Монгол улс өөрийн үүцээ задлаж нийт ард түмэндээ хувь хишиг хүртээх баярт мэдээ гараад хэсэг хугацааг үдлээ. Төрийн түшээд маань ард түмэндээ гайхал хэдэн толгойнуудыг хэрхэн хувааж өгөх вэ гэж өдөржин шөнөжин хуралдаж хэрэлдэж байж Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувь хишиг хүртээхээр болсон.
Энэхүү ажлаа ахиулахын тулд хүн амаа нэг сайн тоолоод бас дээр нь бичиг баримтын зөрчилтөй иргэдийн бичиг баримттай болгосон нь нэг ёсондоо ард иргэдээ бүрэн эмх цэгцэнд нь оруулаад авлаа. Энэ бол сайн ажил. Бас нэг ажил нь Монголын хөрөнгийн биржийн менежментийг Лондонгийн бирж хариуцах болов. Энэ бас л нэг ажил. Гэхдээ энэ шийдвэрийнхээ дараагаар олон улсад баримталдаг зарчим болон Монгол улсын үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг онц ноцтойгоор зөрчсөн тогтоолыг Засгийн газар гаргахаар ажилдаа идэвхийлэн орлоо.
Монголын хөрөнгийн биржийн менежментийг гадаадын биржид өгчихөөд одоо дээрээс нь Үнэт Цаасны Төлбөр Тооцооны төв гэх 100% төрийн өмчит компанийг Хөрөнгийн биржтэй нэгтгэх гэнэ. Энэ нь нэг үгээр хэлбэл Монголын иргэн бүрийн дансыг Лондонд сууж байгаа эрхэм дураараа үзэх боломжийг олгож байна гэсэн үг юм. Таван Толгойн хувьцаа эзэмшихээр данс нээлгэсэн бүх хүний мэдээлэл гэдэг бол Монгол улсын бүх ард түмний мэдээлэл гэсэн үг билээ. Харин одоо Монголын Хөрөнгийн бирж болон ҮЦТТТ гэсэн хоёр байгууллагыг нэгтгэчихвэл иргэн таны хөрөнгийн зах зээлээс олж байгаа орлого болон таны дансны мэдээлэл гадаадын мэргэжлийн тоглогчдын нүдэн дээр ил болох бөгөөд та мэргэжлийн хүнтэй хөзрөө дэлгэж тавьж байгаад тоглож байгаатай ялгаагүй болох юм. Энэ бол иргэн танд шууд ирж болох эрсдэл тэгвэл Монгол улсын хувьд энэ нь үндэсний баялаг болон үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж хэлж болох билээ. Монголын хөрөнгийн зах зээл дээр монополь байдал үүсч гадны томоохон компаниудад хөрөнгийн биржээ алдах магадлалтайн дээр эдийн засгийн хувьд ч гадны хараанд бүрэн шилжин орох болно. Харин манай сайд дарга нар өчүүхэн сэтгүүлч надаас илүү сэтгэж байгаад ийм шийдвэр гаргав уу эсвэл алдаж дуусдаггүй хуулийн цоорхойгоор ард түмнийхээ эрх ашиг, эд хөрөнгө, үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн энэхүү шийдвэрийг дахин гаргах гэж байна уу? Хэрэв төрийн түшээд маань дээрх шийдвэрийг гаргавал дараах хуулиудыг зөрчих болно.
3.4. Үндэсний аюулгүй байдалын бүрэлдэхүүн хэсгийн
3.4.1. Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;
3.4.2. нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;
3.4.3. иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал;
3.4.4. эдийн засгийн аюулгүй байдал;
3.4.5. шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал;
3.4.6. мэдээллийн аюулгүй байдал;
3.4.7. монгол соёл иргэншлийн аюулгүй байдал;
3.4.8. хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;
3.4.9. экологийн аюулгүй байдал.
Мөн Эрүүгийн хуульд хувь хүний нууцын талаар “136.1.Хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг мэдсэн этгээд задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ”
“136.2.Хувь хүний нууцыг олон нийтэд тараасны улмаас бусдад хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг аж. Тэгвэл манай эрхэм дарга нар яг ямар хуулийг баримталж байгааг ухаж ойлгохыг уншигч авхай танд нээлттэй үлдээе.
Нийтлэлч: Г.Эрдэнэтөгс
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )