Ян Хён Сог 20 тэрбум воноор YG-ийн хувьцааг худалдан авчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 23

 

Ян Хён Сог 20 тэрбум воноор YG энтертайнментийн хувьцааг худалдан авч хувьцаагаа 16.8 хувиас 19.3 хувь хүртэл өсгөжээ. 

MBC-ийн мэдээлэлд дурдснаар Ян Хён Сог YG энтертайнментийн нийт 461,940 ширхэг хувьцааг дунджаар 43,300 воноор худалдан авсан бөгөөд тус энтертайнментийн номер нэг хувьцаа эзэмшигч хэвээр байна. Жагсаалтын хоёрдугаарт Naver, гуравдугаарт Үндэсний тэтгэврийн алба бичигджээ. 

Түүний энэхүү худалдан авалт нь тус энтертайнмент цаашид үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх болно гэдгийг илтгэж буй үйлдэл хэмээн олон нийт үзэж байна. Тус энтертайнментийн харьяа үйл ажиллагаагаа явуулдаг BLACKPINK хамтлаг гэрээгээ сунгасан бол саяхан дебютээ хийсэн BABYMONSTER хамтлаг ирэх хоёрдугаар сарын 1-ний өдөр шинэ клипээ цацаж, дөрөвдүгээр сард мини цомгоо гаргана. TREASURE хамтлагийн хувьд гуравдугаар сард эргэн ирэлтээ хийх ажээ. 

YG Entertainment энэ жилийн төлөвлөгөөнийхөө тухай "Бид энэ жил доод тал нь нэг шинэ хамтлаг олон нийтэд танилцуулах зорилго тавин ажиллаж байна. Дотоод болон гаднын улсуудад шалгаруулалт хийж дэлхийн хэмжээний шинэ залуу авьяастан нээн илрүүлэх, хөгжүүлэх төслийг эхлүүлээд байна. 

Энэ жил бид уран бүтээлчдийнхээ үйл ажиллагаагаар дамжуулан өсөж, хөгжин, дэлхийн зах зээл рүү чиглэж, хувьцаа эзэмшигчдийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх болно. Гүйцэтгэх продюсер Ян Хён Сог хувьцаа худалдан авсан нь бидний хичээнгүйлэн ажиллах хүслийг илтгэж байна" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top