Саудын Араб буюу Хятадын супер лиг яагаад дампуурсан бэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

Энэ жилийн зун дэлхийн хөлбөмбөгийн зах зээлд Саудын Араб хэмээх том тоглогч гарч ирж, Европын том багуудыг сандаргалаа. Хэтэвч нь ёроолгүй тэдний өмнө ямар ч баг, тоглогч тэсэхгүй мэт санагдаж байв. Хэдэн жилийн өмнө Хятадын лиг яг л ийм байсныг арабууд өөрийн эрхгүй санагдуулж байлаа. Хятадууд хамаг оддыг худалдан авч, хөлбөмбөгийн зах зээлд хөөс үүсгэж байсан шиг. Гэхдээ тэнд хөлбөмбөг хөгжилгүй, уналтад орсон. Саудын Араб бас тэгэх юм биш биз?

Үнэндээ энэ хоёр улсын хөлбөмбөгийн лигийн мандалт өөр өөр шалтгаантай. Саудын Арабт ард түмнээ эрүүл амьдрах хэвшилд оруулах, аялал жуулчлал хөгжүүлэх улсын бодлого (бүх шилдэг багуудыг нэг сан удирддаг) байгаа бол Хятадад хамгийн том дарга нь хөлбөмбөгт дуртайгаас л болсон юм.

“Арсенал” багийн ахлах дасгалжуулагч Арсен Венгер 2016 оны хоёрдугаар сарын 4-нд “Премьер лиг болгоомжтой байх ёстой шүү. Хятад улсад Европын бүх лигийг худалдаад авчих санхүүгийн хүчин чадал байгаа” гэж хэлж байлаа.

2016 оны нэгдүгээр сард Жексон Мартинес 42 сая евро, Рамирес 28 сая, Жервиньо 18, Фредди Гуарин 13 сая еврогоор Хятадад очлоо. Тэднээс өмнө Паулиньо, Робиньо, Демба Ба, Асамоа Гьян нар оччихоод байлаа.

Үнэхээр Венгерийн зөв мэт санагдаж байв. Түүний ярилцлагын маргааш нь л Цзянсу Сунин баг Алекс Тейшейрад 50 сая евро хаялаа. Тэр жилийн өвлийн наймааны цонхоор Хятадын дээд лигийн багууд 347 сая еврогоор тамирчин худалдан авсан нь Английн Премьер лиг, Италийн Сери А гэсэн хоёр том лигийн зардлыг нийлүүлснээс их мөнгө байлаа. Хятадын хоёрдугаар лигийн багууд 52 сая евро зарлагадсан нь Германы Бундеслигээс илүү байсан гээд бодоод үз.

2016 оны Өвлийн наймааны цонх

Хятадын АШТ – 347 сая евро

Премьер лиг – 255 сая

Сери А – 92 сая

Хятадын хоёрдугаар лиг – 52 сая

Бундеслиг – 50 сая

Лиг 1 – 35 сая

Ла лиг – 33 сая евро

“Энэ бол Хятадын эдийн засгийн хүч чадлын нөлөө гэдгийг бид ойлгож байна. Ийм явдал Японд болж байсан ч удалгүй үнийн өсөлт зогссон. Хэрэв Хятад улсад хөлбөмбөгийн лигийн түвшингээ өсгөх улстөрийн хүсэл байх юм бол бусад орнуудад тун хэцүү болно” гэж Венгер ярьсан.

Гэвч Хятадын лиг супер ододтой супер лигийн статустай удаагүй юм. Хятадад Тевес, Халк, Витцель, Машерано нар байсан ч Саудын Арабаас ялгаатай нь Месси, Роналду зэрэг Алтан Бөмбөг шагналтнуудыг худалдан авах яриа гарч ч байгаагүй билээ. Хятадад Бэйл, Давид Луиз, Рибери, Фалькао нар очоогүй.  

