Б.Батцэцэг: Монгол Улсын Гадаад харилцааны сайд нараас гурван хүн Галуут сумын угшилтай

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 06 сарын 16

УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Батцэцэг Баянхонгор аймгийн Галуут сумын нутгийн  зон олонтой уулзах үеэрээ ийнхүү ярилаа


...Манай Галуут сум Монголын түүхэнд мөнхөрсөн олон алдартныг төрүүлсний зэрэгцээ нэгэн онцгой содон амжилтыг бий болгосон сум аа. Тэр нь юу вэ гэвэл Монгол улсын Гадаад харилцааны сайд нараас гурвын гурван хүн Галуут сумын угшилтай юм. Тэдгээр нь М.Дүгэрсүрэн, Г.Занданшатар хийгээд миний бие билээ.  Монгол улсын Гадаад харилцааны сайдаар үнэмлэхүй олон жил ажилласан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд 20 удаа оролцохдоо Монголын төлөөлөгчдийг 10 удаа тэргүүлсэн гэх зэрэг маш олон гавьяат үйлсийн эзэн Мангалын Дүгэрсүрэн гуайг гадаад харилцааны мэргэжилтнүүд XX зууны Монголын манлай дипломатч гэж зүй ёсоор үздэг. М.Дүгэрсүрэн гуайн 100 жилийн ойг бид 2022 онд ёслол төгөлдөр тэмдэглэж, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг түүний нэрэмжит болгосон юм. УИХ-ын дарга, Галуут нутгийн угшилтай Г.Занданшатар 2009-2012 онд Гадаад харилцааны сайдаар ажилласан бол одоогийн сайд миний бие уг гарлаараа мөн энэ сумын хүн билээ.

...Аавын минь ямагт ярьж дурсаж байдаг асан Гурван алагийн нуруунаас өгсүүлээд Галуутын хавцал, Баяннуур, Өхөгийн рашаан, Үүдийн шавар, Өргөөтийн харз, Эрдэнэтээл, Цэцгийн хонхор зэрэг үзэсгэлэнт газруудтай, рашаан ус, нуур гол, ан амьтад элбэгтэй, алт, усан болор, утаат болор, хаш зэрэг эрдэнийн чулууг хэвлийдээ хадгалсан өгөөж баян нутаг билээ. Манай нутгийн Сүмбэрийн голоос 1957 онд Монголын хамгийн том буюу 152 кг ногоон хаш чулуу олдсон хэмээн аав маань бидний багад ярьдаг байсан нь санаанд үлджээ. Хэл шинжлэлийн гарамгай эрдэмтэн Я.Цэвэл, Ц.Шагдарсүрэн, дэлхийн аварга З.Дэлгэрдалай, Монголын телевизийн домог болсон нэвтрүүлэгч Ж.Батбаяр, Гавьяат малчин Ц.Шарав, Гавьяат тээвэрчин А.Балжинням нарын олон алдартныг төрүүлсэн элгэн халуун нутагтаа зон олонтой уулзаж, тэднийхээ санаа бодлыг хуваалцан, захиа даалгаврыг нь сонсож явна.
 


...Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлыг иргэд ойлгон дэмжиж, шударга ёсны төлөө тэмцэл, “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа нь харагдлаа. Мөн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тооцоо судалгаатай, хэрэгжих бололцоо сайтай мөрийн хөтөлбөр хэмээн дүгнэж байна. 2020 онтой харьцуулахад сонгогчдын боловсрол мэдэгдэхүйц ахижээ.

...Нийгэмд гарч буй эерэг өөрчлөлтүүдийг хөндөн ярьж, энэ талаар санаа бодлоо уралдуулж байна. Өнгөрсөн хугацааны алдаа завхралыг засч залруулахаар Засгийн газар өөрөө санаачлага гарган зоригтой ажиллаж байгааг олон нийт ойлгож дэмжин, шударга ёсны төлөө тэмцлийг цаашид тууштай үргэлжлүүлээсэй хэмээн хүсч байгааг нүдээр харлаа. Тэдний хүсэл биелнэ, ард түмэн ялна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top