"Герман машин"-ы мотор цохиж, "Улаан чөтгөрүүдийн" сүнс нь зайлжээ

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)

"Катар- 2022" хөлбөмбөгийн ДАШТ дуулиан сенсаац ихтэй гэхэд дэндүү ихтэй гоё болж байна. Өчигдөр (12.01) "Е" болон "F" хэсгийн тоглолт өндөрлөв.

МАРОККО-КАНАД 2:1

Африкийн төлөөлөл "Атласын арслангууд" гэгддэг Марокко хэсгээсээ нэгээр гарлаа. Сүүлчийн тоглолтод тэд "шаансгүй" болсон Канадын шигшээг 2:1 ээр буулган авлаа.  Мароккийн хөлбөмбөгчид хоёр дахь удаагаа ДАШТ дээр хэсгээ тэргүүлсэн нь энэ. 1986 онд "Атласын арслангууд" Англи, Португал, Польштой хэсгээс нэгээр гарч, хасагдах шатанд Баруун Германтай тун тэнцүүхэн үзээд тоглолтын төгсгөлд гоол алдан хожигдож байсан түүхтэй.

Тэгвэл энэ удаа Хорват, Бельги, Канадтай хэсгээс бас нэгээр гарлаа. Мароккын шигшээг хуучин Югославын шигшээд тоглож явсан, Вахид Халилхожич дасгалжуулж буй.

ХОРВАТ-БЕЛЬГИ 0:0

Хорватууд ямар ч байсан хэсгээсээ шалгарч дөнгөлөө. Бельгийн багийн доторх уур амьсгал тааруу, тоглогчид нь хоорондоо зөрчилтэй байгаа нь үнэн бололтой. Мөн Бельгийн дасгалжуулагч Мартинес бүрэлдэхүүндээ "цус сэлбээгүй" нэг хэвийн бүрэлдэхүүнээр, яг нэг хувилбар тактикаар сүүлийн 10-аад жил тоглуулж буй нь явахаа байжээ.

Хорватыг хаалганы шон нь нэг удаа "аварсан" бол Ромелу Лукаку хичнээн ч удаа өршөөв бүү мэд. "Алтан үеийнхэн" гэгддэг Бельгийн энэ шигшээгийн "явах цаг" болжээ. Үүнийг мэдэж буй Мартинез хамгийн түрүүн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн байна.

ГЕРМАН -КОСТА РИКА 4:2

Германы шигшээ энэ дэлхийн аваргын цорын ганц хожлоо авсан ч гэр рүүгээ буцах боллоо. 2018 онд Мексик, Өмнөд Солонгос, Шведтэй нэг хэсэгт ороод сүүл мушгиж байсан бол энэ удаа хэсэгтээ 3-р байрт орж "амжилтаа ахиуллаа".

ЯПОН-ИСПАНИ 2:1

Испаничууд бөмбөгийг 80 гаран хувь эзэмшсэн хэдий ч хожиж чадсангүй. Японы дасгалжуулагч эхнээсээ хамгаалж тоглох нь тодорхой болсон .

Испанийн Мората мөргөөд тооны харьцааг нээсэн. Мората З тоглолт дараалан ДАШТ-д гоол оруулсан Испаний хоёр дахь тоглогч (нэгд нь 1950 оны ДАШТ гурван тоглолт дараалан оруулсан Телло Зарра бичигддэг аж) болж байна. Япончууд ч хамгаалсаар эхний үе өндөрлөв. Харин хоёрдугаар үе эхлэнгүүт шахалт хийж, үүнд бэлэн байгаагүй Испанийн хаалтыг даван гурван минутын дотор хоёр гоол оруулснаар тоглолтыг хошуучилж эхлэв. Испани үлдсэн хугацаанд бүх сэлгээгээ хийгээд ч Японы хамгаалалтыг давж чадсангүй ээ. Япон ийнхүү сүүлийн зургаан ДАШТ-д оролцохдоо дөрвөн удаа хасагдах шатанд шалгарч байна.

Эцэст нь хоёр зүйл нэмж хэлэхэд Японы хоёр дахь гоол орохоос өмнө бөмбөг талбайгаас гарсан гараагүй гээд маргаад байх юм. Бөмбөг 100% бүтэн шугамнаас гарсан тохиолдолд л гарсан гэж үздэг. Үүнийг зургаас, эсвэл нүдээрээ хараад хэлэх бас хэцүү. ВАР нь шалгаад гараагүй байна гээд шийдсэн бол тэр эцсийн шийдвэр.

За бас Испани хоёроор гарч Мароккотой таарах, улмаар Бразилаас "бултах" гээд, бас Германыг "мултлах" гээд Испани хоёр гоол алдлаа, гоол хийх гэж улайрсангүй гээд л манай "мундгууд" анализ, дүгнэлт зөндөө бичиж.

Тийм юм байхгүй дээ, тэр тусмаа дэлхийн аварга дээр. Тэгээд ч Бразилын хэсгийн тоглолт дуусаагүй, нэгээр хэн нь гарах нь бас шийдэгдээгүй байна.

Таамгаар Бразил нэгээр гарна, тэгэхээр бид нар хоёроор гараад зөрнө гээд тооцоолоод , тактик боловсруулаад сууж байхгүй л дээ. За бас Марокко тоглолт орчихсон, иртэй байгаа баг, яаж ч магадгүй гэж бас бодох л байх даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top