УГЖ С.Жавхлан: “Арабын шейхууд тавин мянган долларын костюм пиджак өмсөж чадах л байхгүй юу”

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

Саяхан “Уухай Уухай Уухай, Хурай Хурай Хурай” хэмээх урт нэртэй сонины анхны дугаарт МУГЖ С.Жавхлан “Бидэнгүй өнгөрсөн үе, бидэнгүй ирээдүй гэж байхгүй” гэсэн гарчигтай ярилцлага нийтлүүлжээ. Жаахан сүржин “стильтэй” боловч бас ч гэж үнэн цухалзаад байгаа учраас энэ ярилцлагыг олон нийтэд түгээх нь зөв гэж шийдлээ. Авахыг нь авч, хаяхыг нь хаяхаа уншигч олон болгоосугай.

-Сайн байн уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө “Гал үндэстэн” холбооныхоо гол зорилго, үйл ажиллагааныхаа талаар танилцуулна уу?
-“Гал  үндэстэн“ холбоо 2010 оны 11-р сард байгуулагдсан. Ер нь Монголдоо болохгүй байгаа бүхнийг таслан зогсооё, болж байгааг нь дэлгэрүүлье, дэмжье гэсэн сайн санааны байгууллага юм шүү дээ. Сүүлийн үед хүмүүс маш их нэгдэж байна. Бид хүмүүст юм амлаагүй, нэр алдар горьдоогүй. Хамгийн гол нь нийтээрээ сэтгэлийнхээ галыг асаая, Монголоо өөрчилье, тоо нэгээс эхэлдэг шиг хүн нэг бүр болгоноос Монгол минь эхэлж байна.Тийм болохоор хүн болгон өрх болгоноос өөрчлөлтийг эхэлье гэдэг ийм ерөнхий зорилготой, Монголын өвөг дээд-эсийн оюун ухаан дээр л шүтэн тулгуурласан байгууллага байгаа юм. Нийт монгол түмний минь сэргэлт, эрчим хүч сүүлийн үед их байна даа.
-Одоогийн “Би л хөх монгол” гэж цээжээ дэлдсэн, язгуур монголын тухай ойлголт нь буруу төөрч будилж явж буй залуусын жинхэнэ Монгол оюун ухаан, зүрхэн дэх тэр галыг явж асаах вэ?
-Ер нь залуучууд сүүлийн үед брэнд хувцас өмсөж, харийн соёлыг даган дуурайснаараа Монголыг гийгүүлж байна, айхтар элит хүн болж байна, гэж бодоход байх шиг байгаа юм. Энэ бол төөрөгдөл. Цэвэр харийнхны бидний нимгэн бодол дээр тоглож байгаа колончлолынх нь бодлогод автагдаж, тэдний ярьж хэлж байгаа зүйлийг тоть шиг давтаж яваад байгаа юм. Уг нь бол бид өвөг дээд-эсийнхээ хувцсаар хувцаслаж , өвөг дээд-эсийнхээ хаан ухаанаар л бадрах ёстой гэж бодож байна. Гэтэл яг үнэндээ манай холбооны хэлээд байгаа зүйл юу гэхээр хоёр сая долоон зуун мянган хаадуудын маань судсаар нь өвөг дээд-эсийнхээ хувцсыг өмсөж хүчирхэг болоосой гэдэг зүйлийг л яриад байгаа юм.
Залуучууд бол яг үнэндээ төөрөлдөж байгаа. Сүүлийн үед монголчууд сэрж, хөхөрч бадрах үйл явц хурдацтай явагдаж байгаа энэ нөхцөлд тэр залуучууд өшөө их, улам бүр хоцорч яваагаа мэдэхгүй байна. Тэдний шүтсэн дэлхийн том том хөгжилтэй орнууд одоо бүгд байгалийн гайхамшигт автаад, өөрсдийн байгуулсан соёл, эд юм, шунал тачаалдаа дээрэлхүүлж ноёлуулсан ийм л амьдрал сүйрэл тэнд болоод байхад бид энд анзаарахгүй байж болохгүй. Залуучууд иймэрхүү зүйлийг ойлгохгүй өвөг дээд-эсээ үгүйсгээд, харийн соёлыг дээдэлж яваа бол хоцрогдож байна л гэж хэлмээр байна.
-Эх орноо харийнхны бодлогоос яаж аварч хамгаалах вэ? Уламжлалт ёсоо хэрхэн авч үлдэх вэ? 