Өөрийн дотоод үйлдвэрийн супер од ч төрсөн гарсангүй. Хятадын шигшээ баг ДАШТ-д оролцсонгүй. Лиг нь ч Азидаа тэргүүлэх хэмжээнд хүрч чадаагүй. Хэдхэн жилийн дараа коммунист намын бодлого өөрчлөгдөж, гадаад тоглогчдод хязгаарлалт тавьж, багууд хоосорсноор гадаадын одод гэртээ харьцгаасан билээ. Алдартнуудаас Оскар, Феллайни хоёр л үлдсэн бөгөөд лигийн тоглогчдын нийт үнэ Саудын Араб, АНЭУ, Япон, БНСУ-аас доогуур, Катарын түвшинд байна.

Ингэхэд юу тохиолдов?

Хүн ам ихтэй Хятад улс XX зууны сүүлээс дэлхийн үйлдвэр болж хувирсан билээ. Гэхдээ Засгийн газарт нь уян зөөлөн бодлого дутагдаж байлаа. Хятад хүчээр асуудлыг шийдэж, үгүй бол бойкот зарладаг улс байв. Хятадад олон арван жилийн турш спорт гэдэг нь баяр баясгалантай биш улстөртэй холбоотой явж ирсэн. Спортыг хүч чадлаа харуулах, геополитикийн тэнцвэртэй байдлыг хадгалах зэвсэг гэж бодож ирсэн юм.  

Улс төрөөс болоод хятад тамирчид бараг 30 жил олимпод оролцож чадаагүй. Коммунист хувьсгалын дараа БНХАУ-ыг ОУОХ, ФИФА гишүүнээрээ элсүүлсэн. Хятадын баг 1952 оны Хельсинки олимпод оролцож байлаа. Гэвч дараа нь ОУОХ-ноос Тайванийг гишүүнээрээ элсүүлсний дараа тэд ОУОХ, ФИФА-гаас гарч, бойкот зарласан нь 1980 оны Лейк-Плэсид олимп хүртэл үргэлжилсэн.

Дэлхийн спортод эргэн ирэхээсээ өмнө Хятадын Коммунист нам шинэ бодлого гаргасан нь “Олимпын наадамд ялах нь улс орны бүрэн бүтэн байдал, нэр хүндэд маш чухал” гэсэн үзэл байлаа. Бүх зүйл сайхан болж эхэлсэн. Спортын дэд бүтцэд асар их хөрөнгө оруулсны ачаар 2008 онд Бээжингийн олимпыг амжилттай зохион байгууллаа. Нийлбэр дүнгээрээ дэлхийд тэргүүлсэн. Олимпын наадам Хятадад их эрч хүч өгсөн. Олимпын ачаар  Хятад бол дэлхийн том гүрний нэг гэдгийг ертөнц харсан. Хятадад яг энэ л хэрэгтэй байсан юм.   

Гэхдээ Ши Жинпинд таалагдахгүй нэг зүйл байсан нь дэлхийн хамгийн том спортын төрөл болох хөлбөмбөгт хятадууд гавихгүй байв. Түүхэндээ ганц удаа 2002 онд л ДАШТ-д шалгарч байжээ.

Хөлбөмбөгийн фэн Ши Жинпинд маш гомдолтой байв. Ши дарга гурван зүйл мөрөөддөг гэж ярьсан нь:

• Хятадын шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох

• Хятад улс нутагтаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авах

• Хятадын баг хөлбөмбөгийн дэлхийн аварга болох

Хятадын дарга болоогүй байхад нь л Ши-д Хятадын эмэгтэй багийнхны гарын үсэгтэй бөмбөг, Байер багийн жерси, 2006 оны ДАШТ-ий бөмбөг, Дэвид Бекхэмийн гарын үсэгтэй Лос-Анжелес Гэлакси багийн өмсгөл бэлэглэж байв. Дарга болсноос нь хойш хөлбөмбөгийн бэлэг бүр ихэссэн. Англи, Аргентины шигшээ, Манчестер Сити, Вольфсбург багийн өмсгөл гээд л урсаж байв. Харин Ши Жинпин дарга болонгуутаа Хятадын хөлбөмбөгийн холбоонд цэвэрлэгээ хийлээ. Хоёр хуучин даргад нь авлигын хэргээр 10,5 жилийн ял оноож, 200 мянган юаниар торгов.

