Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг шүүх хурал хойшиллоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.02.08/ товлогдоод байсан ч гурав дахь удаагаа хойшиллоо.

Уг хэрэгт хяналт тавьсан, улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцох байсан прокурор М.Очбадрах эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болсон ба шүүх хуралдаанд томилолтоор оролцохоор томилогдсон прокурор Ж.Баянжаргал нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хэргийг сануулбал, Д.Кёкүшюзанбатбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарыг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, тэднийг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон байдаг.

Улмаар Нийслэлийн прокуророос Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авхуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд хандаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэх хүртэл тэдний хилээр гарах эрхийг хязгаарлаад байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top