-Урамшуулалт ёс, зан заншил соёлоо авч үлдээд хүчирхэг байгаа улс орнуудаас үлгэрлэх хэрэгтэй. Жишээлбэл Арабын улсууд байна. Арабын шейхууд дөч, тавин мянган доллараар нэг костем пиджак нөгөө колончлолын формыг аваад өмсөж чадах л байхгүй юу. Гэтэл Араб улс хичнээн баян баян гээд өвөг дээд-эсийнхээ хувцсыг хаяагүй, өнөөдөр хэнд ч дарлуулахгүй хэний ч өмнө нүүр бардам байж чадаж байна.
Энэтхэгүүд өнөөдөр ёс заншлаа ямар сайхан дээдлэж байна. Дэлхийн жуулчлалын номер нэг улс Тайланд байна. Тэд бүгд л үндэснийхээ зүйлийг дээдэлдэг учир хүмүүс хошуурч байна. Бид нар шиг колончлолын хувцас өмсчихсөн ийм аваргууд дээр яаж аялал жуулчлал хөгжиж, яаж бид өөрөө өөрсдөө харийнхны эрхшээлд орохгүй байж чадах юм бэ?
-Улаанбаатараас явна гэсэн яриа гарсан, түмэн олон маань яагаад явах болсон шалтгааныг ихэд сонирхож байгаа байх?
-Ер нь Улаанбаатар хотод байгаа бүх хүмүүс орон сууц, эд баялаг, машин тэрэг  мөрөөдөж бодож суухын оронд хамгийн шунал тачаалгүй, утаа бохирдолгүй, хэрүүл тэмцэлгүй, цэлмэг цэнгэгсайхан монголынхоо хөдөө нутгийг сонгож амьдрах цаг ирсэн. Дэлхийн бүх орнууд хүнсний хомсдолд ороод хямарч, дэлхийн хөрсний гулгалт угаалтууд, газар хөдлөлт, галт уулууд идэвхижээд дэлхий гамшгийн түвшинд ирж буй энэ үед монголчууд монгол гэр ёс заншлаа шүтэж гарах цаг ирсэн.
Тийм учраас миний бие Улаанбаатар хотод байх цаг хугацаа дууссан гэж хэлж болно. Би өвгөдийнхөө нутаг руу нүүнэ. Гэхдээ эндээ хийх ажлуудаа амжуулчихаад явъя гэсэн бодолтой байгаа. Ерөнхийдөө бид эндээ шавалдаж суугаад нэг ч гэсэн амьдралын амжилтыг олохгүй. Яагаад гэвэл монголчуудын үндсэн язгуур мэргэжил, хамгийн сайн хийж чаддаг зүйл, бидний цусанд шингэсэн мэдээлэл нь малчин заяа юм.
Тэгэхээр яг энэ малчин нүүдэлчин тавилангаасаа салчихаар нэг газраа шавааралдаад энэ заваан амьдралыг үүсгээд байна. Энэ нь бидний хамгийн гол алдаа одоо эрдэмтэн мэргэд, суутай хутагтууд л гээд байна, эдгээр хүмүүс бүгд л хотдоо шавж суучихаад хөдөө тал нутгаа магтан дуулаад эцэг өвгөд, Эзэн Чингис, агуу нүүдлийн соёл гээд л солиороод байх юм. Яг үнэн хэрэг дээрээ энэ нь хоосон магтаал, хэлбэр яриа төдий л болчихжээ.
Ингэж том том юм яриад л, паартай байшиндаа хогодоод параа тэврээд хэвтээд байгаа мөртлөө яг зориглоод тал нутаг дээрээ нүүгээд очиж байгаа нь хэн байгаа юм бэ?
Тэгэхээр “үлгэрлэхгүй бол үглэх хэрэггүй” гэж өөрийнхөө биеэр өвөг дээдсийнхээ хүчийг мэдэрч олж авах гэсэн юм. Энэ нь “цагийн юм цагтаа” гэдэг шиг бүх зүйлүүд эвцэлдэн нийлсэн тэр хугацаанд Улаанбаатар хотыг орхиж, ялангуяа монголын газар гэж голж байгаа юм биш гол нь ёс бус зүйл болд ог ийм газраас монголчууд бүгд холдож үндсэн язгуур эрх ашиг, ажлаа хийх ёстой гэдгийг би биеэрээ үлгэрлэх гэсэндээ тэр.
-Монголчуудын хооллох ёс өнөө үед ихэд замбараагүй болжээ. Таны хувьд бид хэрхэн хооллож, хэрхэн эрүүл саруул амьдрах вэ?
-Монголыг өнөөдөр уул уурхай, эрдэс баялаг тэжээгээд байгаа юм биш. Ямар ч алт эрдэнэсээс илүү хамгийн том баялаг бол монголын таван хошуу мал. Бид махаа л идэж байж эрүүл саруул амьдарна. Бусад улс орнууд ямар ч үржилгүй болчихсон нэг л газраа хэдэн зуун жилээр тариа ногоо тарьж хэлбэр төдий ямар ч шимгүй зүйлээр хооллодог. Харин бид нар хоёр зуу, гурван зуун төрлийн ургамал сорлож иддэг малтай. Тийм болохоор эдгээр улсуудыг бодвол бид дэндүү сайн ногоочид.  Нэг үгээр хэлбэл тэд хоёр гуравхан төрлийн шимгүй зүйлээр хооллодог бол бид хоёр гурван зуун төрлийн эмийн ургамал идсэн малын махаараа хооллодог. Энэ хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүү байгаа биз. Тэгэхээр бид таван хошуу малаа хайрлан хамгаалж өсгөх хэрэгтэй. Харин залуучууд дарга болох гээд байгаа нь өнөөгийн Улаанбаатар хотын өнгө төрхийг харуулж байна. Сүүлийн үед төрж буй хүүхдийн дал наян хувь нь ямар нэгэн согогтой төрж байна. Хамар, тагнай цоорхой, тархины даралт, нурууны гэмтэл жирийн үзэгдлийн хэмжээнд очсон. Зүгээр л байдаг л энгийн зүйл шиг болсон. Одоо бүр төрөлхийн уушигны хавдартай хүүхдүүд төрж эхэлж байна. Ийм л муухан байдалтай байна. Энэ нь юуны гай уршиг юм бэ? Энэ бол монгол ёс зөв хооллолтоо алдсанаас хойш гарч буй үр дагаврууд юм. Үүнийг дагаад бүх эмнэлгийн байгууллага нь бидний генийн чадварыг бууруулах вакцин нэрийн доор харийн бодлого нэвчин тарааж үүндээ бид хорлогдчихсон амьдраад л явж байна. Тэгэхээр бидний зөв хооллолт бол цэвэр малын мах, малчин соёл маань гэж хэлмээр байна.
-Өнөөгийн цагт дэлхийг аврах нэрийдлээр цагаан хоолтон болж байгаа хүмүүс эрс ихээр нэмэгдэж байна. Үүнийг дагаад гал халуун цустай монголчууд маань ихээр энэ зүйл рүү хошуурч байна. Энэ талаар та бодлоо хуваалцана уу.  
-Цагаан хоолыг далайн эрэг орчмоор амьдардаг хүмүүс л иддэг. Монголын уур амьсгалд цагаан хоол идэж байгаа хүмүүс таарахгүй шүү дээ. Энэ бол зүгээр тархиа угаалгаж байгаагийн гай. Цагаан хоол мэтийн зүйлээр илэрч байгаа юм. Бид эрс тэс дөрвөн улиралтай газар цагаан хоол идэхээр цус гүйхээ болино. Харин далайн эргийн улсад өөх тос өгвөл тэдний зүрх зогсоно. Цус нь гацна гэсэн үг. Африкийн анааш монголын тэмээний идшийг идэж чадахгүй. Анаашны иддэг навч мод энэ тэрийг тэмээ идэх нь бүү хэл үнэрлэх ч үгүй гэх мэтээр бүх амьтан адгуус өөрийн газар нутгийнхаа онцлогт тохирсон идэш тэжээлийг л иддэг гэсэн үг. Бид гал биетэй учир өөх тос махыг биедээ нэмж үүгээрээ бадарч, асаж  явдаг ийм л газарзүйн онцлогтой хүмүүс. Ийм тавиланд төрсөн хүмүүст цагаан хоол ч гэх шиг өвс ногоо өгөөд монголыг яг ямаа болгох гэсэн харийн бодлого юм. Хүн эрх чөлөөтэй нийгэмд юугаа хийх нь өөрийн хэрэг. Нөгөө талаасаа үүнд автаж, цагаан хоол шүтэн биширч яваа хүмүүс өвс ногоогоор хоолллодог байсан өвөг дээд-эсийнх нь араншин илрээд байгаа юм байлгүй. Одоо ч юмыг ялгахад их амар болж дээ.
-Эрт дээр үеэс монголчууд мөнх хөх тэнгэртээ шүтэн барилдсаар ирсэн. Шашин шүтлэг гэх зүйл дээр таны бодол?
-Энэтхэгийн Ринбүүчи, төвдийн том лам нар үхэхдээ хүртэл мөнх тэнгэрийн орон Монголд хойд төрлийг нь төрүүлж өгөхийг гуйж, залбирсаар амь тавьдаг гэдэг юм билээ. Тэгэхээр  бидний нутаг, өвөг дээд-эс аль ч талаараа агуу гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Нэг үгээр хэлвэл шашин гэдэг зүйлээс илүү давсан оюун ухааны орон бол Монгол.
