Б.Амарсайхан: Монголоос анх удаа АНУ-д албан ёсны эрхтэйгээр зураг авалтаа хийсэн

2024 оны 03 сарын 01

 

Жүжигчин Б.Амарсайханы зохиолыг нь бичиж, найруулсан “Орлон тоглогч” олон ангит кино өчигдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр "Corporate Convention Center"-т нээлтээ хийлээ. 

“17” продакшн болон “Voo”-тэй хамтран бүтээсэн сэтгэлзүйн драм төрлийн уг олон ангит киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл, Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тогложээ. 

 

 

Киноныхоо тухай жүжигчин Б.Амарсайхан "Бид "Хохирогч" олон ангит уран сайхны киноныхоо дараа олон ангит киноны амтанд орсон гэж хэлж болно. Сериал их гоё юм байна, үзэгчид маш ихээр байлдан дагуулж, хүлээлт үүсгэдэг юм байна. Би сериалаас их хол хүн байсан л даа. Гэхдээ "Марко Поло" кино мөн цуврал байсан. Үүнээс санаа аваад хийсэн эхний цуврал маань амжилттай болсон. "Монгол" уран сайхны киногоо хийж байх үед сериал хийе гэсэн бодол яваад байсан юм. Тэгээд өнгөрсөн оны тав, зургаан сараас эхлэн зохиолоо ярилцаж эхэлсэн. Тэгээд АНУ-д киногоо танилцуулж явахдаа Нубад санал тавьсан юм. Дараа нь Монголд ирээд хамтдаа суугаад 7 хоногийн дотор эхний 8 ангийнхаа зохиолыг гаргасан. Үүнийгээ продюсерууддаа танилцуулаад ажлаа эхлүүлсэн. 7 дугаар сараас эхлэн зураг авалт 100 хоног орчим үргэлжилсэн. АНУ-ын Лос Анжелес, Чикаго хотуудад болон Дархан, Эрдэнэт,  Улаанбаатар хотуудад мөн зураг авалтаа хийсэн.

 

 

Гаднын оронд зураг авалт хийхэд асуудал их тулгардаг. Нууцаар камераар зураг авалтаа хийхээс эхлээд асуудал их. Харин энэ удаад бид Монголоос анх удаагаа даатгалаа төлөөд, талбайн түрээсээ төлөөд хууль ёсны дагуу зураг авалтаа хийсэн" гэлээ. 

Жүжигчин Б.Амарсайханы зохиолыг нь бичиж найруулсан "Хохирогч" олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж чамгүй өндөр үнэлгээ авсан. Харин тэрээр энэ удаад чухам ямар түүх өгүүлэх бол? Үүний хариултыг долоо хоног бүрийн пүрэв гарагт "VOO" аппликейшнаар хүлээн авч үзэх боломжтой. 

Ингээд "Орлон тоглогч" олон ангит киноны нээлтийн ёслолын зургуудаас хүргэе. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.191.169) 2024 оны 03 сарын 01

баяр хүргэе сайн байна залуус минь

0  |  0
Top