Дэлхий дахин Хожалыгийн эмгэнэлт явдлыг дурслаа

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Үндэсний удирдагч Гейдар Алиев, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев

Хожалыгийн геноцид шиг эмгэнэлт явдал дэлхийн хаана ч, хэзээ ч давтагдах ёсгүй

Азербайжан дахь Монголын хүндэт Консул Ализаде Конул

Монгол дахь Азербайжанчуудын холбооны тэргүүн Фаиг Агаев

М.Сугар-Эрдэнэ

Фаиг Агаев, Ализаде Конул

Өчигдөр Азербайжаны ард түмэн Хожалыгийн геноцид буюу алан хядлагад амь насаа алдагчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ. Энэ өдөр нийслэл Баку төдийгүй дэлхийн олон улс оронд дурсгалын арга хэмжээ, олон нийтийн цуглаан зохион байгуулагдав.

Ерөнхийлөгч Ильхам Алиев Туркт хийсэн айлчлалаа өндөрлүүлээд нийслэл Баку хотын Хатаи дүүрэгт орших Хожалыгийн геноцидод амиа алдагчдын гэгээн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөжээ.

Азербайжаны Хожалы хотод 31 жилийн өмнө болсон хядлага нь Азербайжаны түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт үйл явдал хэмээн тооцогддог.

1992 оны хоёрдугаар сарын 25-ны 21.00 цагт Армений цэргийн ангиуд ЗХУ-ын Зэвсэгт хүчний 366 дугаар хорооны хамтаар олон хоногийн турш бүсэлсний эцэст Хожалы хот руу дайрсан юм.

Энэ халдлагаар 613 хүн амиа алдсаны дотор 106 эмэгтэй, 63 бага насны хүүхэд, 70 ахмад настан байлаа. 1275 хүн олзлогдон, 150 хүн ор сураггүй алга болж, 8 гэр бүлийн бүх гишүүн алагдаж, 25 хүүхэд бүтэн өнчирчээ.

56 хүнийг маш хэрцгийгээр хөнөөсөн буюу арьсыг нь хуулж, нүдийг нь сохолж, бие давхар эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлсэн гэдэг. Мөн хотоос зугтсан маш олон хүн хөлдөж, амь насаа алдсан байна.

Азербайжаны Ерөнхийлөгч Гейдар Алиев 1994 оны гуравдугаар сарын 1-нд Хожалы хотод хүмүүсийг үй олноор нь хомроглон устгасан явдлын талаар тусгай зарлиг гаргасан бол Милли мажлис буюу парламентаас жил бүрийн хоёрдугаар сарын 26-ныг “Хожалыгийн геноцид, ард түмний эмгэнэлийн өдөр” болгон зарласан юм. Энэ өдрийн 17.00 цагт Азербайжан улсын бүх газар нутагт тус хядлагад амиа алдагчдын гэгээн дурсгалыг нэг минутын чимээгүй зогсолт хийн, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон.

2009 онд Гейдар Алиевын сангийн дэд ерөнхийлөгч Лейла Алиевагийн санаачилгаар “Хожалыгийн шударга ёс” нэртэй олон улсын мэдээллийн кампанит ажил эхлүүлсэн. Үүний ачаар дэлхийн олон улс Хожалыгийн хядлагыг Азербайжаны ард түмний эсрэг геноцид хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ.

Одоогийн байдлаар дэлхийн 17 орон, АНУ-ын 30 муж тус явдлыг хомроглон устгасан геноцид хэмээн хүлээн зөвшөөрсөн. Чех, Словени, Канад, Боснид Хожалыгийн хядлагыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзсэн юм.

Чехийн Лидице, Нидерландын Гаага, Германы Берлин, Босни Герцогиванагийн Сараево, Туркийн Ушак, Анкара, Австрийн Вена, Мексикийн Мехико хотуудад Хожалыгийн дурсгалын хөшөө байдаг.

Өчигдөр Парис хотод Франц дахь Азербайжаны ЭСЯ-ны Соёлын төвд тус ЭСЯ, ЮНЕСКО дахь Байнгын төлөөлөгчийн газар хамтран, Гейдар Алиевийн сангийн дэмжлэгтэйгээр Хожалы геноцидын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Элчин сайд Лейла Абдуллаева, ЮНЕСКО дахь байнгын төлөөлөгч Эльман Абдуллаев, Милли мажлисын депутат, Азербайжан-Францын парламент хоорондын ажлын хэсгийн удирдагч, Гейдар Алиевийн сангийн захирал Солтан Мамедов нар үг хэлжээ. Тэд 31 жилийн өмнө Хожалыд болсон эмгэнэлт явдал, 613 хүн амиа алдсан тэрхүү өвлийн шөнийн тухай дурсаж, одоо болтол олон зуун хүн сураггүй байгааг цохон тэмдэглэв.

