Яг хоёр жилийн өмнө Монголд Ковидын анхны тохиолдол бүртгэгдэж, улс орон даяар хөл хорио тогтоож байв. Анхны тохиолдлыг бүртгүүлсэн иргэн Д-гийн явсан маршрутыг дэлгэж, түүнтэй ойртсон хүн бүрийг шалгаж, хорьж, хязгаарлаж сүр дуулиантай эхэлсэн бидний тэмцэл хоёр жилийн нүүртээ туллаа. Хоёр жилийн босгон дээр бид юуг давж туулав. Ингээд бодохоор сэтгэл өвтгөм олон баримтыг дурдаж болохоор байна.
ТООН МЭДЭЭЛЭЛ: /2022.11.11-ний байдлаар/
КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ СӨРӨГ ХАРИУ ҮЙЛДЭЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ИХЭВЧЛЭН ИЛЭРЧ БАЙЖЭЭ
2000 гаруй Монгол хүний эрдэнэт амийг авч одсон энэ өвчин, зөвхөн нэг айлын бус үндэстэн даяарыг айлгасан "МАНГАС" байлаа. Гэхдээ эхэндээ хэн ч Ковидыг ийм аюултай гэдгийг төсөөлж байгаагүй гэхэд хилсдэхгүй. Анагаахын багш, оюутнуудын хийсэн судалгаа ч үүнийг батлах аж.
Тодруулбал, Судалгаанд оролцогчдоос "КОВИД-19" халдвартаа нүүр тулсан үед яах вэ хэмээн асуухад тэдний 55.5 хувь нь өвчин халдварлахаас сэргийлж бусад хүмүүсээс зайгаа барина, 21.9 хувь нь өвчнөө даван туулахад урам зориг өгнө, 8.8 хувь нь халдвар авсанд өөрийг нь буруутгаж зэмлэнэ, 7.9 хувь нь уурлаж, өөрийг нь үзэн ядна гэж хариулсан байна. Түүнчлэн эерэгээр хандана гэж хариулсан иргэдийн дийлэнх нь эрчүүд байсал бол сөргөөр хандана гэж үзсэн иргэдийн олонх нь эмэгтэйчүүд байжээ.
Мөн Монгол Улсад КОВИД-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдэхэд судалгаанд оролцогчдын 40.3 хувь нь эмнэлэг, онцгой, цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүдэд итгэж байсан, 31.4 хувь нь айж, түгшиж байсан, 28.1 хувь нь тайван хүлээцтэй байсан, 25.2 хувь нь иргэд урьдчилан сэргийлэх зааврыг сайн мөрдөж буйд тайвширсан, 22.7 хувь нь монголчууд дархлаатай гэж найдсан, 13 хувь нь хайхрамжгүй ажилласан мэргэжилтнүүдэд дургүй нь хүрсэн, 12.5 хувь нь халдвар авсан иргэнийг үзэн ядсан, 7.3 хувь нь УОК-ыг буруутгасан байжээ.
Анхны тохиолдол бүртгэгдэх үеийн иргэдийн сэтгэгдлийг амьдарч буй байршлаар харьцуулан харахад статистик ач холбогдол бүхий ялгаатай буюу хөдөө, орон нутгийн иргэдийн 58 хувь нь монголчууд дархлаатай гэж найджээ. Тэдний хүйсийг авч үзэхэд УОК-ын үйл ажиллагааг эмэгтэйчүүд л илүү буруутгаж байсан байх юм.
КОВИДЫН ҮЕД АЙЖ ТҮГШИХ, УУРЛАЖ БУХИМДАХ, ГУТРАХ СЭТГЭЛЗҮЙН ЭМГЭГ ТҮЛХҮҮ ИЛЭРЧЭЭ
АШУҮИС-ийн багш, оюутнуудын хийсэн судалгааны үр дүнгээс харахад байгаа зүйлдээ талархах, айж түгших, уурлаж бухимдах, дарамтыг мэдрэх, юу ч хийж чадахгүйдээ гутрах зэрэг сэтгэлзүйн үзэгдлүүд түлхүү илэрч байжээ. Үүнийг хүйсийн хувьд харьцуулан харахад эмэгтэйчүүд илүү их уурлаж, бухимддаг болсон, эрэгтэйчүүдийн уурлаж бухимдах нь эмэгтэйчүүдийнхээс бага байсан байна. Мөн эмэгтэйчүүдийн айдас, түгшүүр илүү нэмэгдэж, их ганцаарддаг болжээ.
Мөн оюутнууд, гэртээ суудаг (хүүхэд/ахмад настан асардаг), ажилгүй иргэдэд уурлаж, бухимдах, дарамтыг мэдрэх, уйтгарлаж гуниглах нь нэмэгджээ. Оюутан, гэртээ суудаг (хүүхэд/ахмад настан асардаг), ажилгүй иргэд юу ч хийж чадахгүй байгаадаа ихээхэн гутарсан гэсэн байна.
КОРОНАВИРУСНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫ СЭРГЭЭХ ТУНГ ХИЙЛГЭХИЙГ УРИАЛАВ
Цар тахлын нөхцөл байдал дээрдсэн ч, санаа амрах болоогүй гэдгийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс анхааруулсаар байна. Коронавируст халдварын Омикрон омогийн шинэ хувилбарууд Монголд энэ долоо хоногт бүртгэгдлээ. Үүнтэй холбоотойгоор гараа угааж, ариутган, маскаа зүүх хэвшилдээ буцаж орохыг салбар яамнаас сануулаад авсан. Түүгээр ч зогсохгүй коронавируст халдварын дархлаажуулалтыг үргэлжлүүлж, сэргээх тунгаа хийлгэхийг уриалсан юм.
ТӨГСГӨЛД НЬ, Коронавируст халдвартай нүүр тулсан энэ үйл явдал хүүхдүүдийн хувьд ямархуу санагдаж байсан талаар өгүүлэх сошиал контентийг та бүхэнд толилуулж байна. Тэд ойр дотны хүнээ, тэр дундаа ээжийгээ л үүрд явчих вий хэмээн айж байсан тухайгаа илэн далангүй ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )