Жолоочгүй автомашин ба ухаалаг зам: Ирээдүйн тээврийн эрсдэлүүд

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

Жолоочгүй тээврийн хэрэгсэл аажмаар бидний амьдралын нэг хэсэг болж байна. Гэвч дэлхийн улс орнууд хууль, эрх зүйн хувьд жолоочгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд бүрэн оруулахад бэлэн бус байна.

Автомашины хүрдний ард хүнд зориулсан суудал байгаа цагт жолооч техник зөв ажиллаж байгаа эсэхийг хянаж, жолоо барьж байгаа хиймэл оюун ухааныг шаардлагатай үед орлоход бэлэн. Ирээдүйд энэ үүргийг алсын зайнаас операторууд гүйцэтгэнэ гэж таамаглаж байгаа. Тэд нэгэн зэрэг хэд хэдэн ачааны тэрэгний хөдөлгөөнийг хянан удирдах юм. Гэвч хиймэл оюун ухааныг тээврийн системд эрчимтэй нэвтрүүлэх нь зөвхөн давуу талтай гэвэл эндүүрэл. Тухайлбал, хууль эрх зүйн асуудлууд тавигдана. Жишээлбэл, жолоочгүй автомашин осол гаргавал хэн хариуцлага хүлээх вэ? Жолоочгүй автомашины системд хөдөлгөөнд оролцох үеэр нь хакерууд халдвал хэрхэх вэ?

Дэлхийн улс орнуудад жолоочгүй автомашины тухай хууль эрх зүйн ямар орчин байдаг тухай “Forbes” сэтгүүл бичжээ.

Дэлхийн туршлага

Европ, Африк, Өмнөд Америкийн 80 гаруй орны нутаг дэвсгэрт 1968 онд баталсан Замын хөдөлгөөний тухай Вений конвенц үйлчилдэг. Тус баримт бичигт нэмэлт, өөрчлөлт тогтмол оруулдаг ч өнөө хэр автомашин бүрд жолооч байх ёстой гэсэн заалт байсаар байдаг. Энэ заалт хүний оролцоогүй явах чадвартай жолоочгүй автомашиныг нэвтрүүлэх явцыг удаашруулж байна. Тиймээс л жолоочгүй автомашин үйлдвэрлэлийг хөгжүүлж буй “Tesla” зэрэг компаниуд АНУ, БНХАУ, Малайз зэрэг  Вений конвенцыг соёрхон батлаагүй улс орнуудад шинэ бүтээгдэхүүнээ туршдаг.

Сүүлийн үед зарим улс орон хиймэл оюун ухааны салбарын тухай хууль тогтоомж боловсруулах ажилд ханцуй шамлан орж эхэлжээ. Тухайлбал, Эстонид хиймэл оюун ухааны ашиглалтыг хянадаг хууль батлагдсан байна. Энэ улсад аль 2019 онд төрийн үйлчилгээнд машин сургалтыг туршиж эхэлснээс гадна шүүгчдийн ачааллыг хөнгөвчлөх роботыг хүртэл бүтээхийг оролдож байсан юм. Үүний сацуу хиймэл оюун ухаантай холбоотой шинэчлэл өдгөө Арабын Нэгдсэн Эмирт Улсад идэвхтэй хийгдэж байна. 2023 оны долоодугаар сард Дубайд хүний оролцоогүй явах чадвартай тээврийн хэрэгслийн зөвшөөрөл, хэм хэмжээний бааз болон ашиглалтын стандартыг зохицуулсан хууль хүчин төгөлдөр болжээ.

Жолоочгүй тээвэртэй холбоотой эрсдэлүүд

Үйлдвэрлэгчид одоогоор хоёр төрлийн жолоочгүй автомашин бүтээж байна. Нэг нь бүрэн автомат буюу хүний оролцоогүй явах чадвартай автомашинууд. Нөгөө төрөл нь жолоочийн тусламжтай автомат тоормос, хөдөлгөөний зурвас, хурдыг хянах, түлшний хэмнэлт зэргийн автоматаар тохируулах ухаалаг систем нэвтрүүлсэн автомашин.

