1990 оноос хойш хорт хавдрын тохиолдлын тоо 79 хувиар нэмэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 06

Олон улсын эмч нарын баг 50 хүртэлх насны хүмүүсийн дунд хорт хавдраар өвчлөх тохиолдол 1990 онтой харьцуулахад дэлхий даяар 79 хувиар өссөн болохыг тогтоожээ. Тиймээс залууст эрүүл амьдралын хэв маягийг таниулан сурталчлах шаардлагатай байна гэж эмч нар анхааруулжээ.

“BMJ Oncology” сэтгүүлд бичсэнээр, хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт 27 хувиар өссөн байна. Хөх, уушги, хоол боловсруулах эрхтний хорт хавдраар нас барах тохиолдол их байна. Хятадын Жежиан их сургуулийн анагаах ухааны сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Сю Ли тэргүүнтэй олон улсын эмч нарын баг “Global Burden of Disease (GBD)” төслийн хүрээнд цуглуулсан мэдээллийг судалсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ.Төслийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын “IHME” хүрээлэн, Билл, Мелинда Гейтсийн сангаас 1990 оноос хэрэгжүүлж байна. Төсөлд ДЭМБ-ын гишүүн орнууд, шилдэг шинжлэх ухааны төвийн судлаачид оролцож байгаа аж. Төслийн хүрээнд НҮБ-ын гишүүн 204 орон бүртгэгдсэн 29 төрлийн хорт хавдрын мэдээллийг цуглуулжээ.

Мэдээллээс үзвэл, 2019 онд дэлхий дахинд 1.82 сая хүнд хорт хавдрын онош шинээр тавьсан нь 1990 онтой харьцуулахад 79 хувиар нэмэгдсэн байна. Ингэхдээ залгиур, түрүү булчирхайн хорт хавдрын тохиолдол өссөн байна. Энэ хандлага ялангуяа эдийн засгийн өндөр хөгжилтэй бүс нутаг илүү ажиглагдсан ба ийм бүс нутгуудад хөхний болон шулуун, бүдүүн гэдэсний хорт хавдар түлхүү нэмэгджээ. АНЭУ-д 1127 хувь, Катарт 1089 хувь, Саудын Арабд 896 хувиар хорт хавдрын тохиолдол хамгийн ихээр өссөн байна. Харин Гүрж, Латви, Литва зэрэг улсад залуусын дунд хорт хавдраар өвчлөх байдал 30 хувиар буурчээ. АНУ, Соломоны арлуудад 100 мянган хүн тутамд 282, 83 тохиолдол тус тус оногдож байгаа бол энэ үзүүлэлт Нигер, Кувейтэд хамгийн бага байна. Тус улсуудад 100 мянган хүнд 31, 9 тохиолдол тус тус оногдож байна. Сю Ли тэргүүтэй эрдэмтэд хорт хавдраар өвчлөх тохиолдол залуус, эмэгтэйчүүдийн дунд нэмэгдэж байгаа нь гений хүчин зүйлс болон экологийн нөхцөл байдлаас гадна хэт таргалалт, хорт зуршил, мах, сүүний өндөр хэрэглээ, хөдөлгөөн буурсантай холбоотой гэж таамаглаж байна.

Хэрэв эдгээр асуудлыг ойрын жилүүдэд шийдэхгүй бол энэ зууны сүүл гэхэд хорт хавдрын тохиолдлын тоо 31 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top