“Титаник”-ийг үзэхээр шумбасан аппарат алга болжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

 

АНУ, Канад хоёр Атлантын далайд живсэн “Титаник” хөлөг онгоцны хэлтэрхийг үзэхээр шумбасан аппаратыг эрэн хайх зорилгоор хоёр онгоц илгээгээд байна гэж АНУ-ын эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.

Эрэн хайх, аврах ажиллагаанд АНУ цэргийн “С-130” тээврийн онгоц, Канад “Boeing P-8 Poseidon” эргүүлийн онгоцыг дайчилсан байна. Эрэн хайх ажиллагааг Кэйп Код хошуунаас 900 миль орчимд явуулж байна. Ажиллагаанд мөн Канадын судалгааны “Polar Prince” хөлөг онгоц оролцож байна.

“Guardian” хэвлэлд мэдээлснээр, энэ сарын 19-нд алга болсон “Titan” шумбагч аппаратад таван хүн байгаа. Тухайлбал, тус аппаратыг эзэмшигч “OceanGate Expeditions” компанийг үүсгэн байгуулагч Стоктон Раш, Их Британийн тэрбумтан Хэмиш Хадинг, Францын сансрын нисэгч Поль-Анри Наржоле нар байгаа аж. Аппарат усанд шумбаснаас хойш нэг цаг 45 минутын дараа холбоо тасарчээ. Холбоо тасраад нэг хоног болж байна.

6.4 м урт аппарат дөрвөн км гүнд шумбах хүчин чадалтай бөгөөд зорчигчдыг 96 цагийн турш агаараар хангах хүчин чадалтай. Канадын Ньюфаундлэндын далайн эргээс 600 км зайд 3.8 км гүнд байрлах “Титаник” хөлгийг үзэх 10 хоногийн аялал 250 мянган ам.доллар байдаг байна. 2021 оноос хойш “OceanGate Expeditions” компанийн аялалд нийт 60 жуулчин, 15-20 судлаач оролцож байжээ.

Алдарт “Титаник” хөлөг Английн Саутхэмптон хотоос Нью-Йоркийн чиглэлд 1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд анхны бөгөөд эцсийн аялалдаа гарчээ. Хөлөг онгоц Атлантын далайд хар хөх өнгийн хөмөрсөн гэгддэг мөсөн уултай мөргөлдөж, дөрөвдүгээр сарын 15-нд живсэн байна. Хөлөг онгоц дээр 2224 хүн явж байснаас 1513 нь амиа алджээ. Хөлөг онгоцны хэлтэрхийнүүдийг 1985 онд анх илрүүлж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bimaa(92.106.126.19) 2023 оны 06 сарын 21

Olon hvnii svns,tedniiv avaax yavj. Yug ni vzeh gej yavsiim boldoo.

0  |  0
Top