Ирээдүйд ийм автомашинууд жолоочтой автомашинуудтай зэрэгцэн хөдөлгөөнд оролцоно. Энэ нь хууль тогтоогчдын гол толгойн өвчин болоод байна. Жолоочтой, жолоочгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой бүх асуудлыг зохицуулах шаардлага гарч ирж байна. Одоогоор жолоочгүй тээврийн хэрэгслийн тухай хууль боловсруулах ажил нь олон тооны үл мэдэгдэх гишүүнтэй тэгшитгэл гэсэн үг. Бүх нарийн асуудлыг тодорхойлж, тусгахад олон жил шаардагдана. Ийм тохиолдол ч гэсэн эрх зүйн актуудад цоорхой үлдэх магадлалтай. Жишээ нь, хууль тогтоогчид жолоочгүй автомашины техникийн нөхцөлд тавих шаардлагыг нарийн заахгүй орхигдуулбал үйлдвэрлэгчид техник угсралтын явцад хэмнэлт гаргах эрсдэл бий. Ингэснээр, замын хөдөлгөөнд оролцогч бүх тал аюулд орно.

Эрсдэл нь жолоочгүй автомашинтай холбоотой гол асуудлын нэг хэвээр байна. Үйлдвэрлэгчид хаалттай орчинд жолоочгүй автомашиныг амжилттай туршиж болно. Гэвч аюулгүй байдлын бодит түвшнийг үнэлэхийн тулд үйлдвэрлэгчид бүх нитийн эзэмшлийн зам дээр олон тооны жолоочгүй автомашин гарган, туршилт хийх ёстой. Өөрөөр хэлбэл энэ туршилтад олон тооны хүн оролцох болно гэсэн үг.

Ирээдүйд жолоочгүй автомашиныг маш найдвартай болгосон ч программ хангамж нь гаднын халдлага өртөх аюулаас 100 хувь хамгаалагдахгүй. Ийм туршилтуудыг АНУ-д хийж байжээ. Хакерууд жолоочгүй “Jeep” автомашины тоормосыг алсын зайнаас ажиллагаагүй болгосны дараа үйлдвэрлэгчид алдааг засахын тулд зах зээлээс 1.4 сая автомашинаа эргүүлэн татахаас өөр аргагүйд хүрч байсан.

Энгийн хэрэглэгчдийг ийм төрлийн ослоос хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хангах тал дээр хуульчдад бүрэн дүүрэн хариулт одоогоор алга байна. Ингэхдээ программ хангамж боловсруулагчид хэрэглэгчийн гэрээгээр өөрсдийгөө голдуу хамгаалсан байна. Гэрээнд аливаа программд алдаа гардаг гэсэн заалтыг тусгадаг. Энэ нь онолын хувьд программ халдлагад өртөх боломжтой гэсэн үг. Ихэнх тохиолдолд энэ заалт хөгжүүлэгчдийг хариуцлагаас чөлөөлдөг. Харин шинэ хууль баталснаар ийм кейсийн асуудалд өөрчлөлт гарч магадгүй л юм.

Ирээдүйд мөн даатгалын компаниуд асуудал тавих боломжтой. Статистик мэдээллээс үзвэл, авто замын ослоос үүдэлтэй нас баралтын 94 хувь нь хүний хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Хиймэл оюун ухааныг авто замын хөдөлгөөнд нэвтрүүлбэл 10 жилд нийт 500 мянган хүний амийг аврах боломжтой гэсэн судалгаа гарчээ. Улмаар даатгалын нөхөн төлбөрийн зардал эрс багасна. Хэрэв ирээдүйд жолоочгүй автомашин энгийн үзэгдэл болбол авто замын ослын даатгал бараг түүх болж үлдэж магадгүй. Гэхдээ ослын эрсдэл хэзээд байсаар байна.

