А.Дэнсмаа: Сонин бол дамжлага бүр дээрээ бэлэн байдаг бараг цэргийн байгууллага

2023 оны 12 сарын 13

ХУРУУНЫХАА ХЭЭГ ЭЛЭГДТЭЛ ЦААС ИМЭРДЭГ ЮМ БИЛЭЭ, ХЭВЛЭХИЙНХЭН

Монголын Хэвлэх үйлдвэрийн анхны механик инженер А.Дэнсмаатай ярилцлаа. Тэрбээр 1983 онд Москва хотын Хэвлэлийн дээд сургууль төгссөн цагаасаа  өнөөдрийг хүртэл энэ мэргэжилдээ тууштай яваа нэгэн билээ. Сонины дугаарт сэтгүүлчид нийтлэл, ярилцлага, сурважилга, мэдээгээ цаг алдалгүй нийтлэхээс эхлээд хэвлэн гаргаж түгээх ажлын дамжлага бүр нь цаг минутаар хэмжигдсэн хагас цэрэгжсэн байдлаар ажилладаг гэдгийг тэрбээр онцолсон юм. Хэвлэх үйлдвэр тугалган өрөлттэй байсан цагаас эхлэн компьютерээр өрдөг болсон өнөө цагийг хүртлэх түүхийг тэрбээр өгүүлэв. Мөн хэвлэх үйлдвэрийн ажилтнууд хурууныхаа хээг элэгдэж мөлийтөл цаас имэрсэн байдаг хэмээсэн юм.


-Та бол Монгол Улсын анхны хэвлэлийн механик инженер мэргэжил эзэмшсэн хүн. Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг сонгосон тухайгаа яриагаа эхлэх үү?

-Юуны өмнө 4000 дахь дугаараа өлгийдөн авч байгаа “Эрхэт Монгол”  медиа групп, “Өглөөний сонин”-ы үе үеийн сэтгүүлч, уран бүтээлч хамт олонд баяр хүргэе. Гаднаас танай сонины өрөөнд орж ирмэгц шинэхэн сонины үнэр, будаг, цаасны үнэр угтаад ямар сайхан санагдав аа. Хүний дассан орчин, танил үнэр учраас маш дотно байлаа. Би насан туршдаа л ийм цаас, будаг, сонин, хэвлэл дунд явж ирлээ шүү дээ.

-Бөөн цаас хөглөрөөд санаа зовж байлаа шүү...

-Энэ чинь л сонин хэвлэлийн амьд орчин шүү дээ. Хэзээ байтлаа хэвлэл сонины газар тансаг оффис шиг цэмцийж байсан юм. Миний ажлын орчин ч яг л ийм хөглөрсөн цаас, будаг, дуу чимээ л байсан. Сонины өрөө цэмцгэр байвал харин ч энд чинь ажил, амьдрал өрнөдөггүй газар уу гэж гайхна биз дээ. Ажил, мэргэжлийн онцлог гэж байдаг. Халуун гал тогоондоо урьж, дурсамж сэргээсэнд баярлаж байна.

-За одоо жинхнээсээ Хэвлэлийн механик инженер болсон тухайгаа ярьцгаая?

