Нийтийн биеийн тамирт томоохон ӨӨРЧЛӨЛТ оруулна

2023 оны 02 сарын 08

Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо хуралдаж, 2023-2024 оны үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөг хэлэлцэж, баталлаа.

Хуралдаанд ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын даргын Ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, НЭМҮТ-ийн дарга С.Өнөрсайхан, ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг, БШУ-ны Дэд сайд Г.Ганбаяр, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, БТСУХ-ы дарга О.Баттулга нар оролцсон юм.

Энэ үеэр 2022 онд тус хорооны хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, энэ оны төлөвлөгөөнөөс гадна нийтийн биеийн тамирын хөгжлийн асуудал, судалгааны дүн, монголчуудад зайлшгүй хэвшүүлэх эрүүл дадал зуршлын тухай хэлэлцэж, хуралдаанд ирсэн гишүүдийн энэ талаарх саналыг сонсов.

Түүнчлэн “Парис-2024” Олимп, Паралимпийн наадамд оролцох Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн, бэлтгэл ажлын явцыг гишүүдэд танилцууллаа.

Үндэсний хорооноос 2023-2024 оны ажлын төлөвлөгөөндөө үндсэн долоон зорилгыг дэвшүүлж, зорилтуудаа тодорхойлсон байна. Тухайлбал, Нийтийн биеийн тамир, спортын салбарт төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн шинэчлэлийн асуудлыг төлөвлөгөөндөө тусгажээ. Энэ хүрээнд Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал боловсруулж байгаа бөгөөд 2023 оны аравдугаар сард багтаан хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа ажээ.

Түүнчлэн биеийн тамирын боловсрол, олон нийтийг хамарсан идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжсэн ЮНЕСКО-гийн баримт бичиг, олон улсын эрхзүйн актуудыг хэрэгжилтийг хангах ажлыг ГХЯ, МҮОХ-той хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн допингийн эсрэг Үндэсний дүрмийн хэрэгжилтийг хангаж, Спорт дахь Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ, ЗГХЭГ, ХНХЯ, МҮОХ-той хамтран ажиллаж, энэ оны эхний хагаст үр дүнгээ олон нийтэд танилцуулна. Төлөвлөгөөний энэ хэсэгт орсон нэг чухал ажил бол спортын барилга байгууламжуудыг засварлах, олон улсын стандартад нийцсэн шинэ орднууд босгох, үүнтэй холбоотой татварын дэмжлэг, эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх ажлыг дорвитой хийх явдал юм. Ингэснээр спорт заалуудын ачаалал багасч, иргэд идэвхтэй дасгал хөдөлгөөнд чөлөөтэй нэгдэх боломж нээгдэнэ гэж үзжээ.

Үндэсний хорооноос энэ онд Спортын эдийн засаг, бүтээн байгуулалт, хүний нөөцийн асуудалд онцгой анхаарна гэсэн юм.

Спортын салбар нь дан ганц биеийн тамирын асуудал биш бөгөөд улс орны эдийн засаг, ажиллах хүчний чадамж, хүний хөгжил, эрүүл нийгэм бүрэлдэхэд онцгой нөлөөтэй. Ялангуяа хүн амын дундах таргалалт, зүрх судасны өвчний тархалт зэрэг нь нийт ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Иймд ОНБТСҮХ-ноос биеийн тамир, спортын технологид хөрөнгө оруулах, нэвтрүүлэхэд онцгой анхаарч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, компаниудыг дэмжиж, хамтран ажиллах зорилго тавьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан, БНХАУ-ын дэмжлэгээр хэрэгжих “Президент Спорт Цогцолбор” төсөл амжлттай хэрэгжиж бүтээн байгуулалтын ажил энэ оны хоёрдугаар улиралд эхлэхээр төлөвлөгөөнд тусгажээ. Тус цогцолборын иж бүрдэл ажлын зураг бэлэн болсон, мөн гадаадын хамтрагч байгууллага нь техник-эдийн засгийн үндэслэлийг гүйцэтгэж удахгүй дүгнэлтээ гаргана. Түүнчлэн дотоодын хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр томоохон спорт, нийтийн биеийн тамирын барилга байгууламжуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба эдгээр нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөн дасгал хийх, спортоор хичээллэх боломж бүрдүүлж хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.

Манай улсад олон нийт биеийн тамираар хичээллэх орчин хомс байдгаас хүн амын дунд хөдөлгөөний дутагдлаас үүдсэн олон эмгэг, өвчлөл, бие бялдрын доройтол газар авсан байна. Судалгаанаас харахад, хүн амын 29.1 хувь нь хөдөлгөөний хомсдолд нэрвэгджээ. Энэ нь хорт хавдар, зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижингийн эрсдэлийг өсгөжээ. Спортоор хичээллэх, идэвхтэй хөдөлгөөн хийх үзүүлэлтээр манай улс тун тааруу үзүүлэлттэй байгааг ДЭМБ-аас ч анхааруулсан.

Жишээлбэл, Азийн орнуудын хүн амын спортоор тогтмол хичээллэж буй дундаж үзүүлэлт 61 хувьтай байгаа бол манай улсад нийт хүн амын ердөө 17 хувь нь идэвхтэй хөдөлгөөний дадалтай гэж гарчээ. Энэ нь дээр дурдсан спортоор хичээллэх орчноос гадна салбарын мэргэжлийн ажилтны дутагдлаас шалтгаалдаг. Одоогийн байдлаар манай улс энэ үзүүлэлтээр олон улсын дунджаас даруй 10 дахин доогуур гэсэн судалгаа бий. Иймд ОНБТСҮХ-ноос 2023-2024 оны төлөвлөгөөндөө энэ талаар нарийн тусгаж, оны эцэст томоохон үр дүнд хүрсэн байх болно гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top