Бээжингийн олимп спорт төдийгүй улстөр, нийгмийн бүх салбарт маш том амжилт болсон юм. Хятадын эдийн засаг дэлхийд хоёрт бичигдэж, сансарт пуужин хөөргөж байсан ч хөлбөмбөгийн шигшээ баг нь Азийн тэмцээний эрхийн төлөө Хонконгтой арай ядан өрсөлдөж байлаа. Ингээд хөлбөмбөгт хөрөнгө оруулах хэрэгтэй нь тодорхой болсон. Ши дарга өөрийн биеэр улс орныхоо спортын хөгжлийн бодлогыг удирдаж байв. Шинэ бодлогын гол утга нь 2025 он гэхэд спортын салбарын хөрөнгийн эргэлтийг 5 триллион юаньд хүргэх, спортын удирдлагыг энгийн хялбар болгох, спортын соёлыг бий болгох байв. Энэ зорилгыг биелүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Засгийн газраас улсаас хөрөнгө оруулахгүй, харин хувийн хэвшлүүд спортод мөнгө хаях хэрэгтэй гэж сануулсан. Засгийн газраас хүчээр тулгаагүй, том компаниудад зүгээр л сануулсан хэрэг.

Ингээд Хятадын том компаниудын дунд хэн нь их спортод илүү мөнгө оруулах вэ гэсэн өрсөлдөөн эхлэв. Зарим жишээнээс дурдвал:

• Alibaba – спортын салбар нээж, Гуанчжоу багийн хувьцааны 50 хувийг худалдан авав. Энэ багт  Робиньо, Паулиньо, Жексон Мартинес нар тоглож байлаа.

• Greenland – хөлбөмбөгийн Шанхай Шеньхуа багийг худалдаан аваад Демба Ба, Гуарина, Тевес, Эль-Шаарави нарыг эгнээндээ нэгтгэсэн.

• Suning - Цзянсу Сунин багийг өмчилж, Алекс Тейшейра, Рамирес, Жо нарыг худалдан авав.

• Evergrande – Гуанчжоу багийн хувьцааны 50 хувийг авсан.

• China Fortune Land Development – Хэбэй багийг авч, Жервиньо, Лавесси, Машерано,  Эрнанес нарыг худалдан авчээ.

• Sinobo - Бэйцзин Гоань багийг эзэмшсэн. Тэнд Бурак Йылмаз, Ренато Аугусто, Бакамбу, Фернандо нар тоглож байсныг санаж байна уу?

•   SIPG - Шанхай Порт багийг авч, Халк, Оскар, Арнаутович, Асамоа Гьян, Одил Ахмедов нарыг авчирсан.

Лигийн багийн ихэнх нь маш том групп, компаниудын эзэмшил болсон тул баячууд өрсөлдөн, мөнгө хаялцаж эхлэв.

Хятадын лигийн хамгийн үнэтэй 5 наймаа

1, Оскар – 2017 он, 60 сая евро

2, Халк – 2016, 56 сая

3, Алекс Тейшера – 2016, 50 сая

4, Паулиньо – 2019, 42 сая

5, Жексон Мартинес – 2016, 40 сая евро

Хятадууд бразилчуудыг авах их дуртай байв. Шинжаан-Уйгарын ӨЗО-ны Шинжаан Тяньшань Леопард хэмээх хоёрдугаар лигийн дундаж багийн эзэн Айджан Сан “Бразилчууд Хятадын хөлбөмбөгт бусад ямар ч улсаас илүү тус болж чадна. Манай багт гурван бразил тоглогч бий. Бразил улс 200 сая хүн амтайгийн 100 сая нь хөлбөмбөгч, үлдсэн 100 сая нь хөлбөмбөгийн менежерүүд. Бразилд бүгд хөл бөмбөгт дуртай” гэж хэлж байлаа.