-Би 1977 онд Хөвсгөл аймгийн Хатгал хотынхоо /Хуучин нэрээр/ 10 жилийн дунд сургуулийг төгсөөд, конкурс өгөхдөө анагаахын чиглэлээр сурах хүсэлтэй байлаа. Биднийг сурлагын оноогоор жагсааж, намайг ороход Европын орнуудын хуваарь дуусаад Оросынх эхэлж байсан. Анагаахын сургуульд орно гэдгээ хэлтэл манай сургуулийн Цэрэнхүү захирал “Гадаадын анагаахын хуваарь байхгүй. Чи энийг л ав” гээд 505 гэсэн кодтой хуваарь өгсөн. Тэр нь юу ч юм, би мэдэхгүй. Кодоор нь шүүгээд хартал Хэвлэлийн машин гэсэн хуваарь байж. Ийм мэргэжил байна гээд хэлтэл аав, ээж маань бөөн баяр болж, “Цэвэрхэн мэргэжил, наадахдаа яв” гэсэн. Хот руу явахад нутгийнхан маань хэллээ. “Ээ дээ, миний хүү. Гадаадын ийм гоё хуваарийг хотын танил талтай дарга нарын хүүхэд булаагаад авчих вий. Хуваариа алдалгүй явдаг юм шүү” гэж захицгаагаад л. Хотод ирэхэд Соёлын яаман дээр гоё хувцаслаад ирцгээгээрэй гэсэн. Үсээ салаа сүлжээд, том тууз зүүгээд очиж байгаа юм аа. Надтай хамт хэдэн залуу яам руу орсон. Дарга нар бололтой хүмүүс хүлээж аваад, нэг нь намайг “Чи хаашаа явах гэж байгаа юм” гэлээ. “Хэвлэлийн сургууль” гэтэл хажуугаас нэг нь “Механик юм байна лээ” гэхгүй юү. Тэгснээ “Өө, эмэгтэй хүүхэд механикаар яах гэж байгаа юм” гэхтэй зэрэг “Аан, ингэж хуваарь булаадаг юм байна” гэж хаширлаад зогсож байтал “За чи төгсөөд ирдэг юм байж. Хаалгыг нь таттал гал манарсан өрөө рүү ажилла гээд түлхээд оруулчихвал яах вэ” гэхээр нь “Номыг нь үзээд ирсэн юм чинь болох л байлгүй” гэчихсэн. Нөгөө дарга нар ч жуумалзасхийгээд биднийг гаргасан. Москвад очтол нөгөө цуг яаманд очиж, хамт зогсож байсан залуучууд манай сургуулийнхан байж таарлаа. Нөгөөдүүл “Чи ёстой айдаггүй охин байна лээ. Чамаас тэгж асуудаг чинь Соёлын яамны сайд Ахмет байхгүй юу” гэдэг юм. Монголын анхны хэвлэлийн механик инженерийн хуваарь авснаа ч мэдэхгүй тийм л аймшиггүй нөхөр явлаа, би. Гуравдугаар курсэд сурч байхад ангийн залуучууд “Чи механик инженер болох гээд байх юм. Технологи инженерээр солиулаад сурч болно шүү дээ” гэхээр нь “Анхнаас нь намайг үүгээр чиглүүлсэн юм чинь энэ мэргэжлээрээ л төгсөнө” гэсээр байгаад төгссөн. Д.Сүхбаатарын нэрэмжит улсын Хэвлэх үйлдвэрт хуваарилагдсан. Одоо энэ "Галлериа" худалдаа үйлчилгээний төв байгаа газар. Төгсөж ирээд л механик, технологийн ялгааг нь харсан даа.

-Механик нь нээрээ л хүнд ажил байв уу?

-Төгсөөд ирмэгц ёстой нөгөө сайдын хэлдгээр механик цех рүү оруулчихаж байгаа юм. Хэвлэлийн нэртэй  боловч авто засварын газар л гэсэн үг. Том том биетэй ханагар залуучууд халад, бээлий өмсчихсөн, нүдний шил зүүчихсэн, тос тоос болсон газар руу “Цүл” хийгээд л орчихсон. Оросод сурч байхад дадлага хийнэ, гэхдээ биднийг дандаа дамжлага дээр ажиллуулдаг байсан. Дэвтэрлэх цехэд цаас тоолох, хуудас ангилах ажил хийдэг. Энд иртэл тэс өөр орчин. Хэвлэх үйлдвэр 24 цаг тасралтгүй ажилладаг газар. Тэр үеийн өдөр тутмын бүх сонин, сэтгүүл, дунд, дээд сургуулийн бүх сурах бичиг, уран зохиолын болоод бусад төрлийн номыг хэвлэнэ. Зөвлөлтөөс  “Зөвлөлт холбоот улс”,”Октябрийн туяа” сэтгүүл зурагтайгаа эх бэлтгэгдээд ирсний текстийг монгол хэлээр өрж хэвлэнэ. Өдөр тутмын сонин, ном, сэтгүүл бүгд цаг хугацаа, графиктай учраас тасралтгүй үйл ажиллагаа явна.

-Хэвлэлийн технологийн онцлог ямар байсан бол?

-Сонин, номоо хар тугалгаараа өрж хэвлэдэг байлаа. Намайг ирэхэд офсет хэвлэл хосолчихсон байсан. Өндөр хэвлэл, гүн хэвлэл, торгон хэвлэл гэж байна. Манайх энэ бүхнийг бүгдийг хийдэг байсан. Төгсөөд ирэхэд биднийг олон жил ажилласан механикчдыг дагалдуулаад засварчнаар эхэлж ажиллуулдаг байсан. Тэр хэвлэх машинууд үйл ажиллагаанд аль ч цагт бэлэн байх ёстой. Зарим машины түлхүүр цоож хачин том.

Хэвлэх машин бол нэхмэлийн машины дараа орох тийм нарийн техник Эрх биш ямар ч техникийн зургийг гаргаад ямар ч токарьчинд өгөхөд зорж чадахаар тэгж биднийг орос багш нар сургасан байсан. Манайд токарьчин Догсомхурц гэж хүн байлаа. Баргийн зураг хүлээж авахгүй, өндөр шаардлагатай хүн. Сүүлд Догсомхурц гуай хүнд ярьсан байсан, “Яах вэ, энэ Дэнсмаагаас овоо зураг ирдэг юм шүү” гэж. Дэнсмаагийн зургийг тоож авдаг болчихсон байсан. Сургууль төгссөн дор хөгийн юм их болно. Намайг засварчнаар ороод удаагүй байхад, манай эх бэлтгэгч нэг жаахан охин “Миний машин тугалгаа цацаад болохгүй боллоо” гээд гүйж ирсэн. Араараа тугалга нь цацагдаад л, өчнөөн өндөр температурт хайлж байгаа тугалга шүү дээ. Би болохоор машин ажилладаг зарчмыг мэддэг, яагаад цацаад байгааг мэддэггүй. Ойртож ч чаддаггүй, халуун тугалгаас айгаад, засварчнаа дуудсан. Засварчин гүйж ирснээ “Эмэгтэй хүн болохгүй ээ, цаанаа байж бай” гээд засаж билээ. Тэгж байтал бас нэг машины үсэг гацжээ. Тэрхэн зуур бодож байгаад отвёрткаар нэг юм түлхээд орхитол зүгээр болчихсон. (Инээв).  Юу нь гацаад засагдсан юм тэр үед, бүү мэд. Тэгж сүрхий машин засдаг инженер болов оо, дөнгөж сургууль төгссөн жаахан охин. Дараа нь энд тэнд машин эвдрэхэд “Дэнсмаа инженер ээ, тэр тэгээд, энэ ингээд” гээд сүрхий дуудацгаадаг болж билээ. (Инээв).

Дадаад ирэхээр тасаг, цех хариуцуулна. Сүүлд бригад, цех хариуцдаг болоод ирэхээр засварчид “Энэ ингэсэн, тэгсэн” гээд юм авчраад ширээн дээр шидчихдэг. Нөгөөхийн масло, тосыг цэвэрлэж, гортиг юмаар хэмжиж зураг гаргаж байж Догсом ахдаа өгдөг. Тэгэхгүй бол Догсом ах бас голоод шидчихнэ шүү дээ. Тэгж л механик инженерийн гараагаа эхэлж явлаа. Тэнд би ханьтайгаа учирсан. Хэвлэх цехийн Засварын бригад хариуцдаг механик хүн байсан. Гурван хүүхэдтэй. Тэд маань киноны зураач, гадаад харилцааны ажилтан, IT инженер хүмүүс болоод байна даа.

-Цех хариуцаад ямар ажлууд хийсэн бэ?

-Эхлээд би сонины үйлдвэр, дараа нь дэвтэрлэх цехийн засвар, үйлчилгээг хариуцсан. Сонины үйлдвэр өдөр шөнөгүй ажиллана. Сэлбэг ямагт бэлэн байх ёстой. Шөнө сонин хэвлэж байтал машин эвдэрвэл нярваа дуудаад байж болохгүй. Туршлагатай жолооч машиныхаа юу эвдэрснийг дуу чимээгээр нь мэддэг шиг бид ч тийм болчихдог. Сонин хэвлэх бол ер нь хагас цэрэгжилтийн байдалтай ажил. Машинд хүндхэн эвдрэл гарлаа гэхэд засварчин дуудах машин бэлэн байдаг. Машин саатах л юм бол сонин цагтаа хэвлэгдэхгүй, араас нь шуудан, түгээлт, борлуулалт бүгд хүлээгдэж зогсдог учраас. Тухайн үед “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”, “Пионерийн үнэн” гээд  өдөр тутмын олон сонин хэвлэгдэнэ. Өндөр хэвлэлтэй байхад машины дуу чимээ, халуун энэ тэр бол тоймгүй.

-Сэтгүүлч материалаа бэлтгээд, макетыг нь Хариуцлагатай нарийн бичгийн дарга юм уу, дугаар удирдагч цаасан дээр зурж аваад л үйлдвэр рүү явдаг байсан үе. Тэгээд та нарын гар дээр очоод дахиад өчнөөн үйл явц өрнөдөг. Тэнд юу болдог байв?

-Бичгийн машинаар бэлтгэгдээд ирсэн эхийг линотиф гэж машинд оруулахдаа эхлээд гараар үсэг үсгээр нь өрөөд дээгүүр тойроод, одоогийн компьютераар бол Enter дарахаар тугалгаар цутгагдаад мөр мөрөөрөө гарч ирдэг байсан. Тэгээд гарсан эхийг гараар бооно. Хэвлэх машины өрөгч нар 24 цагт гурван ээлжээр ажилладаг. Үсгийн заримыг гараар, заримыг машинаар өрнө. Сонинд өнгөт хэвлэлийн машин байхгүй учраас өнгө гаргах гэж эхлээд будгийн аппаратад улаан будаг хийж, явуулаад, араас нь хар будаг хийж булаар явуулна гэх мэт их ажиллагаа орно. Сонины зургийг клишегээр хийдэг байсан. Тусгай уусмалаар хордуулж, зөндөө юм болж байж хийнэ. Клише сайн хийдэг хүн байна, муу хийдэг ч хүн байна. Сайн хүнтэй л ээлж таараасай гэж залбирна. Одоо залуу сэтгүүлчид клише гэхээр мэдэхгүй биз дээ.

Өнөө цагт сонинууд ийм гоё өнгөтэй гарч байна шүү дээ. Хуучин бол баяр ёслолоор л хааяа нэг сонины толгойг өнгөтөөр хийдэг байлаа. Тэрийг хийх гэж будаг найруулж, бөөн ажил болно.