Ухаалаг замтай холбоотой эрсдэлүүд

Хиймэл оюун ухааныг тээврийн системд нэвтрүүлэхтэй холбоотой бас нэг сонирхолтой тал нь V2X (Vehicle-to-Everything) технологи юм. Эл технологийн тусламжтай автомашиныг замын онлайн дэд бүтцэд холбодог. Тухайлбал, замын өндөр нарийвчлалтай цахим хувилбарыг бүтээдэг. Үүнд бүх замын тэмдэг, тэмдэглэгээ, явган хүний зам зэрэг мэдээлэл ордог байна. Жолоочтой ч тэр, жолоочгүй ч тэр автомашинууд ийм цахим замын мэдээлэлд тулгуурлан хөдөлгөөнд оролцоно. V2X технологи хөгжсөнөөр ирээдүйд ухаалаг тээврийн системийг бүтээх боломжтой юм. Гэсэн хэдий ч ийм технологийг нэвтрүүлэхэд мөн л янз бүрийн эрсдэл дагуулдаг. Ихэнх эрсдэл нь жолоочгүй автомашинтай холбоотой эрсдэлүүдтэй төстэй. Жишээ нь, хэрэв энэ систем ажиллахаа боливол явган зорчигч, зорчигч, жолоочийн аюулгүй байдал хэрхэн хангагдах вэ? Хэрэв хакерууд энэ системд нэвтэрвэл яах вэ? Хэн хариуцлага хүлээх вэ? Одоогоор асуулт нь хариултаасаа их байна.

Өнөөдөр ямар асуудлыг зохицуулах боломжтой вэ

Дээр дурдсан асуудлууд гол төлөв дунд болон урт хугацааны ирээдүйтэй холбоотой. Одоогийн байдлаар хууль тогтоогчдын анхаарлыг хууль эрх зүйн талаас ямар арга хэмжээг хэрэгжүүлэхэд зохилтой вэ гэсэн асуулт татаж байна. Үүний боломжит шийдлүүдийн жагсаалтад хэд хэдэн нөхцөлийг оруулах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал, жолоочгүй автомашин үйлдвэрлэгчид системд нь алдаа гарсан тохиолдолд жолоочгүй автомашины хөдөлгөөнийг зогсоодог, ялимгүй алдаа гарсан тохиолдолд жолоодлогыг автоматаар хүнд шилжүүлдэг төхөөрөмж нэвтрүүлэх ёстой. Мөн ямар ч тохиолдолд хүн жолоодлогыг өөртөө шилжүүлдэг байх функцийг суулгах, V2X технологийн тусламжтай хөдөлгөөнд оролцож буй жолоочгүй автомашин тухайн газрын талаарх өөрийн мэдээлэл дээр тулгуурлан чиглэлээ тохируулдаг байх зэрэг үүргийг үйлдвэрлэгчдэд ногдуулах ёстой. Түүнчлэн, хуульд жолоочгүй тээврийн хэрэгсдийн аюулгүй байдалд тавих өндөр шаардлагуудыг тусгах шаардлагатай гэж шинжээчид онцолж байна. Ингэхдээ хамгийн найдвартай маркуудын стандартаар баримжаалах учиртай. Тухайлбал, “Volvo” маркийн автомашины тоормосны систем болон саадаас автоматаар зайлсхийх систем зэрэг. Замын дэд бүтцийн хувьд тухайн зам дээр олон тооны жолоочгүй автомашин явж буйг анхааруулсан тэмдэг нэмж оруулах шаардлагатай. Мөн энд зөвхөн жолоочгүй автомашинд зориулсан зам байж болно. Жолоочгүй автомашинд тусгайлан зориулсан туршилтын бүсийг байгуулах хэрэгтэй.

Жолоочгүй тээврийн хэрэгсэл, ухаалаг замууд ирээдүйн нэгэн чухал хэсэг болох нь дамжиггүй. Гэхдээ бодит амьдралд ийм шийдлийг нэвтрүүлэхээс өмнө нийгэм үүнд, ялангуяа хуул эрх зүйн тал дээр бэлэн эсэхийг тогтоох шаардлагатай. Хиймэл оюун ухааныг зохицуулсан эрх зүйн зохицуулалтын асуудлыг эрт шийдэх тусам жолооч, зорчигч, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж чадна гэж шинжээчид үзэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top