ОХУ-ын жүдочид тодорхой шалтгааны улмаас 2025 оны ДАШТ-д Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны нэр дээрээс төрийн далбаа, төрийн дуулалгүй оролцлоо.
Гэхдээ гурван алт, хоёр хүрэл медаль хүртэж түүхэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлсэн юм. 81 кг-д Тимур Арбузов, 100 кг-д Матвей Каниковский, +100 кг-д Инал Тасоев нар түрүүлсэн бол 60 кг-д Аюб Блиев, 100 кг-д Арман Адамян нар хүрэл медаль хүртсэн.
Өчигдөр +100 кг-д түрүүлж, Дэлхийн аваргын алтаа ихэрлүүлсэн Инал Тасоев Гүржийн Тушишвилиг финалд ялахдаа эхлээд бага зэрэг сандарснаа нуусангүй.
“Намайг ойрд “саваагүй” болохоор эхэндээ сандарлаа. Ямар үнэлгээ алдчихав гэж түгшлээ. Харин дараа нь анхаарлаа төвлөрүүлж, сандарч мэгдэлгүйгээр өөрийнхөөрөө барилдлаа. Гурам болон түүний түүний дасгалжуулагчийг би их хүндэлдэг. Яс махны тасархай гэдэг шиг нэг л спортоор насаараа хамт хичээллэж яваа хүмүүс шүү дээ, бид.
Энэ медаль бөхийн замнал дахь хамгийн үнэ цэнтэй шагнал маань болохоор ээждээ зориулъя. Намайг өдий зэрэгтэй хүн болгосон хүн шүү дээ. Миний хувьд миний ээж энэ Дэлхийн хамгийн шилдэг ээж. Мөн дасгалжуулагч Ирбек Айларов, Михаил Рахлин нар байгаагүй бол ийм амжилтад хүрэхгүй тул талархлаа илэрхийлмээр байна. Миний төлөө хийсэн бүхнийг санаж, үнэлж яваа гэдэгт минь итгээрэй” хэмээн Тасоев өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )