Өнөөдөр ДАШТ-ий D хэсгийн тоглолтууд эхэлнэ. Дэлхийн аварга Францын шигшээ Австралийн багийг Эль-Вакрагийн “Эль-Жануб” цэнгэлдэхэд хүлээн авах гэж байна.
Австралийн шигшээ анхныхаа тоглолтыг хийхэд бэлэн болсон. Тус багийн 26 тоглогчийн 17 нь гадаад орны иргэн байсан бөгөөд өөр шигшээ багт тоглож болох байжээ. Тэдний дунд Өмнөд Суданы дүрвэгч, Серби, Шотландын цагаач хүртэл байгаа бөгөөд хүн болгоны түүх өөр өөр. Давхар иргэншилтэй австраличууд дангаараа шигшээ баг байгуулж ч чадна.
Мэтью Райаны ээж Шотландын уугуул. Ээж нь хүүгээ хөлбөмбөгч болгохоор ажлаа хаяж, бэлтгэл сургуульд нь зөөн, одоо санхүүг нь хөтөлдөг болсон. “Ээж минь эгч бид хоёрын төлөө өөрийгөө золиосолсон” гэж Райан дурсаж байна.
Дэнни Вукович Сиднес хотод серби гэрбүлд төрсөн. Түүний аав Нови-Сад хотод ажиллаж байгаад Австралид дүрвэжээ.
Харри Суттар Абердинд төрж, Шотландад хөлбөмбөгчийн замналаа эхлүүлсэн. Шотландын залуучуудын шигшээ багт дуудагдаж байсан ч ээжийнхээ төрсөн нутаг Австралийг сонгожээ. Түүний ах Жон Шотландын үндэсний шигшээ багийн гишүүн.
Милош Дегенек Сербская Краина хэмээх Хорватын нутаг дахь өөрийгөө тусгаар улс хэмээн зарласан улсын нийслэл Книн хотод төржээ. Нэг настайд нь хорватууд хотыг эзэлсэн бөгөөд тэднийх Серби руу трактораар дүрвэж байсан байна. Дөрвөн жилийн дараа НАТО Сербийг бөмбөгдөхөд Сербийг ч орхихоос өөр аргагүй болсон байна. “Би 21 настай ч 90 настай хөгшчүүлээс их юм үзсэн” гэж тэр ярьж байна.
Бэйли Райтын ээж Гернси арал дээр төрсөн бол эмээ нь Лондонд амьдардаг байв. Райт өөрөө 16 настайдаа аавынхаа барилгын компанид ажиллаж, жилийн дараа “Престон” багийн залуучуудын багт орж чадсан юм.
Томас Денг Кенийн нийслэлд Өмнөд Суданы дүрвэгчдийн гэрбүлд төржээ. Суданы иргэний дайнаас зугтсан тэд Денгийг 6 настай байхад нь Австралид цагаачилсан байна.
Азиз Бехич бол Киприйн турк иргэдийн удам. Эцэг эх нь 1970 онд Хойд Кипрт болсон төрийн эргэлтийн дараа Австралид гарсан. Уг нь аав нь тэндээ алдартай хөлбөмбөгч байжээ.
Фран Карачич Хорватад төрж, 24 нас хүртлээ Хорватын залуучуудын шигшээд тоглосон юм. Гэхдээ тэр аавынхаа төрсөн нутаг Австралийг сонгосон. Учир нь Австралийн багт багтаж, ДАШТ-д оролцоход хялбар байжээ. Карачич 2021 онд Австралид нэг ч удаа очиж үзээгүй байхдаа Австралийн шигшээд тоглож эхэлжээ.
Кеану Баккус ӨАБНУ-ын Дурбанд төрсөн. Австралийн Сиднейд дүрвэн гарсныхаа дараа ахтайгаа хамт хөлбөмбөг тоглож эхэлсэн байна.
Аарон Муйгийн аав нь Германд төрсөн, ээж нь голланд хүн. Муй жинхэнэ аавыгаа бараг хараагүй. Тэр өөрөө Сиднейд төрсөн бөгөөд хойд аавынхаа дасгалжуулдаг Карлингфорд Редбэкс багт хөлбөмбөгийн анхны гараагаа хийжээ.
Жексон Ирвайн Шотландын Абердинд төрсөн. Хоёр улсын багийн дунд удаан эргэлзсэний эцэст төрж өссөн Австралиа сонгосон.
Айдин Хрустичийн аав босни, ээж румын хүн. Айдин өөрөө багадаа Англи, Австри, Нидерланд, Германд тоглож байсан. Гэхдээ Австралид төрсөн тул Боснийн шигшээ багийн урилгаас татгалзсан.
Авер Мабил мөн л Өмнөд Суданы уугуул. ДАШТ-д оролцох эрхийн чухал тоглолтод гоол оруулаад тэр “Гэрбүлийнхээ нэрийн өмнөөс Австрали улсад баярлалаа гэж хэлэх цорын ганц арга энэ байлаа” гэж хэлсэн байдаг. Тэр дүрвэгчдийн хуаранд төрсөн. Өдөрт нэг л хоол иддэг, жижигхэн саравчинд амьдардаг байжээ.
Мартин Бойл Абердинд төрж, Шотландын залуучуудын шигшээ багт тоглож байсан. Аав нь Сидней хотын уугуул бөгөөд Бойл 2018 оны ДАШТ эхлэхээс 3 сарын өмнө иргэншлээ солих өргөдөл гаргажээ. Гэвч Австралийн паспорт нь найман сарын дараа гарсан байдаг. Тэр цагаас хойш Австралийн шигшээд хүчин зүтгэж байна.
Гаранг Куол Өмнөд Суданы бас нэгэн залуу. Гурван настайд нь гэр бүл нь дүрвэж, Египет нэг жил амьдраад Австралид ирсэн. 18 настай энэ залуу шигшээ багийн хамгийн залуу тоглогч юм.
Жейми Макларен ээжийнхээ төрсөн нутаг Мальтын шигшээ багт тоглож болох байлаа. Мальтын хөлбөмбөгийн холбоо олон удаа санал тавьсан ч тэр тухай бүр татгалзаж байв. Аавынхаа нутаг Шотландын шигшээд ч тэр орохыг хүсээгүй. Төрж өссөн Австралийнхаа төлөө л зүтгэнэ гэж амласан юм.
Жейсон Каммингс Шотландын шигшээ багийн төлөө хоёр тоглолтод оролцсон ч эцэст нь ээжийнхээ эх орон Австралийг сонгосон. “Австралийн шигшээд ороход ээж, эмээ, өвөө минь их баярласан” гэж тэр дурсаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
2 tailbarlagch togloltiin yavtsaa tulkhuu tailbarlaachee ih haduurch uur yum yariad bna shuu