Элчин сайд Лейла Абдуллаева Хожалыгийн хядлага нь ХХ зууны эмгэнэл бөгөөд тэнд олон улсын болон хүмүүнлэгийн бүх эрх зөрчигдсөн, хэзээ ч мартагдахгүй. Франц улс армянуудын гэмт хэргийг геноцид гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна.  Гэмт хэрэгтнүүдэд шийтгэл оноож байж шударга ёс тогтоно. Бид өс хонзон авах гээгүй, шударга ёсыг шаардаж байна гэдгийг онцолсон юм.

Депутат Солтан Мамедов “1992 оны хоёрдугаар сарын 25-26-ны шөнө болсон энэхүү харгис хэрцгий явдал гэрчүүдийн мэдүүлэг, баримтаар баталгаажсан. Европын хүний эрхийн шүүхээс тус явдлыг Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг гэж тодорхойлсон билээ. Хүмүүсийг Азербайжан гэдгээр нь хядан хөнөөсөн аймшигт явдал. Энэ явдал манай улсын түүхэнд цуст мөр болон үлдсэн” гэж ярилаа.

Ёслолын үеэр Гавьяат жүжигчин Сахиб Пашазаде, азербайжан хийлч Сабина Ракчеева, Францын хөгжмийн зохиолч Пьер Тилуаны хамтлаг Фикрет Амиров, Кара Караева, Хайям Мирзазаде нарын уран бүтээлээр хүндэтгэл үзүүлжээ. Мөн Тилуаны Хожалыд зориулсан “Хожалы 613” бүтээлийг тоглосон юм. Энэхүү дурсгалын арга хэмжээнд Франц дахь гадаад улсуудын Элчин сайд нар, ЮНЕСКО дахь гадаадын байнгын төлөөлөгчид, Туркийн Франц дахь Элчин сайд Али Онанер,  ЮНЕСКО дахь төлөөлөгч Гюльнур Айбет болон Франц дахь азербайжанчууд оролцсон байна.

Канадын Эдмонтон хотын захирагч Амаржит Сохи 2023 оны хоёрдугаар сарын 26-ныг “Хожалыгийн хядлагад амиа алдагчдын дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон зарлав. Энэ өдөр Канадад амьдардаг олон мянган азербайжан иргэн Хожалыгийн эмгэнэлт үйл явдлын хохирогчдын гэгээн дурсгалыг дурсан өнгөрүүлсэн байна.

Хожалыд болсон энэхүү аймшигт явдлын талаарх үнэн бодит баримтыг дэлхий нийтэд танилцуулах арга хэмжээ зохион байгуулах ажлыг Гадаад дахь азербайжан иргэдийн асуудлыг хариуцсан улсын хороо, тус хорооны тэргүүн Фуад Мурадов тун сайн хийж байгааг дурдмаар байна. Тус хорооны ачаар дэлхийн өнцөг булан бүрт, эх орноосоо алс хол оршин суугаа азербайжанчууд өнгөрсөн явдлыг нэхэн дурсав. Үндэсний удирдагч Гейдар Алиев, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар Хожалыгийн геноцид шиг эмгэнэлт явдал дэлхийн хаана ч, хэзээ ч дахин давтагдуулахгүйн төлөө тэмцсээр ирсэн, цаашид ч тэмцэнэ.

Хэдий түүхийн хуудсанд ийм нэгэн цуст толбо үлдсэн ч гэлээ гучин жилийн дараах Азербайжан улс нь эдийн засаг, нийгмийн өндөр хөгжилтэй орны нэг болжээ. Нефть, байгалийн хий, алт, зэс хүдэр зэрэг байгалийн баялаг их, ард түмний амьдралын түвшин ч өндөр. Тэртээ 31 жилийн өмнөх тэрхүү бараан түүхийг Азербайжаны ард түмэн хэзээ ч мартах учиргүй билээ.

Монголын ард түмэн ч эмгэнэлт явдлын үеэр азербайжанчуудын зовлон шаналлыг хамт хуваалцаж, сэтгэл зүрхээ илэрхийлж байсан. Манай хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлсээр 2018 онд Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга Баку хотод айлчилж, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай уулзаж байсан түүхтэй. Цаашид ч хоёр орны холбоо харилцаа улам бүр батжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kamran Ismaylov(46.228.186.163) 2023 оны 03 сарын 19

бидэнд нотлох баримт бий. Мөн армянчуудын хэлсэн бүхэн зүүд юм. Манай ерөнхийлөгч бол сайн хүн. бид ялсан ард түмэн.

3  |  0
РАВДАН(150.129.142.34) 2023 оны 03 сарын 19

Азерууд эхлээд уулын карабахын нийслэл степенакарт хот руу 12 өдөрийн турш катюш , градаар буудаж хотыг бүрэн сүйтгэж , хотын маш олон армяни иргэдийг алсан юм. тэгээд л армянууд нь ингэж довтолсон юм. хүчирхийлэлийг азерууд эхэлсэн . одоо туркын мөнгөөр сагаж буй олигархи алиевын гэр бүлийнхэн улсаа шимэж , авилга авч буй

4  |  3
Top