Ц.Энхтүвшин Таван цагариг сонин, Катараас мэдээлж байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг 16 багийн хасагдах шатны тоглолтууд эхэллээ.
ХОЛЛАНД-АНУ 3:1
Дэлхийн "даншиг наадмын" үзүүр, түрүүнд гурван удаа хүч үзэж байсан "Улбар шарууд" гэгддэг Холланд (Нидерланд) - "Америк мөрөөдлөөр" жигүүрлэсэн, "романтик" АНУ шигшээ багуудын тоглолтоор хасагдах шат эхэлвэй.
Өмнө нь хэлсэн "удам судар", уламжлал угсаа, түүх намтар, гаргасан амжилт, гайхуулах гавьяа, ур чадвар , класс гээд хөлбөмбөгтөө бол Холландууд Америкаас алд дэлэм илүү л дээ. Гэвч хасагдах шатанд нэг л тоглолтын үр дүн чухал тул аль баг ямар ч багтай адилхан "үзэлцэх" боломжтой байдаг.
Америкийн багийн гол давуу тал бол хурд буюу тоглолтын темп. "Катар-2022" ДАШТ-д оролцож буй 32 багаас дундаж насаар зөвхөн Ганын дараа орох залуу баг болохоор аргагүй. Тэд энэ давуу талаа буюу хурдаа ашиглаж довтолгоонд олуулаа оролцдог, эргээд олуулаа бас "татаад" хамгаалж чадна. Энэ гол хөзрөө ашиглаад тоглолтын эхнээс л "тажигнаж" эхлэв, Америк залуус.
Хашир туршлагатай Луи Ван Галь үүнийг мэдээж тооцсон л байж таараа.
Санаачилгыг тэдэнд өгч, хамгаалаад, "хоёр номероор" тоглож эхлэв. Хамгаалалт бас тийм ч найдвартай бус харагдана. Америкийн залуусыг довтлуулж, ир нь жаахан дарагдаад ирэх тэр үед буюу 10 дахь минутад Холландууд 20 дамжуулалт оновчтой, хөнгөхөн хийгээд л баруун жигүүрт бөмбөг авсан Дюмприс "суулгаж" өгснийг Мемфис Депай шууд хаалганд цохиод л 1:0. Америкууд эхний хагаст олон ч довтолгоо хийсэн ч төгсгөж чадахгүй байв. Нэгдүгээр үе дуусах мөчтэй уралдан "Улбар шарууд" дахин нэг довтолж ороод Дюмприс дахин баруунаас орж ирээд "суулгаад" өгснийг Дейли Блинд бас шууд хаалганд цохиод 2:0. Эхний гоолтой маш адилхан гоол. Зөвхөн гоол оруулсан хүн л өөр болохоос. Гоол оруулсан Блиндийн эцэг Данни Блинд шигшээ багтаа тоглож явсан, одоо Ван Галийн туслахаар ажиллаж байгаа билээ.
Хоёрдугаар хагаст байдал бараг хэвээр. Холландын хамгаалалт тийм ч найдвартай биш харагдана. Америкчууд олдсон боломжийг ашигласан бол тооны харьцааг эрт өөрчлөх боломж хэд хэд байлаа. Олон хавар нэгэндээ гэгчээр янкуудын ээлжит довтолгоог Райт төгсгөж, тооны харьцааг 1:2 болгон ойртууллаа.
Гэсэн ч таван минут ч өнгөрөөгүй байхад Холландууд ээлжит, бас чанартай цөөхөн довтолгоогоо хийж, Блиндийн хөндлөн дамжуулалтыг энэ өдрийн гол баатар Дюмприс газар хүргэлгүй цохиод тооны харьцааг 3:1 болгов. Холландууд хэрэгтэй бол довтлоод л гоол хийчхээд байгаа нь класс илүү байгаагаа л харуулаад байгаа хэрэг.
Энэ гоолын дараа тоглолтын хувь заяа ерөнхийдөө тодорхой болсон доо. Алтанзул цэцгийн эх орон, "улбар шар" Холландууд ийнхүү шилдэг наймд үлдэж, Америк залуус "Америк мөрөөдөлтэйгээ" нутаг буцах болов.
АРГЕНТИН -АВСТРАЛИ 2:1
Саудын Арабт нэг сайн "алгадуулж" аваад, түүнээс хойш хоёр хожил авч, улам ч итгэлтэй болсон Аргентинчууд тоглолтыг эхнээс довтолсон ч үр дүнд хүрэлгүй хагас цаг болов. Энэ өдөр албан ёсны 1000 дахь тоглолтоо (шигшээ болон клубтээ) хийж буй Месси 35 дахь минутад тэргүүллийг авчрав. Месси 1000 тоглолтоо 789 дэх гоолоо оруулж ийн "тэмдэглэв".
Хоёрдугаар хагаст Австралийн хаалгач маш том алдаа гаргасныг Альварес ашиглан тоог 2:0 болгосон. Австраличууд тийм ч амар бууж өгсөнгүй. Холын дамжуулалтаар Аргентины хаалга руу довтлох боломж хайсаар л.
77 дахь минутад Австралийн довтлогчийн холын цохилт Аргентины Фернандест хачир аваад хаалганд оров. Тоо хоёр нэг. Австраличууд бүх хүчээ шавхан довтолсон ч гоол оруулж барсангүй. Тоглолтын үндсэн цаг дуусаж, шүүгчийн нэмэлт 7 минут бас дуусах тэр мөчид сэлгээгээр орж ирсэн 18 настай "бор хүү" Коул Австралийн "Үндэсний баатар" болох боломжоо алдлаа. Түүний маш ойроос хүчтэй цохисон бөмбөгийг Аргентины хаалгач Мартинес хааж багаа аврав.
Месси болон түүний нөхөд шилдэг наймд багтлаа. Холланд-Аргентин учраа таарлаа.
Сэтгэгдэл ( 0 )