Гэтэл сар шинэ ч юмуу олон зүйл дээр бид төөрөлддөг. Наад зах нь шинийн нэгэнд мөр гаргахдаа хүртэл харийн ойлгогдохгүй  хэлээр, учрыг нь ухахгүй авиа зүйг хэлж бид мөрөө засдаг. Энэ нь манжууд биднийг дагаар оруулахын тулд өөр бусдын шашныг оруулж ирж бидний тархийг угаасны хар гай, хараал.
Харийн ойлгохгүй цээжилсэн зүйлийг хэлж бувтнасанд орвол Монголоороо “Мөнх хөх тэнгэр минь, монгол заяа минь, өвөг дээд-эсийн гэгээн түүх минь, байгаль дэлхий ээж минь биднийгээ ивээх болтугай, ахан дүүс, түмэн олныг минь алтан нар мөнхөд ивээг ” гэж ерөөвөл гоё сонсогдож байгаа биз.
Ийм агуу сайхан утга төгөлдөр монгол хэл минь байсаар байхад сүсэг бишрэлээ хүртэл харийнх болгочихоор зэрэг бид ийм байлгүй ч яахав дээ. Бидний үндсэн шүтээн бол аав ээжээ, мөнх хөх тэнгэр, газар нутгаа хайрлах ухаан юм.
Монгол хүн гэдэг алтан нар, уул ус, байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцээтэй л байдаг.
Өөрөө ч ойлгохгүй харийн хэлээр, аль нэг зүг рүү гараад мөр гаргахаар зэрэг бидний амьдралын зүг чиг алдалгүй ч яахав дээ. Шашин гэж төөрөлдөхөөсөө илүү өөрийнхөө оюун ухаан, сэтгэл зүрхнийхээ галыг асаагаад өгөөч гэдэгт гол нь байгаа юм.
Бидний өвөг дээд - эс шашинаас илүү зүйлүүдийг ухаарч чаддаг байсан учир дэлхийг эзэгнэх эрх нь монголчуудад олддог. Монголчууд шашинд автаж явдаг хүмүүс биш.
Гал үндэстэнгүүд бид дорд боол заяагаар явах ёсгүй. Ерөнхийдөө олон өт батгана шиг шавьж, зөвхөн урдах тариалангийн талбай, өнөөдрийнхөө идэх хоолны төлөө амьдарч байгаа хүмүүст зориулагдсан зүйлийг шашин гэдэг. Энэ бүхэнтэй зөрчилдөх хүмүүс гарч магадгүй, гэхдээ монголын заяа бусдаас өөр гэдгийг хэлмээр байна.
-Бүх гал заяатай аугаа монголчууддаа хандаад та үг барина уу?
-Янз бүрийн буруу зүйлүүд дээр битгий та нар минь төөрөлдөөсэй, миний хэлсэнд эргэж хургаад ,ач холбогдлыг нь ойлгохгүй нь ойлгохгүйбитгий буруу хурцлагдаасай. Бид нэг онцагт амьдарч байна. Бид маш хурдтай эвлэлдэж, өвөг дээд-эсийнхээ ухааныг сэргээж авахгүй бол цаашид хойч үе, үр хүүхдэдээ юу үлдээх юм бэ? Хойчис маань биднийг юу гэж ярих юм бэ? Энэ он цагийг бид илтгэж, бүтээж байна.
Бидэнгүй өнгөрсөн үе, бидэнгүй ирээдүй гэж байхгүйг ухаарчээ түмэн олон минь ээ. Та бүхэн хоёр мянга таван зуун он эсвэл арван гуравдугаар зуунд амьдраад байгаа юмуу? Ийм зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэйгээр бид хамт амьдарч байгаагаа, одоо цагаа мэдрээчээ. Жавхлангийн нэр хүнд өсчихвий дээ, Жавхланд бид дагаар орчихвий дээ гэж бодохоосоо илүүтэйгээр монголынхоо өвөг дээд-эсийнхээ ухаанд дагаар орооч ээ. Жавхлан чинь яг үнэндээ түүгээр л хурцлагдчихаад яваад байна шүү дээ. Түүнээс биш надад битгий ач холбогдол өгөөч ээ гэж төөрөлдөөд байгаа хүмүүсээс гуймаар байна. Нэг талаас хүсмээр байна. Нөгөө талаас тулган шаардаж, зандарч загнамаар байна.
    Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top