БНСУ шалтгаангүйгээр олон хүний аминд хүрэгсдийн эсрэг тэмцэж байгаа билээ. Сүүлийн үед тус улсад масс аллага олноор гарах болсон бөгөөд уг төрлийн гэмт хэргийг "Яагаад гэж бүү асуу" хэмээн нэрлээд байгаа аж.
Шалтгаангүйгээр хүний аминд хүрсэн сэжигтнүүд дунд нэгэн нийтлэг шинж байгааг шинжээчид онцолжээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь олон жил, сарын хугацаанд нийгмээс өөрийгөө тусгаарласан хүмүүс байсан гэнэ. Өнгөрөгч тавдугаар сард Жон Ёо Жон гэх эмэгтэй гэмт хэргийн сэдэлтэйгээр танихгүй хүний аминд хүрч, цогцсыг мөчилж нуусан байсан нь олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн. Гэмт хэрэг үйлдэхээсээ таван жилийн өмнөөс нийгмээс өөрийгөө тусгаарлан зурагт үзэх, аллагын сэдэвт ном зохиол үзэх зэргээр цагийг өнгөрөөдөг байсан Жон Ёо Жоны утаснаас ямар ч харилцаа холбооны түүх олж чадаагүй байна.
Өнгөрөгч долоодугаар сард БНСУ-ын Сөүл хотын Силлим буудлын ойролцоо хутгатай этгээд иргэд рүү дайрч нэг хүний аминд хүрч, гурван хүн хүнд шархатсан хэрэг гарсан. Сэжигтэн Чо Сон өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш гэр бүлийнхнээсээ холбоо тасарч, санхүүгийн хувьд хүнд байдалд оржээ. Эдгээр сорилтуудыг даван туулж байсан тэрээр нийгмээс өөрийгөө тусгаарлан ганцаар амьдарч эхэлсэн байна.
Энэ мэт шалтгаангүйгээр бусдын аминд хүрэх хэрэг сүүлийн үед газар аваад байгаа бөгөөд Асан хотын Сүнчунхян их сургуулийн цагдаагийн удирдлагын профессор У Юн Сон Ёнхап агентлагт өгсөн ярилцлагадаа нийгмийн харилцаанд орохгүй байх нь хүмүүсийг бие даан субьектив эсвэл догматик дүгнэлт хийхэд хүргэдэг тул асуудал үүсгэж эхэлдэг байна. Эдгээр хүмүүс бодит ертөнцөөс илүүтэй виртуаль орчинд амьдарч эхэлдэг бөгөөд үүнийгээ жинхэнэ мэт хүлээн авч эхэлдэг аж.
Эрх баригчдын зүгээс хараа хяналтаа чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оноох шийтгэлийг нэмэгдүүлнэ гэдгээ амлаад байна. Гэсэн ч энэ нь гэмт этгээдүүдийг гэмт хэрэг хийх сэдлийг нь бууруулахгүй хэмээн олон нийт үзэж байгаа аж. Хэргийн гол шалтгаан болох нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлах үзэгдлийг бууруулахын тулд авах шаардлагатай арга хэмжээний тухай өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнөж эхлээд байгаа бөгөөд орчин үеийн залуус хөдөлмөрийн зах зээл хангалтгүй байгаа, бусадтай харилцаанд ороход хүндрэлтэй байдгаас үүдэн өөрийгөө тусгаарлаж эхэлдэг тухай онцолжээ.
Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 1.26 сая гаруй төгсөгч сургуулиа төгсжээ. Тэдний талаас илүү хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байгаа тухай статистик судалгаа гарсан бөгөөд үүн дээр Засгийн газар дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээ авахыг олон нийт шаардаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Хүн өөрөө нийгмийн амьтан ,хүн нийгмээс гадуурхагдан өөрийгөө тусгаарлахаар ганцаараа удахаараа галзуурч байна л гэсэн үг юм даа Сэтгэцийн өөрчлөлтөд ордог гэсэн үг гэж үзэж бгаа юмуу даа .
Manaid bas iim uzegdel ajiglagdaj ehelj bn oir orchmoos
sonirholtoi sudalgaa bn