Морокко: Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний 2100-г давжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 11

Мороккод болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2122 болж өссөн тухай “Al Jazeera” суваг мэдээлжээ.

Мороккогийн Үндэсний геофизикийн хүрээлэнгийн мэдээллээр, 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө орон нутгийн цагаар 23.11 цагт болжээ. Голомт нь Марракеш хотоос 77 км зайд 10 км гүнд бүртгэгджээ. Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн хүч 6.9 магнитуд байжээ.

Мороккогийн Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, аврах ажиллагаа үргэлжилж, амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй. Мороккогийн армийн алба хаагчид, онгоц, нисдэг тэрэг болон дронуудыг дайчлаад байна.

Марракешт явуулын эмнэлэг байгуулж, гэмтэж бэртсэн хүмүүст тусалж, ард иргэдэд хандан цусаа хандивлахыг уриалжээ. Гамшигт өртсөн бүс нутгуудад цахилгаан хангамж, үүрэн утасны сүлжээ тасарчээ. Марракешийн бэлэг тэмдэг болсон Аль Кутубиа сүм, ЮНЕСКО-д бүртгэлтэй хэд хэдэн түүх, соёлын дурсгалт өв, музейнүүд нуржээ.

Одоогийн байдлаар, ЕХ, Беларус, Их Британи, Израил, Энэтхэг, Итали, АНУ, Турк тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа бол БНХАУ хүмүүнлэгийн тусламж, Герман аврагчдаа илгээгээд байна. Алжир агаарын орон зайгаа Мороккод агаараар тусламж хүргүүлэх зорилгоор нээгээд байна. Франц нийт 1.5 сая еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж, сайн дурынхны баг илгээжээ. Дэлхийн банк бүх талын тусламж үзүүлэх санал тавиад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top