Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна ("Таван цагариг" сонин)
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээний хагас шигшээд тоглох багуудын нэр тодорлоо.
ПОРТУГАЛ-МАРОККО 0:1
Африк тивээс хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан анхны улс нь Марокко болох хувьтай байжээ. "Хар тив"-ийнхэн гурван удаа энэ шатанд тулж ирж байсан түүхтэй. 1990 онд Милла тэргүүтэй Камерун (ДАШТ-ий нээлтийн тоглолтод Аргентинийг хожиж шуугиулж байсан даа) шилдэг наймд үлдээд хагас шигшээд үлдэхийн төлөө тэр жил гайхалтай сайн байсан Английн шигшээтэй таарч 2:1-ээр хошуучилж явсан ч тоглолтын төгсгөлд болон нэмэлт цагт Английн Линекер хоёр удаа "пенальти" цохиж, 2:3 -аар "номхоршгүй арслангууд" -камерунчууд нулимстай нутаг буцаж байв.
Мөн 2002 онд Сенегал хагас шигшээд тоглохоор Турктай эн тэнцүү үзээд нэмэлт цагт хожигдож, хэзээ нэг цагт Африкийн баг хагас шигшээд тоглох юм байна гэсэн итгэлийг дахин төрүүлж байлаа.
За тэгээд 2010 онд Гана бол хагас шигшээд "хөлөө хагас тавиад" л алдсан даа. Санаж буй биз дээ. Суаресийн гар, улаан хуудас,пенальти, Гьяан...
Тэгвэл өнөөдөр тэдний бүтээж чадаагүй түүхийг мароккочууд бүтээлээ. Бүтээх бүтээхдээ адилхан арабчуудын өргөн дэмжлэг доор, шашин нэгт Катарын нутаг дээр араб үсгээр бичлээ.
Тоглолтын хувь заяаг Мароккын довтлогч Эн Несиригийн гайхалтай үсрэлт, мөргөлт, Испанийн хаалгач Диогу Коштагийн ямар ч хэрэггүй гаралт, хоцролт шийдлээ.
Португал эхний үед Бруно Фернандешийн хөндлөвч оносон цохилт, тоглолтын торгон төгсгөлд Пепегийн мөргөлтөөс өөр ноцтой аюулыг үзүүлж чадсангүй. Сэлгээнээс гарсан Криштиану Роналду Португалийн шигшээд хийсэн 196 дахь тоглолтоо хаалга оносон ганц цохилт, хожигдол, харууслын нулимсаар дуусгалаа даа.
Марокког Арабын ертөнц тэр чигээрээ, Африк тив тэр чигээрээ дэмжиж, хүрээлж байна. Катарын Эмир нь Марокко пасспорттой болгонд мянга мянгаар нь тасалбар бэлэглэж, Африкийн болон Арабын ертөнцийн олон орны томчууд баяр хүргэж, дэлхий дахинд арабын ахан дүүс, муслим шашинтнууд хэмээн аархаж, саагаж байна. Тиймээ тэд түүх бүтээж буй нь үнэн. Тэгэхдээ уран гоё хөлбөмбөг тоглолгүй, уртаа гэгчийн "автобус" хаалганыхаа өмнө тавиад бүтээж байна.
Хамгаалалт бол ярих юмгүй сайн, гайхалтай. Таван тоглолтод ганц гоол (өрсөлдөгч нь биш өөрийнх нь тоглогчийн автогоол!!!) алдсан энэ "бетон" хамгаалалтыг Коста Рикад 7 гоол оруулсан Испани, Швейцарийг 6 гоолоор бөмбөгдсөн Португал давсангүй, чадсангүй.
Мароккын хаалгач Буну найдвартай, алдаагүй хаалгаа хамгааллаа.
ДАШТ-ээс гуравхан сарын өмнө Мароккын шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон Валид Реграги багийн дотоод уур амьсгалыг гайхалтай бүрдүүлж, гол тоглогчдоо шигшээд дахин авчирсан нь бас том гавьяа.
Тэгэхдээ " Үнсгэлжингийн үлгэр" эрт, орой хэзээ нэгэн цагт төгсөх ёстой.
Тэд түүхээ бүтээлээ, одоо болсон байх.
Дэлхийн аваргын финалд "уяа бөх шиг" уйтгартай хамгаалдаг баг бус уран гоё довтолж тоглодог баг нь үлдээсэй!
ФРАНЦ-АНГЛИ 2:1
Хоёр том гүрэн , хоёр хөршийн мөнхийн өрсөлдөөний түүх, энэ тоглолтод өнгө чимэг нэмж байв. Тэгээд ч шөвгийн наймын хамгийн "халуун тулаан" яах аргагүй мөн. Тиймээс ч хэн хэн нь хий гаргахгүй, францууд айлын бүсэд идэвхтэй шахалт хийхгүй, англичууд бөмбөг эзэмшсэн ч анхаарлаа Мбаппегаас салгахгүй.
Англичууд яарахгүй ч аажим аажмаар Францын хаалга руу дөхсөөр л. Мбаппе, Дембеле нар хурдаа гүйцэд гаргах боломж ч гарч амжаагүй байхад Францын Тчуаменигий холын зайн цохилтыг, бүүр гоолыг хэн ч хүлээж байгаагүй нь лавтай. Францын эрт гоолны "буянаар" Англичуудын тоглолт илт сэргэж, ялангуяа Сакагийн баруун захаар довтолгооны хувилбарууд явагдаж эхэлсэн. Хоёрдугаар хагас эхлээд уралгүй Сака дээр алдаа гаргаж шүүгч 11 м-ийг ямар ч эргэлзэлгүй заалаа . Английн ахлагч Харри Кэйн итгэлтэй хүчтэй цохилтоор тоог 1:1 болгов.
Тоглолтын үндсэн цаг дуусахад 10 гаруйхан минут үлдээд байхад Гризманы дамжуулалтаар Жиру мөргөн Францууд хошуучилж эхэллээ.
Английн дасгалжуулагч Стерлинг, Маунт нарыг сэлгээгээр оруулсан нь удалгүй үр шимээ өгч Маунтыг Эрнандес ар нуруу руу нь түлхэж, бразил шүүгч дахиад "пенальти" (энэ удаа бичлэг үзэж байж) заалаа. Кэйн ахиад л цэг рүү (амьдралынхаа хамгийн урт, хэцүү замаар) алхаж очив. Цохилоо, харамсалтай цохилтоо ч, тоглолтын үр дүнг ч, Английн хөгжөөн дэмжигчдийн итгэл найдварыг, багийнхаа нөхдийн зорилгын хамт "тэнгэр рүү" илгээчихлээ.
Францууд аварга цолоо хамгаалсан түүхэн дэх гурав дахь баг (Итали 1934,1938, Бразил 1958,1962) болж чадах уу? Үүний тулд эхлээд хагас шигшээд Марокког хожих ёстой л доо.
Ингээд хоёр хоногийн дараа хагас шигшээд :
12.13-нд 22.00 цагаас Аргентин-Хорват
12.14-нд 22.00 цагаас Франц-Марокко тус тус тоглоно.
Сэтгэгдэл ( 1 )
Англи 2 дахь торгуулийн цохилтыг өөр хүнээр цохиулах байсан юм, сэтгэл зүй муутай хүнээр дахиад торгуулийн цохилт цохиулж л байдаг