Өнгөрсөн бямба гарагт дуучин Тэйлор Свифтийн Нью Йорк дахь орон сууц руу нэвтрэхийн завдсан этгээдийг цагдаа нар саатуулан баривчилжээ.
Нью-Йоркийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр цагдаа нарт Франклин гудамжинд нэг хүн эмх замбараагүй байдал үүсгээд байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу очход нэгэн эр тухайн байршил дахь орон сууцны гадаах хаалгыг онгойлгохыг завдаж байсан аж.
Цагдаа нар сэжигтнийг чухам хэн болохыг зарлаагүй байгаа бөгөөд Тэйлорын байр руу орохыг завдсан эсэхийг мөн тогтоогоогүй байна гэжээ. Гэсэн ч хэргийн газар байсан гэрчүүд тухайн этгээдийг Тэйлорын гэр рүү орохыг завдсан болохыг гэрчилжээ. Мөн тухайн этгээд хэдэн долоо хоногийн турш энэ хавиар эргэлдэж, чангаар хашхирах, шатан дээр унтах зэрэг хачин жигтэй үйлдэл гаргаж байсан бөгөөд Тэйлорын хөрш түүнээс юу хийж байгаа тухай нь асуухад сэжигтэн "Би Тэйлортой уулзмаар байна" хэмээсэн байх аж.
Тэйлорыг мөшгиж, гэрт нь орохыг завдсан хэрэг өмнө нь хэд хэд гарч байсан. 2019 онд Рожер Альварадо хэмээх эр Тэйлорын Трибека дахь байшинд нь орохыг завдсан хэргээр баривчлагдаж байсан. Шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож байсан бол 2022 онд Жошуа Кристиан гэгч эрийг Тэйлорыг муж дамнан мөрдсөн хэргээр баривчилж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )