Катар-2022: Английн арслангууд Ираныг номхруулав

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Өчигдөр ДАШТ-ий хоёр дахь өдөр гурван тоглолт явагдлаа.

Тэмцээн уралдаанд түрүүлэх магадлалтай багаар байнга нэрлэгддэг ч үргэлж бүдэрдэг Английн шигшээ баг анхны тоглолтоо хийлээ. Сүүлийн үед форм муутай байгаа англичууд, улс төрийн хямралаар хагаралтай байгаа Ираны шигшээтэй учирсан. Ялангуяа Ираны баг сугалаагаар улс төрийн өстөн дайснуудтайгаа нэг хэсэгт багтсан тул тоглолтын өмнөх болон дараах хэвлэлийн хурал болгон тэдний хувьд стресс болж байгаа.
 


Тоглолт Ираны хаалгачийн хүнд гэмтлээр эхэлсэн. Дөнгөж найм дахь минутад Алиреза Беиранванд Харри Кейний дамжуулалтыг таслах гэж байгаад багийнхаа хамгаалагч Мажид Хоссейнитэй улаан нүүрээрээ тун хүчтэй мөргөлдлөө.
 


Эмч нарын баг шуурхай гарч ирсэн ч хаалгачаа ухаан оруулах гэж бүтэн найман минут ноцолдлоо. Хамраас нь цус гарч, тархи хөдөлсөн нь илт. Беиранванд талбайд буцан ирсэн ч хэдхэн минутын дараа дамнуургаар талбайг орхиж, сэлгээний хаалгач Сейед Хоссейн гарч ирлээ. ДАШТ-д тоглоно гэдэг хөлбөмбөгч болгоны мөрөөдөл ч харин энэ удаад Хоссейний хувьд хар дарсан зүүд л болж өнгөрлөө.

Магадгүй хаалгачийн гэмтэл энэ тоглолтын хувь заяаг шийдсэн байж болох. Гэхдээ англи залуус энэ өдөр ямар ч багийг бут ниргэхэд бэлэн харагдаж байсан билээ. 
 


Английн залуу довтлогч нар Ираны хаалгыг бөмбөгдөж,  Беллингем, Сака, Стерлинг нар эхний үед 3:0 тэргүүлэл авчирлаа. Саутгейтийн баг үүндээ сэтгэл ханасангүй, дайрсаар, гоол хийсээр 6:2 ялалт байгуулсан. Хоёр цагийн дотор Английн шигшээ баг шүүмжлэлийн байнаас ДАШТ-ий гол фаворит болон хувирлаа. Багийн ахлагч Кейн гоол оруулаагүй ч оновчтой дамжуулалт, ухаалаг шийдвэрээрээ багаа удирдсан.

Баг нь цоглог дайчин, сэлгээний тоглогчид нь ч ур чадвар өндөр байв. Харин Ираны дасгалжуулагч Карлуш Кейруш хаалгаа яаж манах талаар санаа зовсоор довтолгооны тухай сэтгэх зав зай байсангүй.
 


Энэ тоглолтын өөр нэгэн баатраар шүүгч Рафаэл Клаус тодорсон. Бразил шүүгч эхний үед 14 минут, хоёрдугаар үед 10 минут нэмсэн билээ. Нарийн хэлбэл хоёрдугаар үеийн 10 минутын оронд 13:08 минут тоглосон, нийтдээ 27 минут 16 секунд нэмэлт цаг тамирчид гүйцгээсэн нь ДАШТ-ий шинэ рекорд байлаа.

Англи – Иран 6:2 (3:0, 3:2)

Гоол: 1:0 – 35 Беллингем, 2:0 – 43 Сака, 3:0 – 45 Стерлинг, 4:0 – 62 Сака, 4:1 – 65 Тареми, 5:1 – 71 Рэшфорд, 5:2 – 90, пенальти Тареми, 6:2 – 90 Грилиш.

Англи – Пикфорд, Триппьер, Магуайр (Дайер, 70), Стоунз, Шоу, Райс, Маунт (Фоден, 71), Сака (Рэшфорд, 71), Беллингем, Кейн (Уилсон, 76), Стерлинг (Грилиш, 71).

Иран – Бейранванд (Хоссейни, 20), Мохаррами, Пуралиганжи, Чешми (Канаанизадеган, 46), Хоссейни, Мохаммади (Тораби, 63), Жаханбахш (Голизаде, 46), Хаджсафи, Карими (Эззатоллахи, 46), Нуроллахи (Азмун, 77), Тареми.

Шар хуудас: Жаханбахш (25), Пуралиганжи (48).
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top