Бразилчууд өөрсдөө ч мөнгөнөөс болж ирснээ нууж байгаагүй. Хятадын багтай гэрээ байгуулах нь баяжих цөөхөн боломжийн нэг нь байв.

Коринтианс багийн дэд ерөнхийлөгч Луис Паулу Розенберг “Хятадын лиг байгуулагдсанаар алтны шинэ орд газар олсон мэт болсон. Бразилд чи нэгдүгээр давхраас лифтээр таван давхарт гарч чадна. Харин хятадууд ирээд шууд 40 дүгээр давхарт гаргана” гэж хэлсэн нь нэгийг бодогдуулна.

Хятадын Засгийн газар хөлбөмбөгийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж, 2050 он гэхэд дэлхийн аварга болохоор төлөвлөсөн байв. Хөлбөмбөгийн түвшнээ дээшлүүлэхийн тулд тэд дундаж бразил тоглогчийг гурав дахин илүү үнээр авч байлаа.

2015 онд Ши Жинпин Их Британид айлчиллаа. Тэрээр Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзаж, Манчестер Сити багийн бэлтгэлийн баазыг үзэж сонирхов. Шүтэн биширсэн Ши дарга Ситигийн хүүхдийн академийг хөгжлийн үлгэр жишээ болгон авахаар шийдэж, China Media Capital сан Манчестер Сити багийн хувьцааны 13 хувийг 265 сая фунт стерлингээр шууд худалдан авлаа. Тэр жилээ Засгийн газраас Хятадын хөлбөмбөгт шинэчлэл хийх төлөвлөгөө гаргасан юм. Улсаас хөлбөмбөгийн холбоог санхүүжүүлэхээ зогсоож, хүүхэд, залуучуудын хөлбөмбөгт хөрөнгө оруулах шийдвэр гаргалаа.

• 2020 он гэхэд 20 мянган хөлбөмбөгийн сургууль, 70 мянган хөлбөмбөгийн талбай барьж, 30-50 сая хүүхэд тогтмол хичээллэдэг болгох

• 2030 он гэхэд 50 мянган сургууль барьж, Хятадын эрэгтэй шигшээ баг Азийн шилдэг баг болох, эмэгтэй баг дэлхийн шилдэг багт орох

• 2050 он гэхэд эрэгтэй шигшээ баг ФИФА-гийн чансааны эхний 20-т багтах, БНХАУ хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулж, дэлхийн аварга болох

2012 онд Хятадын хөлбөмбөгийн бахархал болсон Гуанчжоу академи нээгдлээ. 185 сая ам.долларын өртөгтэй энэ академид 2577 хүүхэд суралцаж, Мадридын Реал багийн академийн 24 дасгалжуулагч ажиллаж байлаа. Сургуулийн хашаанд Алтан цомын 4 метр өндөр хөшөөтэй, Платини, Марадонагийн хөрөг өлгөсөн ёстой хөлбөмбөгийн Хогвартс сургууль л гэсэн үг.

Ийм их хөрөнгө зарж байхад Хятад удахгүй дэлхийн хөлбөмбөгийн төв болох мэт санагдаж байсан ч болсонгүй. Ши Жинпин лигт нь гадаадын одод тоглож, түвшин нь өсөж байгаад баяртай байсан ч шигшээ баг амжилт олохгүй байгаад сэтгэл хангалуун бус байлаа. Тэр шигшээ багаа огцом сайжирна гэж найдаж байв. Намын дарга, улс орны тэргүүн хүн хөлбөмбөгт хэт их анхаарал тавьсан нь харамсалтай үр дүнд хүргэсэн юм.

Лигийн багуудын гол амжилт нь гадаад тоглогчидтой холбоотой, хятад тамирчид багтаа үүрэг, роль бага байв. Ингээд гадаад тоглогчдын тоонд хязгаар тавьлаа.

