АНУ-ын “Tesla” компанийн жолоочгүй автомашин Хьюстон хотын хойд хэсэгт мод хүчтэй мөргөж, осолдсоны улмаас хоёр хүн амиа алджээ.
Хотын эрх баригчдын мэдээллээр, осол гаргасан автомашины жолоочийн суудалд хүн суугаагүй байсан гэнэ. 2019 оны S загварын автомашин маш хурдтай явж байсан бөгөөд эргэлт дээр удирдлагаа алдаж, замаас гаран мод мөргөсөн байна. Улмаар галд автжээ. Аврагчид галыг унтраасны дараа автомашинд 1962, 1951 онд төрсөн хоёр зорчигч байсныг илрүүлсэн байна. Нэг нь урд талын зорчигчийн суудалд, нөгөө нь арын суудалд явж байжээ.
АНУ-ын Авто тээврийн аюулгүй байдлын агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сард гэхэд “Tesla” автомашины осолтой холбоотой 27 хэрэг шалгаж байгаа гэнэ. Гурван осол нь саяхан бүртгэгдсэн байна.
“Tesla” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск өнгөрсөн нэгдүгээр сард бүрэн автомат жолоодлоготой автомашины программ хангамжаас их хэмжээний орлого олно гэж найдаж буйгаа илэрхийлж, хүнээс илүү өндөр найдвартай жолоодлоготой автомашин нь энэ онд гарна гэж мэдэгдэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )