Тэтгэврийн насны хүн ам 2020 онд хүн амын 9.85 хувийг эзэлж байсан бол 2030 онд 13.37, 2050 онд 19.42 хувь болж, Монгол Улсын хүн амын дотор ахмад настны эзлэх хувь өсөх хандлагатай байна.
Үүнтэй холбоотойгоор ахмадууд гэр бүлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртөх нь нэмэгдсэн байх ба өнгөрсөн онд 698 буюу 34.8 хувиар өссөн тоон үзүүлэлт байна.
Тэгвэл ахмад настан та дараах эрхийг ЭДЛЭХ ЭРХТЭЙ:
-Эрүүл мэндийн байдалд нь харшлахгүй бол ахмад настан өөрийн хүсэл, сонирхлын дагуу бие даан амьдрах эрхтэй.
-Хүнс тэжээл, орон байраар хангагдах, ахуйн болон эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхтэй бөгөөд ахмад настанд олгох тэтгэвэр, тэтгэмжийг холбогдох хуулиар зохицуулна.
-Хүсэл, сонирхол, эрүүл мэнд, мэдлэг, чадвартаа тохирсон хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхтэй.
-Үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, гэр бүлийн гишүүнээс туслалцаа, дэмжлэг авах эрхтэй.
-Нийгмийн амьдралд оролцох эрхтэй бөгөөд бие даан, эсхүл ахмадын байгууллага, хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан өөрийн хүсэл, сонирхол, ур чадварт тохирсон хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ, тусламж авах, нийгэмд тустай сайн дурын үйл ажиллагаанд оролцож болно.
-Нэр төрөө хүндлүүлэх эрхтэй бөгөөд төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн төсөл боловсруулахад саналаа өгөх, хэрэгжилтэд нь зөвлөх, залуу үед мэдлэг, туршлага, ур чадвараа хуваалцах, өвлүүлэн үлдээх хэлбэрээр нийгмийн үйл хэрэгт оролцоно.
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу авах эрхтэй.
-Өөрийгөө хөгжүүлэх эрхтэй бөгөөд өөрийн чадавхыг хөгжүүлэх бололцоогоор хангагдах, сургалтад хамрагдах хэлбэрээр энэ эрхээ эдэлнэ.
-Өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, барьцаалахыг хориглоно.
-Гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч нь ахмад настныг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, нийгмийн харилцаанд оролцоход нь саад учруулах, хязгаарлах, түүнийг хөгжих, асран сувилах үйлчилгээнд хамруулахаас зайлсхийхийг хориглоно.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд дурдсанаар, ахмад настнуудын нийгмээс тусгаарлагдах, тэгш эрх, тэгш боломжоо алдах, аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл дарамтад өртөх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож түүний үр шимээс хүртэх боломжоо хязгаарлуулах зэрэг олон асуудал тулгарч байна.
Энэ сэдвийн хүрээнд анхаарал хандуулах шаардлагатай нэг хэсэг нь бол судалгаанд хамрагдсан ахмад настнуудын 4 хүн тутмын 1 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан гэжээ. Гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас хохирсон ахмад настны тоо 2021 онд 632 байсан бол 2022 онд 968 буюу 34.8 хувиар нэмэгдсэн байна.
Энэ нь зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хуулийн болон төрийн бус байгууллагад хандсан ахмадын тоо бөгөөд үүний цаана хандаагүй, бүртгэлд ороогүй, хаана хандахаа мэдэхгүй хэдэн ахмад байгаа нь тодорхойгүй байгааг тэмдэглэж байв. Ахмад настнууд эдийн засгийн, үл хайхрах хүчирхийлэлд хамгийн их өртдөг байна. Тиймээс эрэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх зэрэг зорилтот бүлгийн хэрэгцээ, хүйсийн ялгаатай байдалд нийцүүлж хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийг төрөлжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.
Сэтгэгдэл ( 0 )