Вьетнамын төлөөх өрсөлдөөн: Ши Жиньпин Вьетнамд айлчлав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 14

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өөрийн хөрш Вьетнам улсад айлчлав. Мэдээж хэрэг айлчлалаар коммунист намын засаглалтай хоёр улсын бат найрамдлыг шагшин дуулав.

Нэг жилийн өмнө Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг Бээжинд айлчлахад Хятадын эрх баригчид түүнийг гаднын зүтгэлтнүүдэд олгодог дээд одонгоороо мялааж, Ши дарга Чонгтой анд нөхөд, ахан дүүсийн холбоотой, хоёр улс уулс, голуудаар холбогдож, “шүд, уруул мэт” ойр хэмээн мэдэгдэж байв.

Вьетнамд хийсэн айлчлалын үеэр Ши Жиньпин, Нгуен Фу Чонг нар нэг хувь заяатай Хятад, Вьетнамын хамтын нийгмийг бүтээж, хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээлээ хэмээн мэдэгдсэн. Ши Жиньпин энэхүү стратегийн ач холбогдолтой алхам нь хоёр ард түмэнд асар их боломжийг нээж, бүс нутаг төдийгүй дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хангахад эерэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

Үүгээр Вьетнамын төлөөх АНУ-тай хийж буй өрсөлдөөндөө Хятад нэг алхам урагшлах боломжийг нээж байна.

Есдүгээр сард Ханойд хийсэн айлчлалынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамтай харилцах харилцааныхаа статусыг иж бүрэн стратегийн түншлэлийн түшинд хүргэж байна хэмээн мэдэгдсэн нь гэнэтийн бэлэг байлаа. Ингэснээр АНУ Вьетнамын гаднын түншүүдийг нарийн эрэмбэлсэн шатлалд Хятадын зиндаанд гарч ирсэн.

Ши Жиньпин айлчлалынхаа үеэр Вьетнамын төмөр замыг шинэчлэх, ялангуяа Хятадын өмнөд хэсгээс Вьетнамын Хайфон боомт хүртэл шинэ шугам тавих саналыг дэвшүүлнэ гэсэн хүлээлттэй байсан. Тус шугам Вьетнамын газрын ховор элементийн ордууд бүхий бүс нутгаар дайран өнгөрнө. Хятад улс нь нарны зай, цахилгаан автомашины аккумлятор зэргийн үйлдвэрлэлд амин чухал шаардлагатай газрын ховор элементийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг билээ.

Вьетнамын нийгэмд Зүүн өмнөд Азийн бусад улсаас ч илүү Хятадын эсрэг үзэл дэлгэрсэн байдаг. Эхлээд франц түрэмгийлэгч, хожим нь америкчуудыг хөөн гаргасан тус улсад үндсэрхэг үзэл, аварга том хойд хөршөөс айх айдас нэгэн зэрэг хүчтэй илэрдэг.

Сүүлийн жилүүдэд Вьетнамд Хятадыг эсэргүүцсэн жагсаал, тэр бүү хэл эмх замбараагүй байдал хүртэл гарч байсан. 2014 онд гарсан эмх замбараагүй байдлын үеэр хэд хэдэн хүн амиа алдаж, гаднын зарим үйлдвэрүүдийг тоносон хэрэг гарч байсан билээ. Үүний шалтгаан нь Хятад улс Вьетнамын өөрийн эзэмшлийн гэж үздэг усан хилийн бүсэд газрын тос олборлох хөвөгч тавцан байршуулсан явдал юм. Хэдэн жилийн өмнө Ханой дахь зарим дэлгүүрүүд зөвхөн Вьетнамд үйлдвэрлэсэн бараа худалдана, Хятадын бараа зарахгүй гэсэн хаяг хадаж байв.

Сүүлийн үед хоёр улсын эрх баригчид ард иргэдээ өдөөн турхирахгүй байхыг хичээж байгаа ч Хятадын эсрэг үзэл “уугьсан” хэвээр байгаа ба хэзээ л бол хэзээ дүрэлзэхэд бэлэн буй.

Вьетнам Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хөрөнгө оруулах Хятадын саналыг тийм уриалагхан хүлээн авдаггүй. Учир нь Вьетнамын хүн ам Хятадын эдийн засгийн нөлөө нэмэгдэнэ хэмээн дургүйцдэг байна.

Харин Хятадын эдийн засгийн нөлөө тус улсад их, бүр хэтэрхий их тул Вьетнамын эрх баригчид ард иргэд нь юу гэх бодохоос үл хамааран хоёр улсын эдийн засгийн харилцааг эрсдэлд оруулдаггүй.

Хятад улс нь Вьетнамын худалдааны хамгийн том түнш орон. Хоёр талын худалдааны эргэлт жилд 200 тэрбум ам.долларт хүрдэг. Түүнчлэн Хятад нь Вьетнамд оруулах шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр нь.

Хятадаас хараат байдлаа багасгахыг зорьж буй АНУ-ын компаниуд Вьетнамыг үйлдвэрлэлийн бас нэг хаб хэмээн хардаг ч тус улсын эдийн засагт оруулсан Хятадын хөрөнгө оруулалт АНУ-аас оруулсан хөрөнгө оруулалтаас харьцуулшгүй их. Ингэхдээ Хятадын хөрөнгө оруулалт урсгал Вашингтон, Бээжингийн харилцаа муудах үеэр нэмэгджээ. Хятадын компаниуд АНУ-ын худалдааны саад тотгорыг тойрон гарахын тулд үйлдвэрлэлээ Вьетнам руу шилжүүлж эхэлсэн билээ.

Худалдаа, хөрөнгө оруулалтаас гадна Хятад, Вьетнамыг үзэл санааны нэгдмэл байдал мөн холбодог. 70 настай Ши дарга ч тэр, 79 настай Чонг ерөнхий нарийн бичгийн дарга ч тэр хоёул өрнөдийн ардчилсан үнэт зүйлсийг хүлээн авдаггүй коммунистууд, авторитар удирдагчид юм. Тэд нам улс төрийн амьдралыг хатуу гараар хянах ёстой гэдэгт итгэдэг.

Гэвч тэдний стратегийн байр суурь ялгаатай.

Хятад улс нь АНУ тэргүүтэй нэг туйлт дэлхийн тогтолцоог сорин, бүс нутагтаа ноёрхогч хүч болохоор зэхэж буй их гүрэн.

Харин Вьетнам нь “дундаж” улс. Вьетнамын хүн ам нь 100 сая бол газар нутгийн хэмжээ нь Германтай дүйцэхүйц хэдий ядуу орон хэвээр. Нэг хүнд ногдох ДНБ-ээр тус улс Хятадаас гурав дахин ядуу.

Ханой хоорондоо өрсөлдөгч Хятад, АНУ болон уламжлалт сайн харилцаатай Оростой харилцах харилцаандаа тэнцвэрийг хадгалах замаар аль болох томоохон ашиг хүртэхийг хүсэж байна. Нгуен Фу Чонг үүнийг хулсан дипломат бодлого хэмээдэг. Өөрөөр хэлбэл дөрвөн “гүй” дээр суурилсан уян хатан гадаад бодлого. Үүнд цэргийн эвсэлд орохгүй, аль нэг улсын гуравдагч улстай хийж буй сөргөлдөөнд орохгүй, гаднын цэргийн бааз байршуулахгүй, гадаад харилцаандаа хүч хэрэглэхгүй гэсэн зарчим багтдаг.

Вьетнамын бодлого нь бүс улстай найрсаг харилцааг хөгжүүлж, хэнтэй ч дайсагнахгүй байх явдал.

Харин Хятад улс Вьетнам, АНУ-ын харилцаанд ач холбогдол өгдөггүй. Энэ бол зүгээр л Хятадын нөлөө, Хятадын бүс нутагтаа явуулж буй бодлогоос хамгаалах нэг хэлбэрийн баталгаа. яХятад ул

Вьетнамын эрх баригчдын үзэж буйгаар Хятад улс нь ижил тэгш олон найзуудын дунд нэгт байх ёстой. Гэсэн хэдий ч Хятад, Вьетнамын харилцаа нөхцөл байдлын барьцаанд байсаар л байна. Өмнөд Хятадын тэнгис дэх нөхцөл байдал хурцдах эсвэл Вьетнамын хувьд бүдүүлэг гэж үзэх боломжтой Хятадын ямар нэгэн үйлдэл хоёр улсын харилцааг муутгах магадлалтай. Эх сурвалж: ВВС

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.114.14) 2023 оны 12 сарын 14

Ядаргаатай юм бэ

0  |  0
Top