг гуймуй” хэмээсэнд өвгөн таяг тулж алгуур яван огт төөрөгдсөнгүйгээр жагсаалаас гарав. Лүсюнь асууруун: “Ахас хүмүүс яасан хүн аж”. Өвгөн өчрүүн: “Би болбоос Жүгө Кунмингийн хадам эцэг Хуан Чэн Янь болой. Эрт бага хүргэн Сычуаньд орох цагт энд энэ чулуун жагсаалыг жагсаав. Нэрийг нь “Найман хүрээт жагсаал” хэмээмүй. Хувилах улирах найман хаалга буй. Увдисын бичгийн ёсоор байгуулсан бөлгөө. Хаалгыг амгалан, амьдрах, хохирох, хаагдах, ариун, үхэх, айх, нээгдэх хэмээж өдөр болгон цаг бүр хувилж улирах нь мохошгүй. Арван түмэн шилдэг цэрэг лүгээ адилтгах болмуй. Салж одох цагт өгүүлсэн нь: “Хожим Зүүн Ү улсын их жанжин энэ жагсаалын дотор төөрөгдвөөс битгий түүнийг дагуулан гаргагтун!” хэмээсэн бөлгөө. Хөгшин би энэ уулан дээр тойрон бүхийд жанжны “Үхэх хаалга”-аар орсныг үзээд энэ жагсаалд эрхгүй төөрөгдмүй хэмээн хөгшин би төрөлх буян үйлдэх дуртай тул жанжныг энэ жагсаалд шавартуулж төвдсөнгүй. Тийнхүү тусгайлан ирж “Амьдрах хаалга”-аар удирдан гаргасан болой хэмээв. Лүсюнь өгүүлрүүн: “Гүн энэ жагсаалыг сурсан болов уу?”. Хуан Чэн Янь өгүүлрүүн: “Хувилж улирах нь цаглашгүй тул сурч чадахгүй”. Лүсюнь санд мэнд мориноос буугаад бөхийн талархаж эгэв. Хожим Дүфүгийн шүлэглэсэн шүлгийн үгэнд:

“Гавьяа нь гурван улсыг бүрхэж

Гайхамшиг нэр найман орны жагсаалд алдаршаад

Мөрний урсгалд чулуу улирахгүй

Мөргөж эс чадав хэмээн Ү улсыг хорсмуй

Тэндээс Лүсюнь хүрээндээ эгээд шүүрс алдаж өгүүлрүүн: “Кунмин үнэхээр Волун88 болой! Би хүрэхгүй!” хэмээгээд даруй цааз зарлаж эгсүгэй гэтэл зүүн баруун этгээдийн хүн өгүүлрүүн: “Любэй цэрэг дарагдаж хүч мохоод нэгэн хотын төдийг л сахьжээ. Чив хэмээн энэ тухай байлдваас зохих атал эдүгээ чулуун жагсаалыг үзмэгц даруй эгэх нь юу болой?”. Лүсюнь өгүүлрүүн: “Би чулуун жагсаалаас айгаад цэрэг эгэх нь бус. Бодвоос Вэй улсын эзэн Цаопэйгийн зальт арга түүний эцгээс өөрцгүй. Эдүгээ миний Шу улсын цэргийг нэхэж одсоныг мэдвээс эрхгүй хоосныг завшиж сундлахаар ирэх болно. Би хэрвээ Сычуаньд гүн орвоос даруй эгэхүйеэ бэрх болмуй” хэмээгээд нэгэн жанжингаар хайгуувчлуулж Лүсюнь их цэргээ авч эгээд хоёр өдөр болсонгүй гурван газраас хүн нисэх мэт ирж хэлрүүн: “Вэй улсын Цаорэнь Рүсюйгээр, Цаосю Дункоугоор, Цаожэнь Наньзюньгээр гараад гурван замын цэрэг хэдэн арван түм буй. Шөнө дөл хязгаарт хүрч ирэв. Ямар санааг мэдэхгүй” хэмээсэнд Лүсюнь инээн өгүүлрүүн: “Миний бодлогоос гарсангүй. Би нэгэнт цэрэг илгээж тулуулжээ” хэмээв.

Энэ чухамхүү:

“Эрэмгий санаа сая баруун Шу улсыг залгисугай хэмээвч

Дээд бодлого бас ч хойд улсыг халхлах хэрэгтэй”

Эгнэгт хэрхэн цэргийг халхлахыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

88 Хэвтээ луу

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.182.35) 2022 оны 10 сарын 01

Болдбаатар новшоо энэ юмаа нийлэхээ болиоч

0  |  0
Top