Сонины нүүр машинаар гарч ирснийг том хавтан дээр гараараа бооно. Тэр боосон дээрээ  булаар будаг явуулж, дээр нь цаас тавиад дахин бул явуулж унших сигналаа гаргаж ирдэг байлаа. Хянагч редакторууд шөнө хүлээгээд бэлэн сууж байдаг. Алдаа гарвал тэр хэсгээ сугалж дахин үсэг шургуулна. Алдаагүй боллоо гэхээр дугаар эрхлэгч гарын үсэг зурж, стеоротип машинд оруулдаг. Сонины машин хурд ихтэй, рулоноор туузан цаас орж ирдэг, хэвлэж байгаа форм өөрөө  цилиндр хэлбэртэй. Өрсөн тугалгыг машиндаа бэхлэж, туузан цаасан дээр, резинэн булаар будаг ирж, бууж хэвлэгддэг онцлогтой. Номын хэвлэлт бол арай өөр. Сонин шиг цагт баригдаж, айхтар довтолгохгүй. Гэхдээ график төлөвлөгөөгөөрөө явна. Ном, сэтгүүлийг өндөр болоод  гүн хэвлэлээр хэвлэдэг байлаа. Тэр үед компьютер байгаагүй учраас хэвлэх процесс сонинтой ижил. Ротоц хэвлэл гэдэг нь цаас хоёр цилиндр дундуур явдгаараа өөр.

-Сонин хэвлэлтээс гарлаа. Тэгээд л одоогийнх шиг онгоц, галт тэргэндээ амжих гээд шуудан руу шөнө хуваарилагдаж ачигдаад довтолгодог байв уу?

-Тэгэхэд шуудангийнхан манай Хэвлэх үйлдвэр дээр суудаг байсан шүү. Шуудан манайд харьяалагдахгүй, гэхдээ тэндээ суудаг. Шууд тэндээсээ аймаг, хот, орон нутаг руугаа хуваарилаад машинаар ачиж онгоц, галт тэрэг, шуудангийн машин руугаа хүргэдэг. Гадаа сонин ачих гээд ачааны ГАЗ-53 машинууд бэлэн, бараг асаалттайгаа зогсож байдаг. Ачаад ухас хийхэд л бэлэн. Ерөөсөө л сонин хэвлэх, хүргэх чинь дамжлага бүр дээрээ асаалттай танк шиг бэлэн байдаг бараг цэргийн байгууллага. Цаг хугацаа алдвал өглөө уншигчийн гар дээр хүрэх сонин очихгүй. Одоо ч тэр хэвээрээ л байгаа. Тэгэхээр сонины сэтгүүлч, эх бэлтгэгч, хэвлэгч, жолооч, шуудангийнхан чинь нэг нэгээсээ хамааралтай, цаг алдаж, маргааш, дараа гэх эрхгүй хүмүүс. Нэг дамжлага саатвал бүгдийн ажил байхгүй болдог.

-Технологийн дараагийн шинэчлэл хэзээ эхэлсэн бэ?

-Намайг 1983 онд төгсөж ирэхэд Улсын хэвлэлийн комбинат  800 гаруй ажилтантай, том жижиг 200 гаруй тооны тоног төхөөрөмжтэй, механик, дэвтэрлэх, хэвлэх цех, Сонины үйлдвэр, Гүн хэвлэлийн үйлдвэр, чамин гоё урилга, ил захидал үйлдвэрлэдэг өргөн хэрэгцээний бригадтай байв.  Тэгэхэд офсет хэвлэл бол байсан. Зах зээлд шилжээд 1991 онд Улсын хэвлэлийн комбинатыг татан буулгасан. Хоёр хувьцаат компани болгосон. Засвар зайлшгүй байх учир манай механик цех үлдсэн. Одоо тэндээс Өнгөт хэвлэл нь үлдсэн байна. 1990-ээд оноос эхний компьютерууд орж ирсэн дээ. Түүнийг дагаад эх бэлтгэл хялбаршсан. Хар тугалга гэж хүнд хортой зүйлээс бид салсан. Төмөр дээр үсэг өрөх шаардлагагүй, хурдтай болсон. Эх бэлтгэлийн жижиг газрууд олширсон. Өндөр хэвлэл байхгүй болж, офсет хэвлэл илүү түрж орж ирсэн. Бидэнд маш амар болж байгаа юм. Хамаагүй тохилог цэвэр орчинтой болсон. Манайх 1940-өөд оноос Зөвлөлт, дараахнаас нь Германаас хэвлэлийн тоног төхөөрөмж авдаг байсан юм билээ. 1990-ээд оноос өнөөгийн төрхөндөө орсон. Одоо бол сэтгүүлч та нар эндээ материалаа бэлтгээд, эх бэлтгэгч боогоод, онлайнаар үйлдвэртээ өгчихдөг сайхан болсон. Цаана эхийг аваад хэвлэдэг шат дамжлага, тоног төхөөрөмж ч хурдтай, сайхан болж. Дээр үед бол сэтгүүлч бичгийн машинаар А4 цаа­сан дээр юмаа бичээд л цааших бүх ажил бидэнд ирдэг байлаа шүү дээ.