Нэг улиралд 4 гадаад тоглогч + 1 ази тоглогч мэдүүлж болно. Хятад тоглогчдыг байнга тоглох боломжтой байлгах, тэгснээр ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой байсан ч тоглогчдын чанар биш зардал л өсөөд байлаа. 2010 оноос эхэлсэн их мөнгөний урсгал энэ ситемийн эцсийн амьсгалыг нь барьж орхисон юм.

Хятадууд үнэтэй бразил, европ тоглогчдод мөнгө гаргахад бэлэн байв. Гэвч хязгаарлалтаас болоод орон нутгийн буюу хятад, Азийн орнуудын сулхан тоглогчдын үнэ арав дахин нэмэгдлээ. БНСУ, Австралиас тэтгэвэртээ гарсан, тааруухан гарууд хүрч ирдэг болов. Баян хятадуудаас мөнгө олохыг хүссэн хөлбөмбөгч газар сайгүй байлаа. Карлос Тевес Шанхай Шеньхуа багт жилийн 38 сая евро, 7 хоногт 730 мянган евро авч, дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчийн жагсаалтыг тэргүүлж байлаа. Тевес жилийн дотор 20 тоглолтод гарч, дөрөвхөн гоол хийгээд, үхэн үхтлээ идэх хөрөнгө олоод Аргентиндаа буцсан билээ.

Энэ ч бас гайгүй, хамгийн аймшигтай нь хятад тоглогчдын үнэ асар их нэмэгдэв. Гадаад тоглогчдын хязгаарлалт тогтоосноор бүх баг гайгүй хятад хөлбөмбөгч хайж эхэлсэн. Арай гайгүй хятад тоглогчдын үнэ ингэснээр тэнгэрт гарсан юм. 2016 онд Хятадын лигийн гараанд тоглож чадах хятад тоглогчийн үнэ 5 сая евро ((Transfermarkt-д 100-200 мянган евро) байсан бол хэд дахин нэмэгдлээ.  

Түүхэн дэх хамгийн үнэтэй хятад тоглогч Чжан Чэндуныг Хэбэй баг 20,4 сая еврогоор авсан нь Жервиньо (18 сая), Машерано (5,5), Эрнанес (8) нараас үнэтэй байлаа. Түүний бодит үнийг Transfermarkt 500 мянган евро гэж тогтоосон байдаг.

Хятадууд лигийн журам, дүрмийг жил болгон өөрчилж, цалингийн хязгаарлалт тавин, лимитээ өөрчилж байсан нь ч лиг дампуурахад нөлөөлсөн билээ. Багууд хоосорч, гадаадын одод зугтсаар байв.

2017 онд дахин нэг шинэчлэлт хийлээ. Энэ цагаас эхлэн багууд зөвхөн 4 легионертой (өмнө нь 4+1 Азийн тоглогч), талбай дээр нэгэн зэрэг гурван гадаад тоглогч л гарах эрхтэй болгов. Мөн 23-аас доош насны хоёр тоглогч заавал мэдүүлэгт багтаж, нэг нь заавал гараанд гарах дүрэм гаргалаа. Багуудын зардлыг хязгаарлахын тулд наймаанд 100 хувийн татвар оноов. Өөрөөр хэлбэл 50 сая еврогоор тоглогч худалдан авсан бол бас 50 сая еврог хүүхэд, залуучуудын хөлбөмбөгийг хөгжүүлэх санд төлөх ёстой болжээ.  

Гэвч шинэ систем амжилт авчирсангүй. Гадаадаас сайн үнэтэй тоглогч авахаа болилоо, залуу тоглогчийг гараанд гаргаад хоёр дахь минутад шууд сэлгээнд суулгадаг болов. Гадаад тоглогчдыг хязгаарлаад ч, татвар оноогоод ч шигшээ багт ач тус болсонгүй. 2017 оны аравдугаар сард Хятадын шигшээ баг түүхэндээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь ФИФА-гийн чансааны 57-д бичигдэж, Узбекистан, Катарыг ялсан явдал байв. Гэвч 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хасагдаж, чансаа нь ч хуучныхаа далан хэддүгээр байрт уналаа.

ДАШТ-ий дараа ч байдал сайжирсангүй, дүрэм өөрчлөгдсөн хэвээр.

