Найман жил гаж донтоны барьцаанд байсан Наташа Кампушийн ТҮҮХ

2024 оны 02 сарын 04

Австрийн зохиолч Наташа Кампуш 10 настайдаа сураггүй алга болж, гаж донтоны барьцаанд найман жил байсан түүх их аймшигтай. Австри охины түүхээр олон кино бүтээж, ном бичсэн байдаг. “3096” гэх кино төсөл нь хамгийн их шуугиан тарьсан юм. Наташа Кампуш өөрөө ч аймшигт он жилүүдийнхээ тухай ном бичиж, хоригдож байсан байшингаа худалдаж аван сэтгэлзүйн гэмтлээ ялж, хожим нь өөрийн гэсэн тв шоу хийн, сайн үйлсийн ажилд оролцох болсон билээ. Түүний түүхийг өгүүлье. 



1998 оны гуравдугаар сард 10 настай Наташаг нэгэн этгээд хулгайлж, байшиндаа аваачин хорьжээ. Вольфганг Приклопил гэгч уг эрэгтэй Наташаг сургууль руугаа явах замд нь харуулдаж байгаад хулгайлсан бөгөөд байшингийнхаа подвалд найман жил гаруй хорьсон аймшигт түүхтэй. Тэрээр Наташаг өвөөгийнхөө бөмбөгдөлтөөс хоргодох байр болгон бий болгосон подвалд хорьж, зодож, бэлгийн дарамт үзүүлж байжээ. Хоригдсон эхний жил гаруйн хугацаанд охин подвалаас өөр газар хараагүй бөгөөд өдөр бүр зодуулдаг байв. Нэлээд хугацааны дараа гаж донтон Вольфганг Приклопил Наташаг цэцэрлэг рүү гаргаж, бүр гэрээсээ гарган цанын бааз руу авч явсан удаа ч байдаг аж. Гэхдээ охинд зугтах боломж огт гараагүй тухай ярьсан байдаг.

Охиныг хорьж байсан өрөө 

Харин 2006 онд Наташад зугтах боломж гарчээ. Барьцаалагч Наташад машин цэвэрлэхийг тушаасан бөгөөд охин ажлаа эхлэхэд утас дуугарч, Вольфганг Приклопил утас авахаар явсан байна. Энэ хойгуур Наташа тоос сорогчийг асаалттай орхин зугтжээ.

Охин хэдэн байшин өнгөрөөд нэг айлын хаалга тогшиж, хөрш эмэгтэй нь цагдаа дуудсанаар аврагдсан аж. Харин Вольфганг Приклопил Наташаг зугтсаныг мэдээд амиа хорлосон байна. Охины ярьснаар тэрээр “Цагдаа нар намайг хэзээ ч амьд барьж чадахгүй” гэж хэлдэг байжээ.

Наташа найман жилийн хорионы дараа маш туранхай, бие нь зодуурын ул мөрүүдтэй, харилцаж чадахаа больсон байсан ч сэтгэлзүйн байдал нь хэвийн байсан нь гайхалтай байв. Тэр ч бүү хэл охин гэмт хэрэгтнийг өрөвдөж, хамгаалж байжээ. Энэ нь Наташа хэрэгтэнтэй сэтгэлзүйн хувьд холбоотой болсон хам шинжийг харуулсан юм. Стокхольмын синдром буюу барьцаалагдаж, аргагүй байдалд орсон хүмүүс тухайн гэмт этгээдийн гаргасан ганц нэг өгөөмөр үйлдэлд нь баярлаж, түүнийг сайн хүн мэтээр бодож, хамгаалж эхэлдэг хам шинж Наташад илэрсэн талаар сэтгэл судлаач нар ярьсан байдаг. Түүнчлэн охин гаж донтны талаар "Би тийм ч муу хүнд барьцаалагдаагүй байсан. Тэр миний үеийнхэн шиг тамхи татаж, согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. Тэр амьд байсан бол намайг дэмжиж байсан" гэж ярьж, Австридаа ад үзэгдсэн билээ.    

Хэрэгтний сэдэл нь тодорхой бус байсан бөгөөд цагдаа нар түүнийг Наташаг хүчирхийлдэг байсан гэж үзсэн ч баталгаа олдоогүй аж. Наташа ч бэлгийн хүчирхийллийн талаарх асуултад хэзээ ч хариулт өгөхгүй гэдгээ ярилцлага өгөхдөө хэлж байв. Зарим мэдээллээр охиныг дарамттай гэр бүлд өссөн, харгис ээжтэй байсан гэдэг аж. 

Одоо Наташа Кампуш хүчирхийлэлтэй тэмцэх сангийн ажилд идэвхтэй оролцож, ном бичиж, зураг зуран аз жаргалтай амьдардаг. Тэрбээр мөн “Natascha Kampusch trifft” гэх шоугаа хийж, 2010 онд хэдэн сэтгүүлчтэй хамтран “3096 өдөр” нэртэй номоо хэвлэсэн билээ.

Түүнчлэн 2016 онд Наташа найман жил хоригдож байсан байшингаа худалдаж авсан нь хүмүүсийг гайхшируулсан юм. Сэтгэл судлаач нар түүний энэ үйлдлийг сэтгэлзүйн гэмтлээсээ салах арга гэж тайлбарлажээ. Охин хамгийн аймшигт дурсамжууд нь хадгалагдаж байгаа байшинг худалдаж авснаар хохирогчийн сэтгэлзүйгээсээ салах арга хэмжээ авсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top