-Өнөөдөр ч та хэвлэл, номтой ажил төрлийн холбоотой яваа хүн. Өнөөгийн сэтгүүлчдийн чансаа ямар харагддаг вэ?

-Хэвлэх үйлдвэрээс хойш би ханьтайгаа хувийн хэвлэх байгуулж, бас Улаан загалмайн нийгэмлэгийн хэвлэх үйлдвэр, “Гэрэгэ” гэж хэвлэх үйлдвэрт ажилласан. Дээр үед сэтгүүлчид мэргэжил боловсролоороо шилдэг хүмүүс байлаа. Бичгийн ур чадвар, хэл найруулга хэчнээн төгс сайхан байж вэ. Жинхэнэ яруу тансаг монгол хэлээрээ найруулж бичдэг байж дээ. Үг үсгийн алдаа барагтай бол гарахгүй. Алдаа гаргахыг ч тэвчдэггүй тийм хариуцлагатай хүмүүс байж. Ер нь ямар ч мэргэжлийн хүн алдаагүй бичдэг байсан шүү. Үсэг өрөгч хүн хэчнээн шөнө нойргүй ажиллаж байлаа ч үсэг солих ёсгүй байсан. Бахархах юм тэр байлаа. Тоног төхөөрөмж яах вэ, цагийн аясаар хөгжиж сайжирна. Монгол хүн юм сурахдаа амархан, дороо л эзэмшчихдэг юм. Гол  анзаарах юм залуу сэтгүүлчид алдаагүй бичиж, монгол хэлээ  төгс сайхан эзэмшмээр санагддаг. Телевизийн сэтгүүлчдийн хэллэг цэвэрхэн байхад ямар сайхан байдаг билээ. Хуучин цагийн телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлчид маш яруу тансаг хэллэгтэй байлаа. Одоо тэр үгүйлэгдэх гээд байна шүү. Одоо би алдаатай зүйл уншихаар харамсал төрөөд байдаг юм. Их алдаатай хэвлэлийг хэчнээн сайхан зүйл бичсэн байсан ч урам хугараад түлхчихмээр санагддаг гээч. Гэхдээ энэ залуусын буруу огт биш. Нэг хэсэг дунд сургуулиуд монгол, кирилл бичиг хольж зааж бантагнуулсан. Уран зохиолын хичээлгүй шахам болсон. Сурах бичгийн чанар тааруу, ойлгомж муутай зүйл их, ерөөсөө боловсролын системийг өнгөрсөн 30 гаруй жил орхигдуулж ирснээс ийм боллоо. Боловсролын системээ анхаарахгүй бол хэдэн жилийн дараа үр дүн нь ингэж гардаг юм байна. Бидний үед сурах бичгүүд ямар сайхан ойлгомжтой байлаа даа.

-Сонин хэвлэхэд хөгжилтэй зүйл бас гарна биз?