2018 оны сүүлээр холбооны түшмэлүүд бас нэгэн шинэчлэлт хийсэн нь цалингийн хязгаарлалтыг өөрчлөв. 2019 оноос багууд төсвийнхөө 65 хувиас илүү худалдан авалт хийхийг хориглолоо. Хятад тоглогчдын үнийг жирийн тоглогч дээд тал нь 1,3 сая евро, шигшээ багийн тоглогч 1,6 сая гэж тогтоов.

2019 оны сүүлд бүх багийн цалингийн дээд хязгаарыг 142 сая евро, гадаад тоглогчдын хязгаарлалтыг нэг баг 5 легионер мэдүүлэгт, гараанд 4 гэж заалаа. Хятадын хөлбөмбөгийн хөрөнгө, мөнгийг хассан учир нь багууд хоосроход тулаад байв.  

Гэвч оройтжээ.

2020 оны хавар Тяньцзинь Тяньхай баг дампуурлаа. 145 сая ам.долларын өртэй энэ баг ивээн тэтгэгч олж чадсангүй. 2021 онд мэдээж дахиад дүрэм өөрчлөгдсөн. Легионер тоглогчдын цалингийн дээд хэмжээг жилд 3 сая евро, хятад тоглогчдынх 625 мянган евро болгож, багийн нийт тамирчдын цалинг 75 сая евро болгож буулгав. Багуудад нэрээ өөрчлөхийг хориглосноор багуудын зар сурталчилгааны орлогыг улам багасгав. Энэ шинэчлэл  Цзянсу Сунин багийн сүүлийн амьсгааг тасаллаа. 2020 оны аварга энэ баг 2021 оны улирал эхлэхийн өмнө дампуурав. Цалингийн хязгаарлалт тавьснаар 2021 оны өвөл гадаад оддын нүүдэл эхэллээ. Нүүдэл гэхээсээ илүү зугтсан гэхэд болох юм. Халк, Ромуло хоёр Бразилд, Стефан Эль-Шаарави, Грациано Пелле хоёр Италид, Янник Феррейра Карраско Испанид, Саломон Рондон ОХУ-д очиж, Сандро Вагнер, Обафеми Мартинс хоёр зодог тайллаа.

Одоо Хятадын лиг Азидаа дөнгөж долоод бичигдэж байна. Өсөж хөгжих найдвар огт харагдахгүй. Супер лиг байгуулах хятад туршилт ийнхүү амжилтгүй өнгөрлөө. Хөлбөмбөгийг олимпын бусад төрөл шиг өргөх гэж хүссэн Ши Жинпин даргадаа таалагдах гэсэн тэрбумтан баячуудын хөрөнгө оруулалт ашиг авчирсангүй. Богино хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулаад амжилт олдоггүй нь харагдлаа. Хөрөнгө оруулалтын давалгаа эхэлснээс хойш Хятадын нэг ч баг Азийн Аваргуудын лигийн финалд шалгарсангүй (хөрөнгө оруулалт эхлэхээс өмнө Гуанчжоу 2013, 2015 онд түрүүлж байв). Шигшээ баг нь 2018, 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатаа ч барсангүй. Хятадууд хөлбөмбөгийн инфляц үүсгэж, гадаад тоглогчдыг мөнгөөр булсан ч дотоод тоглогчдын ур чадвар сайжирсангүй. Учир нь гэнэт үнэ нь өссөн хятадууд хичээхээ больсон байлаа.

Хамгийн аймшигтай нь тэр олон тэрбумын хөрөнгө оруулалтаас үлдсэн зүйл бараг байхгүй. Цар тахал, эдийн засгийн хямралаас болж, спортыг дэмжиж байсан иэхэнх том компаниуд спортоос гарлаа. Дэлхийг шуугиулж, айлгаж, том тоглогчдын шүлсийг гоожуулж байсан тэр лигээс балгас л үлджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(66.181.184.12) 2023 оны 09 сарын 17

Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed

0  |  0
Top