Сар шинийн өдрүүдэд ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 02 сарын 21

ЦАГААН САРААР ЦЭЭРЛЭХ ЗАН ҮЙЛ   
Цагаан сараар цээрлэх ёс нь бүхэлдээ сайн сайхан бодол, сэтгэлийн  эсрэг сөрөг муу зүйл хийхийг, бодож санахыг хориглосон байдаг.

  • Ахмад настанаа үл хүндэтгэх, үг сургаалыг нь авахгүй байхыг ихэд цээрлэдэг. Зөрчвөөс ахмад буурлуудын буян хишиг ирэхгүй холдоно, тэднийгээ гомдооно гэж үздэг.  

 

  • Цагаан сарын өдрүүдэд өнгө зүс муутай хуучин хувцас өмсөхийг цээрлэнэ. Шинэ хувцас өмсөж, шинэ юм эхлэн оёдог нь ирэх жилийн өнгө жавхаа, сайн сайхны бэлгэшээл болно. Иймээс цагаан сарын шинэдээр эхэлсэн үйл оёдол бүтэмжтэй байна гэдэг.

 

  • Билиггүй муу үг хэлэх,  архи ууж, согтуурах, агсам тавьж, хэрүүл тэмцэл гаргах, уйлж унжихыг цээрлэнэ. Билиггүй үг хэлбээс тэр ёсоор өөрт эргэж хор уршиг тарина.  Зөрчвөөс бүтэн жилийн туршид хэл ам, хэрүүл шуугиан үл тасарна гэдэг.

 

  • Эд юм гадагш зээлээр өгөхийг цээрлэнэ. Зөрчвөөс  нь гарзын үүд, гарлагын ам нээгдэж, мал сүрэгт сөрөг нөлөөтэй гэнэ.

 

  • Шинийн нэгний өглөө зулын голыг хуучин галын цог цучлаар асаахыг цээрлэнэ. Заавал шинэ галаас асаана. Учир нь хуучин онд тунасан сайн мууг шинэ онд цэглэн төгсгөж, алив бүхэн шинэдэж эхлэхийн билиг дэмбэрэл болгож буй хэрэг.

 

  • Шинийн нэгэнд айлд хонохыг цээрлэнэ. Хэрэв айл хунараар хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүй хэсүүчлэн тэнэнэ гэдэг.

 

  • Шинийн нэгэнд мөн үнс хогоо гадагш хаях, гаргахыг цээрлэнэ. Үнс хогоо заавал шинэ оноос өмнө гаргаж, орон гэрээ цэмцийлгэн цэвэрлэсэн байна. Өнгө жавхаатай шинэлэх нь тэр жилдээ цог золбоотой байхын бэлгэдэл болно. Иймээс битүүний өдөр тун сайн цэвэрлэгээ хийнэ. Гэр орон, хот хороо бүхэлдээ хамрагдана.  

 

  • Цагаан сарын шинийн долоонд “хар өдөр” тул айлд очих, золгохыг цээрлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top