-Гарна аа. Манай хэвлэлийн сургууль төгссөн нэг хүн намайг тэр “Гэрэгэ”-гийн даргатай холбож өгсөн юм. Хэвлэхийн машин техникийг нь үзээд өгөөч гээд. Тэднийх БНСУ-аас хэвлэх машин авч л дээ.Тэгсэн сонин хэвлэх гээд рулоноор ирдэг цаасыг сонины нүүрний хэмжээтэй зүсүүлээд авчихсан. Машин нь Ротоц биш, хавтгай хэвлэлийнх байхгүй юу. Сонины зориулалтын биш. Нөгөө зүсүүлсэн цаасан дээрээ сониноо учиргүй гоё өнгөтөөр хэвлэсэн мөртлөө нүүрүүдээ яаж эмхлэх аргаа олохоо болиод сэгсийтэл хураачихсан сууцгааж байсан. Тэнд очоод наад сониноо эмхлээд нэг, хоёр, гуравдугаар нүүр гээд ялгаад тавьчих. Тэгээд ном цуглуулдаг шиг гараар цуглуулахаас аргагүй болж гээд л явж орцгоосон доо. Тэгж тэднийхийг анх учир жанцанд нь оруулж байсан юм.

Сонины эх бэлтгэх чинь бас их учиртай. Гадаад, дотоодод зөндөө эх бэлтгэгч сургаж байна. Тэдний хэн дуртай нь сонины эх боодоггүй юм. Нөгөө “Гэрэгэ”-ийн хүүхдүүдийг эх бэлтгэгчээр сургаж авах энэ тэр гээд бөөн ажил мандсан даа. Тэгээд тэдэнтэйгээ гурав, дөрвөн жил хамт ажилласан. Дарга нь Жаргалсайхан гэж сонины учир мэдэхгүй ч их халамжтай сайн хүн. Нөгөө хүүхдүүддээ ажлын завсраар амарч унтах ор, гал тогоо хүртэл бэлтгэчихсэн. Шөнө залуучуудаа ядрахаар нь бууз жигнээд, кола авчраад өгчихнө. Халтайсан хэдэн хүүхэд суучихсан л сонин хэвлэж байдагсан. Сүүлдээ нөгөө хэд маань маш хурдан сурсан.

-Таны мэргэжлийн хамгийн том онцлог юу вэ?

-Нэг сонин юм хэлэхэд бид чинь цаасыг имэрч үзээд л хэдэн граммын, ямар ширхэгтэйг мэддэг. За тэгсэн нэг сонирхолтой юм болсон. Хамт ажилладаг залуусынхаа цагийг хуруу дарж бүртгэдэг болсон чинь нөгөө төхөөрөмж нь хэнийх нь ч хурууг таньж  уншдаггүй. Бүгдээрээ яагаад гэдгийг огт ойлгодоггүй. Гэтэл цаас имрээд байхаар хурууны хээ мөлийчихдөг юм билээ. Би чинь одоо хуруугаа уншуулж, сонгууль өгч чаддаггүй, банканд очоод хуруу дарахаар огт болдоггүй. “Эгчийнх нь болдоггүй юм аа” гэхээр “Дар” л гээд байдаг. Арван хуруугаа дараад болохгүй, сүүлдээ бараг хөөгдөөд гардаг юм. (Инээв) Хурууныхаа хээг элэгдтэл цаас имэрдэг юм билээ, хэвлэхийнхэн. Манайхан чинь дарга, инженер гээд суухгүй, яаралтай юманд бүгд л ордог юм. Хэвлэх дээр гологдол гарна гэдэг эдийн засгаас гадна сэтгэл зүйн маш том  цохилт болдог доо. Ялангуяа сонины хэвлэх цагтай уралддаг. Хэвлэгч, жолооч, үйлчлэгч бүгдийн сэтгэл зүтгэл нэг байдаг. Маш хариуцлагатай, буянтай ийм л ажлынхаа буяныг хүүхдүүддээ хүртээж, эргээд өөрөө буяныг нь эдэлж явна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.46.44) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(102.89.46.44) 2023 оны 12 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
Top