“International Budget Partnership" буюу “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2023 оны дүнг дэлхий даяар танилцууллаа.
Тус байгууллагаас уг судалгааг хоёр жил тутамд эрхлэн гаргадаг юм. Төсвийн нээлттэй байдлын ес дэх судалгаанд дэлхийн 125 орныг хамруулжээ.
Нээлттэй Нийгэм Форум нь Олон улсын төсвийн түншлэл байгууллагын түншээр ажиллаж Монгол Улсын судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулж ирсэн.
Манай улс 2006 оноос энэхүү судалгаанд нэгдэж, улсын төсвийн ил тод байдал, төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал, төсвийн хяналтын тогтолцооны түвшнээ дэлхийн 100 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм.
Тэгвэл Төсвийн нээлттэй байдлын ес дэх удаагийн буюу 2023 оны олон улсын судалгааны дүнгээс харахад Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байгааг Нээлттэй Нийгэм Форумын зүгээс тодотгож байна.
Сангийн яамнаас уг судалгааны дүнгийн талаар мэдээлэхдээ, Монгол Улсын Төсвийн нээлттэй байдлын индекс 62 оноо авч нийт 125 орноос 36 дугаарт эрэмбэлэгдсэн нь өмнөх судалгааны дүнгээ 2 оноогоор ахиулж, төсвийн нээлттэй байдал хангалттай түвшинд хүрлээ. Энэ нь Сангийн яамны төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг сайжруулах чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон Монгол Улсын Засгийн газар, олон улсын түнш байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт үр дүнгээ өгч байгааг харуулж байна" хэмээн тодотгосон.
Харин Нээлттэй Нийгэм Форумын зүгээс мэдээлэхдээ, "Нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 62 авсан бол олон нийтийн оролцоогоор дөнгөж 19 авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 80 оноогоор үнэлэгджээ. Монгол Улсын төсвийн ил тод байдал дээшилж байгаа нь Төсвийн нээлттэй байдлын судалгаанаас харагдлаа" гэсэн байна.
Монгол Улс дараах арга хэмжээ авснаар төсвийн мэдээллийг илүү нээлттэй болгожээ:
Төсвийн хагас жилийн тайланг цахим хэлбэрээр нийтэлсэн.
Төсвийн ил тод байдлыг үнэлэхдээ төсвийн 8 үндсэн баримт бичиг цахим хэлбэрээр, цаг хугацаандаа нийтлэгддэг, иж бүрэн эсэхийг судалдаг. Төсвийн ил тод байдлын 61 болон түүнээс дээш оноо нь тухайн улсын иргэд төсвийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнд мэдээлэлтэйгээр оролцоход хангалттай мэдээллийг Засгийн газрын зүгээс нийтэлж буйг илтгэнэ.
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоо
Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй бөгөөд төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэй юм.
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 19 оноо авчээ. Энэ нь манай улсын Засгийн газрын зүгээс төсвийн үйл явцад олон нийтийг оролцуулах тал дээр анхаарах шаардлагатайг харуулж байна.
Төсвийн үйл явцад олон нийт оролцох боломжийг гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагын зүгээс төсвийн мөчлөгийн бүхий л шатанд олгох нь зүйтэй юм.
Хууль тогтоох хийгээд аудитын дээд байгууллагууд улсын төсвийг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Судалгаагаар Монгол Улсын эдгээр байгууллагын зүгээс төсөвт тавих хяналтын тогтолцоо хангалттай байгаа нь харагдлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын хувьд 75 оноо, Төрийн аудитын байгууллагын хувьд 89 оноо тус тус авчээ.
ЗӨВЛӨМЖ
Судалгааны дүнд тулгуурлан Монгол Улсын гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагуудад хандан дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:
Төсвийн ил тод байдлыг дээшлүүлэх чиглэлээр
Төсвийн ил тод байдлыг сайжруулахын тулд Монгол Улс дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:
Төсвийн хагас жилийн тайланд макро эдийн засгийн гүйцэтгэл болон шинэчлэгдсэн таамаглалын харьцуулалт, эдийн засгийн болон хөтөлбөрийн ангиллаарх төсвийн зарлагын тооцоолол болон орлогын дэлгэрэнгүй мэдээллийг тусгаж мэдээллийн иж бүрэн байдлыг нэмэгдүүлэх.
Баталсан төсөвт тухайн жилийн орлогын мэдээллийг эдийн засгийн иж бүрэн ангиллаар, зарлагын мэдээллийг эдийн засгийн иж бүрэн ангилал болон чиг үүргийн ангиллаар тооцон оруулах.
Төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцоог сайжруулах чиглэлээр
Монгол Улсын Сангийн яам иргэдийн оролцоог цаашид улам бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг эн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай:
Төсөв боловсруулах үе шатанд олон нийтийн оролцоог хангах аргуудыг туршилтын журмаар нэвтрүүлж эхлэх;
Эмзэг болон төлөөлөл багатай бүлгийг шууд, эсвэл тэдгээрийг төлөөлдөг иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан төсвийн хэлэлцүүлэгт идэвхтэй татан оролцуулах.
Улсын Их Хурал дараах арга хэмжээг чухалчлан хэрэгжүүлэх шаардлагатай:
Олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч төсөв батлагдахаас өмнөх хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх.
Олон нийтийн, эсвэл иргэний нийгмийн байгууллагын аливаа төлөөлөгч аудитын тайлан хэлэлцүүлгийн үеэр сонсголд оролцож мэдүүлэг өгөх боломж бүрдүүлэх.
Үндэсний аудитын газар төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авах шаардлагатай:
Холбогдох аудитад иргэд хувь нэмрээ оруулах албан ёсны механизмыг бий болгох.
Аудитын хөтөлбөрөө тодорхойлохдоо иргэдийн саналыг хэрхэн ашигласан талаар олон нийтэд мэдээлэх.
Төсвийн хяналтыг сайжруулах чиглэлээр
Улсын Их Хурал төсвийн төлөвлөлтийн үед хангалттай түвшний хяналт тавьдаг хэдий ч төсвийн гүйцэтгэлийн үе шат дахь хяналт хязгаарлагдмал байна. Хяналтыг цаашид сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг чухалчлан авч үзэх шаардлагатай:
Хууль тогтоох байгууллагын байнгын хорооноос төсвийн гүйцэтгэлийн жилийн явцын тайланг хэлэлцэж, гарсан дүгнэлтийг цахимаар нийтэлж байх.
Төсвийн жилийн дундуур төсвийн хөрөнгийг захиргааны нэгжүүдийн хооронд шилжүүлэх тохиолдолд хууль тогтоох байгууллагатай зайлшгүй зөвшилцдөг байх зэрэг зөвлөмж хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )