Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр 39 асуудал хэлэлцлээ. Эдгээрээс анхаарал татсан нь газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой асуудал байсан юм.
Долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 30 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй, нийлүүлэлт хэвийн байгаа тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлдэг гадаадын түншүүд, аж ахуйн нэгжүүдтэй тогтоосон харилцаагаа тогтмол хадгалан хэрэглээ, гадаад захиалгыг бодитой хэрэгжихээр болгож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарч ажиллахыг даалгав.
Мөн намрын ургац хураалт болон ирэх өвлийн бэлтгэл хангахад шаардагдах газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй хангаж, хэрэглэгчдийн хэвийн үйл ажиллагааг алдуулахгүй байх хэмжээний нөөц бүрдүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллахыг даалгасан байна.
Түүнчлэн БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлохтой холбогдуулан БНХАУ-ын Тяньжин, Далиан, Танынин боомтоор дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтийн асуудлыг холбогдох байгууллагатай яриа, хэлцэл хийн яаралтай шийдвэрлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад даалгажээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин
Сэтгэгдэл ( 0 )